Өнгөрсөн оны есдүгээр сард тус барилга дээрээс төмөр унаж, 25 настай залуугийн аминд хүрсэн хэрэг гарсан бөгөөд компанийн захирлыг 9.8 сая төгрөгөөр торгох шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа. Хүний амийг ямар ч мөнгөөр үнэлшгүй болохоор мөнгөний их, бага гэхээсээ илүү энэ хэрэг гарах болсон шалтгааныг зөв оношилж чадахгүй бол хэн нэгэн мөнгөтэй хүнд худалдагдсан төрийн ажилтнуудын буруугаас болоод бас нэгэн аав, ээжийн элэг харлаж үлдэхгүй гэсэн баталгаа байхгүй юм. Нүдэн дээр нь зөвшөөрөлгүй барилга баригдсаар байхад нүдээ аниад өнгөрсөн мэргэжлийн хяналтын байцаагчид ажилдаа хариуцлагатай хандсан бол ийм харамсалтай хэрэг гарахгүй байх боломжтой байсан. Энэ бүхэн ерөөсөө л Монголд бүх юм утгаа алдсны шинж тэмдэг юм. Нэг үгээр хэлбэл, Монголын нийгэм ялзран доройтож, идээ бээрэндээ идэгдчихээд байгаа нь Монгол хүний амийг үнэгүйдүүлэх үндсэн суурь нь болчихоод байна шүү дээ. Хатигийг хагалж шахахаас илүү хатиг гарах болсон шалтгаанаа эмчлүүлэхгүй бол долоо дахиж гардаг гэдэг. Ядаж л дотроос нь антибиотик ууж байж хатигаа эмчилдэг биз дээ. Түүн шиг нийгмийн хатиг болчихоод байгаа бодлогын алдаагаа үндэс сууриар нь өөрчлөхгүйгээр үнэ цэнэтэй болгож чадахгүй юм.
Танилтай, мөнгөтэй хүмүүст тал засдаг, ядарсан, зүдэрсэндаа хатуу ханддаг Монголын төр ажиллаж байгаа хүмүүсийнхаа мэргэжил чадавхийг сайжруулах, адаглаад л тэдэнд үйлчилгээний ажилтнууд гэдгийг ойлгуулах, хариуцлагын алдааг багаар тооцдог болохыг нийгэм өөрөө биднээс шаардаж байна. Учир нь Монгол хүний амь үнэ цэнгүй болоод буйн гол шалтгааныг эмчлэхгүйгээр хэн нэгэн эмчийг ажлаас нь халах төдийнхөөр эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа сайжирна гэвэл үүн шиг эндүүрэл байхгүй. Нэг хүнйи суудлыг авч үлдэхийн төлөө яагаад Монгол хүний амь нас хэврэгхэн байх ёстой гэж. Шуудайнд ганцхан ширхэг ялзарсан төмс орохоороо бусдыгаа “хорлочихдог” шиг тогтолцооны гажуудал Монголын нийгэм дэх доройтлыг бий болгож, монгол хүний амийг үнэгүйдүүлж байна. Өдрөөс өдөрт томорсоор байгаа хорт хавдрыг бага дээр нь эмчилмээр байна. Нийгмийн хамгийн аюултай хавдар болчихоод байгаа бодлогын алдаагаа эртнээс засахгүй бол Монголын нийгэм хэзээ ч эрүүлжихгүй л болов уу. Сайн эмч, сайн онош, сайн эм тариатай байж л бид хорт хавдраасаа сална шүү дээ.