Дархан цаазат уулын бэл дэх “зуйгуул” иргэд

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Дархан цаазат уулын бэл дэх “зуйгуул” иргэд

-Иргэдэд өмчлүүлэх 23.2 га газар Зайсанд бий юу-

Зайсангийн иргэд зуй­гуул амьдралаар амьдарч бай­на. Хэдэн үеэрээ амьдарч ир­сэн газраа өөрийн болгож чадалгүй, хөрөнгө мөнгөтэй хүмүүст алдчихаад өнөөдөр Туулын эрэгт шахагдан, хэзээ үер болох бол гэхээс нойр нь хүрэхгүй өдөр хоногийг өнгөрөөж буй. Нийслэлийн Хан-Уул дүүр­гийн 11 дүгээр хороо буюу Зайсан орчмын иргэд газраа өмчлөх, ашиглах эрхгүй байсаар өдий хүрсэн. Энэ хорооны нутаг дэвсгэр нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг учраас иргэд газраа өмчлөх эрхгүй байдаг. 1995 онд гарсан Тусгай хамгаалалттай газ­рын ту­хай шинэчилсэн хуу­лийн да­гуу газрыг зөвхөн ашиг­лах эрх­тэй. Гэтэл уугуул иргэ­дэд нь олд­дог­гүй газар өмчлөх эрх нь хаус, таун, хотхон барих эрх­мүүдэд олдоод байдаг нь сонирхолтой.

БОГД УУЛЫН АМ БОЛГОН
ЭЗЭНТЭЙ БОЛЖЭЭ

Богдхан уулын арын ам, суга, жалга болгон эзэнтэй болчихсон учраас иргэд өөртөө ногдсон алга дарамхан газар дээрээ амьдрахчаан аядаж байна. Зайсан толгойгоос баруун тийш ХААИС-ийн оюутны II байрны баруун талд 50-иад айл өрх хагас дутуу хашаатай, энхэл донхол газарт шахалдан буужээ. Тэнд гудамж зам гэхээр юм үгүй бөгөөд “Туулын” гэх хаягаар л зорьсон айлаа зовж байж олох юм билээ. Энэ хорооны оршин суугчид  газраа өмчилж авахыг хүсэж, суулт хийгээд ч тусыг эс олсон. “Хороогоо татан буулгая, дүүргийн Засаг даргаа огцруулъя, хотын даргаа газар өгөөч” гэж хэчнээн суугаад, жагсаад ч дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болсон билээ. Тэдэн дунд сүүлийн 50 жил Зайсанд амьдарсан хүн ч байсан. Өнөөдөр Зайсангийн аманд айлд өгөх нь бүү хэл ТҮЦ барих ч жижигхэн газар алга. Хаяа хаяаг нь дэрлүүлэн барьсан хотхон, супермаркет, тансаг үйлчилгээ бүхий гоо сайхан, саун массаж, зугаа, цэнгээний газар олон. Бурхан багшийн сэрэг дүрийн баруун талын жижигхэн зайд дөрвөн блок бүхий урт орон сууцыг “хэдийдээ амжуулдаг байна аа” гэмээр хурдан босгожээ.

Одоо энэ хороонд харьяалалтай 70 гаруй өрх айл тансаг хотхон, таун хаусны дундаас харагдахгүй шахам байдалтай, голын эргийн бургасанд нөмөрлөн амьдарч байна. Дээвэр туурга гэхээр юмгүй, хар эсгий, цаасан хайрцгаар дөрвөн ханатаа гэрээ тойруулсан хижээл эрийн бор гэрийн дэргэд 11 дүгээр хороо байрлах арван давхар шинэ орон сууц сүндэрлэсэн нь тэнгэр газар шиг ялгаатай. Хороо хоринг нь хайж Зайсан толгойг нар зөв тойрон бэдэрч цаг гаруй явсны эцэст арайхийж оллоо. Хүмүүсээс асуугаад ч мэдэхгүй гэхээс өөр хариултгүй. Эндхийн хотхон, хаусны оршин суугчид хороо хориндоо бүртгэлтэй харьяалалтай байдаг нь хэд юм бол гэх бодол төрмөөр. Хуучин муу байшин, хашаа гэрт амьдардаг хоёр хүнээр заалган хороо руу нь очлоо. Хэн хүнээс нуугдаа юу гэлтэй нэг орцтой орон сууцны байрны хойд хаалгаар хороо руу орох бөгөөд хоёр хүн зөрж чадахтай үгүйтэй завсраар шурган орлоо. “Засаг дарга саяхан гараад явсан, асууж сураглах юм байвал утас руу нь залга” хэмээн хорооны ажилтан бололтой эмэгтэй утасны дугаар өглөө. Утас нь мөн л холбогдсонгүй. 

АРВАН ДАВХРЫН ДЭРГЭД ҮЛ ХАРАГДАХ БОР ГЭР

ХААИС-ийн оюутны дотуур байруудын баруун талаар гарч машин явдаг гэхэд үнэмшимгүй энхэл донхол замаар явсаар хашаатай айлуудын араар тойрлоо. Бургасанд шилбүүрдүүлэн Туул голын эрэг дээрх жижигхэн чөлөөнд гарвал гаднаа хог новш хөглөрүүлсэн, онгорхой бор гэр бургасны чөлөөнд харагдлаа. “Хүн байна уу” гэвэл гэр дотроос хижээл насны бор хүн гарч ирж байна. Энэ гэрт хүн амьдардаг гэхэд хэцүү. Нүүдэл суудал хийх гээд хамаг хувцас хунар, эд хогшлоо ундуй сундуй болгоод хаячихсан байдалтай. Хижээл эртэй уулзаж таван үг солилоо. Түүнийг Д.Цамбалгарав гэх ажээ. Тэрбээр “Манайх энд 20 гаруй жил амьдарч байна. Хороо, дүүргээс, бас Богдхан уулын захиргаанаас хөөж туугаад амьдрахад хэцүү. Энд буугаад хоёр сар гаруй л болж байна. Уг нь зөвшөөрөл өгөх юм гэсэн. Нийтийн байр, подваль, айлын хашаагаар дамжиж явсаар эндээ буцаад ирсэн. Манай энэ хавьд хаяггүй 50-иад айл бий. Бүгд энд олон жил амьдарсан айлууд” хэмээн хар буруу санасан зүйлгүй өгүүлж байна. Гэртээ ганцаараа амьдардаг гэх энэ эрийнх бууя гэхэд хашаагүй, өмчилье гэхэд газаргүй, айлуудын хашааны ард томхон бургасны нөмөрт ханаа дугуйлжээ. Өвөл хаяанд ирж, нэг л өглөө намрын хяруу унана. Гэрийн дулаалга, түлэх түлшээ яаж базаах бол гэхээс дотор хүйт даав. Эдний гаднаас буцаж эргэн, нэг эмэгтэйтэй уулзлаа. Тэднийх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Туулын 2-55 тоотод оршин суудаг. Мөн л 20 гаруй жил эндээ амьдарч байгаа гэнэ билээ. Энэ эмэгтэйг Н.Найманжин гэдэг.

-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу?

-Сайн. Намаржаа сайн уу.

-Танайх эндхийн айл уу?

-Тийм ээ. Энд 20 гаруй жил амьдарч байна. Архангай аймгаас шилжиж ирсэн.

-Танайх газраа өмчилж авсан уу?

-Уг нь хаягаа өгөөд гурван жил болж байна. Кадастрын зураг хийлгэсэн. Энэ хавийн айлуудын ганц хүсэл газраа өмчилж авах явдал шүү дээ. Хүн болгон хэлнэ дээ.

-Голын эрэг дээр юм байна. Үер усны аюул гайгүй юу?

-Ганц айдаг юм чинь тэр. Гол үерлэвэл ус яг ардуур тулж татаад байдаг юм. Далан л хийлгэмээр байна. Энэ зам засварынхнаас шороо их гарах юм. Одоо тэр Богины ам руу харж байна уу. Тэр их шороог энд асгаж болдоггүй юм байх даа.

-Богины ам гэснээс танай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, сайдууд Ц.Оюунгэрэл, Л.Болд нар Зайсангийн иргэдэд газрыг нь өмчлүүлэх талаар хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа юм билээ. Зайсангийн ам, Богины ам, Арцатын амны 700 гаруй айл өрх байдаг. Тэдэнд л газрыг нь өмчлүүлэх юм байх?

-Тэгж сонсогдсон. Хэрвээ өмчлүүлдэг бол сайхан л байна. 700 өрх нь ч юу юм бэ. Манай энэ хавьд л гэхэд 50-иад өрх айл л бий. Зайсан толгойн зүүн тал руу 20-30 айл байдаг гэж сонссон. Өөр бусдыг нь мэдэхгүй юм. Энэ Богины ам гэхэд нэг л хүний өмч байдаг гэж сонссон. Өөр хүн амьтан бол ойртуулахгүй. УИХ-ын гишүүн билүү, Бурмаа гэдэг хүний дүү Бадрал гэдэг хүн эзэмшдэг гэж дуулсан.

-Тийм үү. Их том ам шүү дээ?

-300 гаруй га талбай байдаг гэнэ билээ.

-Айлуудын хашааны газрыг харахад их жижигхэн юм. Танайх 0.007 га-даа хүрэх үү?

-Арай хүрэхгүй. Олдож байгаа нь тэр болохоор одоо яах вэ. Өмчлөөд авчихвал болж л байна. 

Тэрбээр ингэж ярьсан. Үнэн худлыг мэдэхгүй ч Богины ам нэг хүний эзэмшилд байдаг гэх яриаг урьд өмнө нь сонсож байсан болохоор очиж үзэхээр явлаа.

БОГИНЫ АМАН ДАХЬ “ХЭЛГҮЙ” БАРИЛГАЧИД

Богины аманд хоёр жилийн өмнө барьж байсан барилгын ажил одоо ч дуусаагүй. Барьсаар байна билээ. Энд ямар компани, юуны зориулалтаар барилга барьж байгааг тааралдсан хоёр гурван хүнээс асуусан ч “Мэдэхгүй” гэх мянган үгний таглаагаар хариулж байлаа. Хоёр жилийн өмнө ч яг ингэж хариулж байсныг бодохоор ажилтнуудынхаа амыг хааж чадсан бололтой юм билээ. Энэ аманд “Дүнжингарав тур” хаягтай бор банзан байшин нэлээд хэдэн жилийг элээж байна. Мөн шинээр “Berlin village” хотхон баригдаад эхэлчихжээ. Гаднах самбар дээрээ захиалга авах 999040… гэх утасны дугаарыг томоос томоор байрлуулжээ. Харин энэ утас нь дуудаад авдаггүй юм билээ. Энэ мэтчилэн зарахаар холбогдох утсаа бичсэн хаус, хотхон Богины ам, Зайсангийн ам, Нүхтийн ам, Залаатын аманд өч төчнөөнөөрөө байна.

“МЭДЭХГҮЙ”- МЯНГАН ҮГИЙН ТАГЛАА

Хүүшийн ам буюу Яармагийн урд аманд “Бетон арматур” компани аялал жуулчлалын зориулалтаар том хашаа хатгаж, хэд хэдэн байшин бариад эхэлчихэж. Түүнтэй залгуулан хаяа хязгааргүй хашаа хоёрыг ч хатгажээ. Сахиул бололтой айлаас энэ хашаа хэнийх, ямар зориулалтаар юу барих гэж байгаа юм бол. Зарах юм болов уу гэвэл бас л “мэдэхгүй” гэж байна.

Нүхтийн амны тухайд бол ярих ч юм алга. Уг амны баруун энгэрт улсын баяр наадмын хурдан морины уралдаан болж, хөл хөгжөөн дүүрэн байдаг байлаа. Харин хурдан морийг Хүй долоон худагт уралдуулдаг болсноос хойш энэ ам, энэ энгэр мөнгөтэй эрхмүүдийн сууц, хотхон болон зүсээ өөрчилжээ. Яармагийн урдуур тавьж буй шинэ замаас Нүхтийн ам руу салахад л том хашаануудыг эгнүүлэн хатгаж хоёр километр хүрэхтэй үгүйтэй яваад хувийн хаус, хотхонтой залгана. Энд дөрвөн жилийн өмнө ирэхэд Нүхтийн амны ганц амралтын газраас өөр барилга байшингүй байсан бол өнөөдөр сул газаргүй болсон байна. Хоёр блок бүхий гурван давхар цагаан байшинг зарахаар 991170…, дөрвөн блок бүхий улбар шар орон сууцны хананд 991943… гэсэн утаснуудыг томоор бичиж хаджээ. Түүнчлэн нэгэн ижил загварын саарал хауснуудыг зарах захиалга авахаар 992247… дугаарын утсыг тавьсан байв.

САЙН, БАС МУУ МЭДЭЭ

Зайсангаас Яармагийн гүүр хүртэл, Богд уулын араар тавьж буй хурдны замын ажил ид үргэлжилж байна. Зам засварын компаниуд, замын хүнд машин механизмууд ажлыг ч амжуулж байгаа бололтой. Өнгөрөгч наймдугаар сард “Скай ресорт” цанын баазын орчимд буудаллаж, замын ажил гүйцэтгэж буй “Эсто” компанийн харуул хамгаалалтын ажилтны буруугаас том оврын машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан. Энэ ослоос болж УБТЗ-д дөрвөн сая ам.долларын хохирол учирсан. Тэгвэл “Эсто” компанийнхан өрөө төлж эхэлсэн бөгөөд 1.5 сая ам.долларын өр төлсөн гэнэ билээ. Түүнчлэн энэ компанийнхан төмөр замыг засах ажилд ч тусалж байгаа гэсэн. Ажил хийж байгаа хүн алдаа дутагдал гаргах тохиолдол бий ч энэ алдаагаа ухамсарлана гэдэг сайн л хэрэг. Сайны хажуугаар саар мэдээ ч чих дэлсэв. Яармагийн гүүрээс зүүн тийш Маршалын гүүр хүртэл өндөр хүчдэлийн шугам татах ажлыг гүйцэтгэж байсан компанийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, золгүйгээр амиа алдсан хэрэг гарсан гэнэ. Өнгөрөгч бямба гарагт болсон үйл явдал. Эрчим хүчний барилга угсралтын ажил гүйцэтгэдэг “САТ” маркийн тракторын жолооч трактортойгоо уулын уруу унаж, нас барсан хэрэг гарсан байна. Хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн гэнэ.

ЗАЙСАНГИЙН ИРГЭДИЙГ ХУЛХИДАХ МЭРГЭН ТОГТООЛ

Богдхан уул дархан цаазтай, төрийн хамгаалалттай газар. Энэ уулын ам болгонд аялал жуулчлалын зориулалтаар олон арван иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх эрхийг олгосон үе үеийн Байгаль орчны сайдуудын буянаар өнөөдөр Зайсангийн уугуул иргэд нүдэнд орсон хог мэт болчихсон нь нууц биш. Аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл авсан хэрнээ амралтын газар, гэр буудал ажиллуулж байгаа нь олон. Залаатын аманд “Зэл” гэх жуулчны бааз нэртэй гэр буудал олон жил үйл ажиллагаа явуулж буй. Богдхан уулын ар хормойд оршин суух иргэдийн төлөөлөл болж УИХ-д сууж, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын санаачилсан Зайсангийн иргэдэд газрыг нь өмчлүүлэх УИХ-ын тогтоолын төсөл жинхэнэ нүдээ олсон гэвэл эргэлзээтэй. Уг тогтоолын төсөлд Зайсангийн 700 орчим айл өрхөд Зайсангийн аманд 23.2 га,  Богины аманд 0.3 га, Арцатын аманд 21.8 га, нийт 45.3 га газрыг өмчлүүлэхээр тусгасан. Тэгвэл Зайсангийн аманд иргэдэд өмчлүүлэх төдий хэмжээний газар бий юу. Байхгүй. Богины ам, Арцатын аманд бий юу, үгүй. Энэ бол одоо Зайсанд амьдарч буй 80 гаруй өрх дээр тэнд газар эзэмшиж байгаа, газар худалдаад авчихсан хүмүүсийг оруулж тооцсон тооцоолол юм биш үү. Богдхан уулын тусгай хамгаалалтыг болиулж, хилийн заагийг нь өөрчилж, мөнгөтэй хүмүүсийн талд үйлчилж байгаа юм биш биз гэх иргэд Зайсанд олон байна билээ. Аялал жуулчлалын бүс байгуулах нэрийн дор Зайсангийн аман дахь газруудад хувийн компаниуд орон сууц барьж эхэлсэн ажлыг дээрх хоёр эрхмийн санаачилсан УИХ-ын тогтоолын төсөл нэрмээс болохоос цаашгүй гэж хэлэх хүмүүс ч цөөнгүй байна. Зайсангийн уугуул иргэд дүүргийнхээ өмнөх Засаг дарга Д.Загджавын олгосон газар эзэмших эрхийг хүчингүйд тооцож, эзэмшиж байгаа газрыг нь бусдад давхардуулан олгож байгааг тойргоосоо сонгогдсон түшээдэд “ховлосны” хариуд ийм мэргэн санаа олсон бололтой юм. Тусгай хамгаалалттай газар нутагт БОНХЯ-наас л газар олгох ёстой. Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга Л.Отгонбаатарын ярьж буйгаар “Өнөөдөр Зайсанд олон жил гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшин амьдарч байгаа 430 гаруй иргэн байгаа. Тэдний асуудал 2008 оноос хойш шийдэгдэхгүй яваад буй. Зайсан орчимд иргэн, аж ахуйн нэгж, аялал жуулчлалын чиглэлээр газар авсан ч өнөөдөр суурьшлын бүс болчихсон. Тэнд оршин сууж байгаа иргэд хаягдчихаад байна. Үүнийг шийдэх гарц нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг өөрчлөх. Дээрх газарт дүүрэг болон нийслэлийн Засаг дарга нар газар олгох эрх зүйн үндэс байхгүй. Харин БОНХЯ-наас Нүхтэд иргэдэд газар өмчлүүлж эхэлсэн. Үүнтэй ижил нөхцөл байдлаар эдгээр иргэний асуудлыг шийднэ. Д.Загджав даргын захирамж зөвшөөрөл гэж ойлгогдох хэдий ч хуулийн хүрээнд эрхзүйн чадамжгүй” гэнэ. Тиймээс Зайсанд оршин сууж байгаа уугуул хүмүүсийг одоо байгаа газраас нь хөдөлгөнө гэсэн үг. Дүүргийн Газрын алба ч хоёр сайдтай санаа нийлсэн нь энэ. Юутай ч Зайсангийн иргэд он удаан жил амьдарсан хашаа, жижигхэн ч гэсэн газар, муу ч гэсэн модон байшингаа аваад сонгосон хоёр түшээгийнхээ заасан газарт очиж суурьшихаас өөр гарцгүй болж байх шиг байна. Мэдээж дээрх эрхмүүдийн боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг энэ намрын чуулганаар хэлэлцээд баталчихвал шүү дээ.



Б.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж