&#34Хуулийн байгууллага анхаарлаа сулруулаагүй&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

&#34Хуулийн байгууллага анхаарлаа сулруулаагүй&#34

Одоогоос 15 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд УИХ-ын гишүүн асан С.Зориг бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан билээ. Хуулийн байгууллагынхан энэ хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэхээр өнгөрсөн хугацаанд ажилласан хэдий ч дорвитой ахиц харагдахгүй байгаа. Тэгвэл Хууль зүйн сайдын алба хашиж байсан УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.

-С.Зориг агсны хэрэг илрэхгүй өдийг хүргэлээ. Хэргийн жинхэнэ эзэн нь олдохгүй байгаагийн шалтгаан юунд байна вэ?

-Хэргийг халуун дээр нь холбогдох арга хэмжээ аваагүйгээс удааширсан. Харин хуулийн байгууллага анхаарлаа сулруулаагүй, холбогдох судалгаануудаа үргэлжлүүлж байгаа гэдэгт найдаж байна. Хуучин бол энэ хэргийн талаар цагдаа, тагнуулаас бүрдсэн ажлын хэсэг гарч ажиллаж байсан. Сүүлд нь прокурор, холбогдох хуулийн байгууллага Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болсны дараа үр дүнг нь танилцуулж, цагдаа руу хэргийг шилжүүлсэн. Тэгэхээр тэр түвшинд судалгаа хийгдэж байгаа болов уу.

Ер нь ийм хэрэг илрүүлэх хамгийн найдвартай арга нь хэргийн газар үзлэг хийх байдаг. Би хуулийнханд энэ талаар хэлдэг л юм. Бурхан багш хэлсэн ч хэргийн газар гадны хүн битгий оруулж бай, зөвхөн өөрсдөө хий гэдэг. Харин тэр үед зориглож, тодорхой арга хэмжээ авах байсныг чадаагүй. Дундуур нь улстөрчид орж дүгнэлт гаргаад улам л ээдрээтэй болгоод хаячихсан зүйл. Ямар шинжтэй хэрэг байсныг улстөрчид дүгнэж, улс төрийн хэрэг гэж үзсэн. Тагнуул, цагдаагийн байгууллага дээр тус бүртээ хоёр ажлын хэсэг гарч аль нь түрүүлж илрүүлэх вэ гэдэг дээр уралдацгаасан юм шиг байгаа юм. Хэргийн газарт 70 гаруй хүн орж гарсан тоо байдаг. Ингээд халуун мөрөө алдчихсан. Одоо хэргийг илрүүлнэ, илрүүлэхгүй гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ үндэсний эрх ашгийн үүднээс илрүүлэх ёстой хэрэг. 

Өмнө нь улс төрийн өнцгөөс тайлбарлахдаа "МАН-ынхан илрүүлэх сонирхолгүй байсан учраас илэрсэнгүй" гэж сонинд бичдэг байлаа. Одоо цагдаагийн дарга, Хууль зүйн сайд, Ерөнхийлөгч, тагнуулын дарга нарыг чинь улс төрийн өнцгөөс харвал АН-ынхан байгаа шүү дээ. Үнэхээр МАН-ынхан илрүүлэх сонирхолгүй байсан бол АН-аас албан тушаал авсан хүмүүс энэ хэргийг илрүүлэх ёстой гэдэг үгийг хэлмээр байна. Гэхдээ би энэ утгаар нь хэлж байгаа юм биш. Энэ хэргийг илрүүлэх нь үнэхээр төвөгтэй болсон.

-Гэхдээ хэргийг илрүүлэх ажил хэтэрхий удаашралтай байгаа юм биш үү?

-Ажил хариуцсан хүмүүс нь асуудал яриад, судлаад байдаг ч эзэн нь олдохгүй тохиолдолд ямар ч үр дүнгүй болж харагдаж байгаа юм. Тэгэхээр эзнийг нь олох боломжоо бага багаар алдчихсан. Сүүлд нь янз бүрийн газраас дэмжлэг авахаар парламентын түвшинд ярьсан. Тэндээс мөрдөгч, эндээс шинжээч ирнэ гэж яриад аль нь ч байхгүй л болсон.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж