Нэг аяга сүү уумаар байна

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Нэг аяга сүү уумаар байна

“Сүү аваарай… Нэг литр нь 1000 төгрөг шүү”. Байрны гадаа ийн хашгирч зогсох малчин цөөнгүй бий. Зуны цагт бол бүр элбэг. Тэдний зарим нь тэр хавийн байрныхантайгаа хэдийнэ танил болчихсон байна. Сүү нь өтгөн, амттай байх юм бол хүмүүс өнөөх малчинд ам сайтай гэж жигтэйхэн. Ингээд л “Нөгөө хэн чинь сүүгээ аваад ирсэн байна. Дуусчихаас нь өмнө гялс гарч авъя” гэх зэргээр бие, биеэсээ өрсөхийг хичээнэ. Ингэж байрны гадаа өдөр бүр сүүгээ зарж буй малчны сав нь хоосорч, түрийвч нь түнтийгээд л буцдаг. Үнээний цэвэр сүүнд хүмүүс ингэж л дурладаг юм. Тэр тусмаа найдвартай хүнээс авч байгаа бол бүр ч дуртай байна.

Гаднаа орос бичигтэй хайрцагтай сүү юу, малчны гар дээрээс авах хувинтай сүү юу гэхэд алийг нь сонгох нь ч ойлгомжтой. Гэвч өнөөдөр монголчуудын хэрэглээний 70 орчим хувийг импортын сүү хангаж байгаа юм. Зөвхөн Улаанбаатарт л гэхэд нэг хүний хэрэглэж байгаа 100 грамм сүү тутмын 80 грамм нь импортынх байх аж. Яагаад ийм байна вэ. Мэдээж үүнд нөлөөлөх олон шалтгаан бий. Тал нутагт дураараа нүүдэллэн амьдардаг малчид төв суурин газарт хүрч амжаагүй байхад л сүү нь гашилчихна. Тэгэхээр өөрсдөдөө тэгж түвэг удаж байхаар аль нэг ченжид хямдхан өгчихвөл зүгээр. Харин нөгөө ченж нь ур чадвараа “ашиглаж” 80 литр сүүтэй байсан бол 120 литр болгож байгаад ашиг олох гэж үзнэ. Ингэж сүүгээ шингэрүүлэхдээ кола хүртэл хийчихдэг гэх юм билээ. Түүнээс гадна ямар ч эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй. Ченжид сүүгээ тушаасан аль нэг малчны үнээ нь өвчтэй байв уу, үгүй юу гэдгийг хэн ч мэдэхгүй. Тэгсэн хэрнээ л энэ сүүг тэр сүүтэй нь хольж хутгаад зарж орхино. Тийм ч учраас ченжийн гар дээрээс сүү худалдаж авах нь маш их эрсдэлтэй юм. Ингээд ойр хавьдаа таньдаг мэддэг малчин байхгүй бол хүмүүс дэлгүүрийн лангуун дээрх импортын сүү рүү явахаас өөр аргагүй болжээ. Түүнчлэн өвлийн улиралд үнээний цэвэр сүү бүр олдохоо байна. Литр тутмынх нь 2000 төгрөг ч хүрнэ. Мөн бяслаг, тараг мэтийн сүүн бүтээгдэхүүнүүд ч импортынх л голдуу байх аж. Ааруул, ердийн бяслаг, шар тос зэргийг 1500 километрийн цаадах Ховд, Увсаас нийлүүлж болох ч экологийн шингэн сүү, тараг, зөөхийг 100 километрээс хол газ­раас тээвэрлэх боломжгүй байдаг нь нөлөөлдөг байна. 40 сая малтай, малчин ард түмэн гэж өөрсдөөрөө сайрхдаг бидний хувьд сүүний хэрэглээнийхээ дөнгөж 30 хувийг дотоодоосоо хангадаг гэж бодохоор даанч ичмээр. Хэчнээн олон ажлын байр нэмэгдэж, хэчнээн айлын амьжиргаа сайжирч, гадагшаа гарч буй хэчнээн их мөнгө дотоодын зах зээлд эргэлдэж болох вэ гэдгийг тооцож үзэхээр бүр ч харамсмаар. Одоо яах вэ.

Монголд жилд 400 сая литр сүү саадаг ба мөн төдий хэмжээний сүүний эрэлт байдаг гэх судалгаа бий. Гэхдээ бодит байдал дээр дөрвөн хүн тутмын нэг нь сүү ууж байгаагаас үүдэж 100 сая литр сүүний эрэлт л байдаг гэж салбарынхан нь дүгнэдэг аж. Тэр 100 саяас 30 гаруй сая литрийг нь дотоодын хэдэн компани боловсруулан нийлүүлдэг байна. Өвөл, зунгүй шингэн сүүгээр бү­тээгдэхүүнээ үйлдвэрлэдэг хүүх­дийн сүүний ганцхан үйлдвэр л бий. Төр засгаас энэ бүгдийг яаж анхаарч байна вэ. “Чингис” бондын хөрөнгөнөөс 22.6 тэрбум төгрөгийг Улаанбаатар, Төв аймаг, Дарханд сүүний дөрвөн үйлдвэр байгуула­хад зориулж байгаа. Тэдгээр үйлд­вэр нь хоногт 20-60 тонн сүү бо­ловс­руу­лах хүчин чадалтай хэмээн тоо­цож байна. Хэтдээ бол 2016 он гэ­хэд энэ дөрвөн үйлдвэр 50 шахам сая сүү боловсруулж, 216 орчим тэрбум төгрөгийг орлоготой, 320 ажлын байртай болно гэх мөрөө­дөл бий. Мөн “Сум хөгжлийн сан”-гаас 12.9 тэрбум төгрөгийн сан­хүүжилт гаргаж, өдөрт 500 литр сүү, цөцгийн тос, аарц гэх мэтийг үйлдвэрлэдэг 86 цехийг орон ну­тагт байгуулахаар болсон. Хөгж­лийн банкны эргэлтийн хөрөн­гийн зээлээс 9.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдийн хүчин чадлыг сайжруулах зорилт ч тавьж байгаа. Одоогийн байдлаар УИХ-аас “Монгол сүү” хөтөлбөрийн хүрээнд С.Бямбацогтын ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа билээ. Өмнө нь Засгийн газраас тогтоол ба­талж, “Цагаан хувьсгал” үндэс­ний хөтөлбөрийг 1999-2004 онд хэрэгжүүлж байв. Мөн эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, малын чанар сайжруулах мэтийн хөтөлбөрүүд ч хэрэгжүүлсээр байгаа. Улсаас албан ёсоор санаачлан санхүүжүүлсэн маш олон хөтөлбөр бий. Гэхдээ бодит байдал дээр төдийлөн ахиц гарахгүй хэвээр л байна. Өнгөрсөн хавар арьс ширний салбарыг дэмжин бонд гаргаж, үйлдвэрүүдэд хөнгөлттэй зээл олгон малчдын ноос, ноолууранд урамшуулал өгч байсан зэргээс нь мал аж ахуйдаа онцгой анхаарч байгаа гэмээр. Тэгвэл одоо сүүг ч бас анхаарах цаг болж.

Үүнтэй холбоотой гадны олон орны туршлага бий. Энэтхэгт л гэхэд сүүгээ гашилгахгүйн тулд хэдэн малчин нийлж шинэ техник худалдан авч, хоршоолол байгуулж байв. Хожим нь 3.1 сая гишүүнтэй, дэлхийн хэмжээний брэнд болсон “Амул” хэмээх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болсон. Орос, Украйнд тодорхой нэгдэл болж зохион байгуулалтад орсон сүүний компанийг гурван жил татвараас чөлөөлдөг аж. Мөн Орост тодорхой хэдэн цэгт сүү цуглуулж, хөргүүрийн системийг суурилуулж, нэг хариуцсан газраас сүүгээ авдаг болж. Нэг фермерийн сүү бусдадаа нөлөөлдөг учир эрүүл ахуйн шаардлагыг сайн тавьдаг болсон байна. Харин тухайн фермер тодорхой хугацааны дараа санхүүжилтээ нөхөж, хөргүүр, тоног төхөөрөмжөө эзэмших эрхтэй болдог аж. Энэ мэтчилэн олон жишээ бий.

Монгол Улсын Хүнсний тухай хуулинд сүүг “Стратегийн хүнс” хэмээн тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, сүүг зүгээр амттай болохоор нь уудаг юм биш, харин хүний биед зайлшгүй шаардлагатай эрдэс бодис, амин дэм сүүнд байдаг учраас уух шаардлагатай гэсэн үг юм. Сүүний хэрэглээ багассанаас үүдэж 1960 оноос хойш төрсөн хүмүүсийн дунд ясны сийрэгжилт нэмэгдсэн гэх мэдээ ч байдаг аж. Мөн 2000 оноос хойш төрсөн хүүхдийн өсөлт удаан, цус багадалттай, шүдний эмгэг ихтэй болох хандлага ч бий. Гэтэл 2006 оноос хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд өдөрт ганц аяга сүү өгч чадахгүй л байна. Олон улсад тогтоосон жишгээр бол хүн өдөрт 430 грамм сүү ууж байх ёстой гэдэг. Харин Улаанбаатарт нэг иргэн өдөрт дунджаар 100 грамм сүү хэрэглэдэг, гэхдээ түүнийх нь дийлэнх хувь нь импортынх, бас чанарын шаардлага хангахгүй ченжийн сүү юм. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага байгаа гэсэн үг. Уг нь хүн бүр өдөрт дор хаяж нэг аяга цэвэр сүү уугаад баймаар л байна шүү дээ.

Т.ЭЛИСА

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж