Төвбанк Засгийн газартайгаа хамтран ажилласан жишээ олон

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Төвбанк Засгийн газартайгаа хамтран ажилласан жишээ олон

Сүкдэйв Сингх: Төвбанк Засгийн газартайгаа хамтран ажилласан жишээ олон


Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбооны гүйцэтгэх зөвлөлийн 12 дахь хурал, хурлын өмнөх дээд түвшний семинар есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон билээ. Тус хуралд оролцсон Малайз улсын Төвбанкны дэд ерөнхийлөгч Сүкдэйв Сингхтэй цөөн хором ярилцлаа. Бидний ярилцлага Төвбанк, Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, түүний зохистой түвшин, Төвбанкны хараат бус байдлын талаар өрнөсөн юм.

-Төвбанк Засгийн газраас хараат бусаар ажиллах ёстой. Гэхдээ хамтарч ажилласан туршлага байдаг уу?

-Төвбанк, Засгийн газар нэг л зорилготой. Тэрхүү зорилго нь нийгмийн амьжиргааг дээшлүүлэх. Хэдий эдгээр хоёр байгууллагын зорилго нэг боловч зарим талаараа ялгаатай. Төвбанк нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм уу, эсвэл яамны бүтэцтэй байдаггүйн гол шалтгаан нь улс төрөөс ангид байх. Мөн макро эдийн засгийн дунд хугацааны хөгжил болоод дээр тэмдэглэсэн нийгмийн амьжиргааг анхаарч байх үүргийг давхар хүлээж байдаг. Тиймээс Төвбанк улс төрийн нөлөөллөөс хол байх учиртай. Хэрэв Төвбанк Засгийн газрын нэгж байсан бол бодлогын хүү улс төрөөс хамаарч савлах эрсдэлтэй. Энэ нь эдийн засагт тогтворгүй байдал үүсгэхийн сацуу богино хугацаанд эдийн засагт сайн нөлөөтэй байх ч дунд буюу урт хугацаандаа сөргөөр нөлөөлнө.

-Төв банк Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа ямар түвшинд байвал зохистой вэ?

-Хэдийгээр Төвбанк нь Засгийн газраас хараат бус байх боловч түүхэнд Төвбанк Засгийн газартайгаа хамтран ажиллаж байсан жишээ олон бий. Тухайлбал, Төвбанкинд эдийн засагчдын маш хүчтэй арми бэлтгэгдэж байдаг учраас Засгийн газарт эдийн засгийн бодлогын талаар зөвлөгөө өгөх, санал боловсруулахад хамтран ажиллах боломжтой. Мөн бодит эдийн засгийг дэмжих үүднээс Төвбанк Засгийн газартаа санхүүгийн дэмжлэг үзүүлж болно. Гэхдээ зохимжтой гэж үзсэн түвшинд санхүүжилт олгох учиртай. Өөрөөр хэлбэл, тогтоосон хэмжээнээс хэтэрч болохгүй. Нөгөө талаасаа Төвбанк Засгийн газарт санхүүжилт олгоогүй тохиолдолд эдийн засагт үүсч болох эрсдэлийг тооцох хэрэгтэй. Төвбанк хараат бус байхын зэрэгцээ Засгийн газарт мэргэжлийн итгэлтэй түнш буюу сайн зөвлөгч болох боломжтой. Гэхдээ төр нь Төвбанкаа сонсдог байх хэрэгтэй.

Б.ТОГТОХ
Эх сурвалж: www.MongolianEconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж