Наоми Кэмпбелл: Бүх талаараа төгс харагдах ёстой

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Наоми Кэмпбелл: Бүх талаараа төгс харагдах ёстой

Цагтаа дэлхийн загварын ертөнцөд өөр хэв маяг оруулж, загвар зохион бүтээгч, загварынхны дунд эрэлттэй байсан фото модел, загвар өмсөгч “Хар ирвэс” Наоми Кэмпбелл өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр “The Face” сэтгүүлд цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцлага өгсөнийг хүргэж байна.

-Та урьдын адил гайхалтай харагдаж байна. Яг л 18-т шиг. Өдөрт гоо сайхандаа хэр их цаг зарцуулж байна вэ?

-Баярлалаа. Иймэрхүү маг­таалын үг сонсоогүй үнэхээр удсан байна. Ажил хөдөлмөр гэж явсаар байгаад нэг л мэдэхэд цаг хугацаа хурдан өнгөрсөн байх юм. Саяхан л тайзнаа гарч, хүссэн загварын хувцаснуудаа өмсөж байсан юм шиг. Гоо сайханд ямар их золиос, цаг зарцуулна төдий чинээ л үзэсгэлэн төгөлдөр харагдана шүү дээ. Гэрийн нөхцөлд төдийлөн цаг зав гаргаад байдаггүй юм. Харин гадуур гоо сайхан, нүүрний арчилгаа, эмчилгээ зэрэг долоо хоногт гурван өдрийн талаас дээш хугацааг зарцуулдаг шүү. Магадгүй нас явах тусам гоо сайхандаа анхаарах цаг зав улам их болдог биз. Би чинь эмэгтэй хүн шүү дээ. Яг л бусдын адил.

-Таниас ямар асуулт асуух вэ гэдэг санал асуулга хүмүүсийн явуул­сан юм. Хамгийн түрүүнд дараахь асуудлыг асуугаарай гэсэн байна. Та өөрийн загва­рын агентлагт залуу охидыг авахдаа ихэвчлэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг гэсэн үнэн үү?

-Та намайг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч гэж хэ­лэх гээд байна уу. Би энэ бүх байдлаас залхаж байна. Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч биш. Манай агентлагт янз бүрийн авъяастай охид ирдэг. Би нүүрний дүр төрх, бие хаа, зан харьцаа гэсэн үндсэн гурван шалгуураар охидоо сонгодог. Үүнд ямар ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах гэсэн ойлголт байхгүй. Би энэ мэдээллийг эрс үгүйсгэж байна. Яасан гэж би тэгэх ёстой юм. Намайг ч гэсэн залуу байхад манай ах эгч нар над шиг л шалгуур тавьдаг байсан. Би эмэгтэй хүнийг тэр дундаа залуу халуу насаа дайран өнгөрч яваа хэнийг ч ямар ч тохиолдолд арьс өнгөөр гадуурхаж үзээгүй. Тэр талаар ч бодож байгаагүй.

-Таны сонгосон охид ихэвч­лэн өнгөт арьстай байх юм. Энэ нь арьс өнгөөр ялгаварлах асуудал биш гэж үү?

-Юу гэж. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхаагүй гээд би ирээдүйгүй, чадваргүй охидыг агентлагтаа авах ёстой гэж үү. Би тийм эрсдэл хиймээргүй байна. Магадгүй шалгаруулалтад тэнцээгүй охид миний талаар ингэж ярьсан байх. Үгүй ч байж мэднэ. Надад ямар ч ялгаа байхгүй. Би зарчимч эмэгтэй. Намайг уурлаж байгаа гэж битгий бодоорой. Ууртай өнгөт арьстай эмэгтэй гэж бүү бодоорой. Энэ бол зарчмийн асуудал. 

-Гэр бүлийн амьдрал тань ямар байна. Хүүхэдтэй болох тө­лөвлөгөө байна уу?

-Тийм бодол алга. Гэр бүл гайгүй дээ. Амар амгалан л байна.

-Владимир Доронинтой хол­боотой байгаа юу?

-Түүнийг ямар байгааг мэдэх ч хүсэл алга. Төрсөн өдрийн урилга илгээсэн боловч ирээгүй. Бид одоо энгийн харилцаатай л байгаа. Ажил хэргийн гэж ойлгож болно.

-Та саяхан Нью-Йорк хотноо болсон нэгэн загварын шоуны үеэр хөхөө гаргасан хувцас өмссөн байсан. Үнэхээр содон харагдаж байсан. Загвар нь таньд таалагдсан уу?

-Нью-Йорк хотноо болж өн­гөрсөн загварын долоо хо­ногийн шоунд оролцсон. Гайхалтай байсан. Загвар зохион бүтээгч, дизайнер Диана Фон Фюрстенберг найзынхаа шинэ загварын хувцасыг өмссөн. Яах вэ хөхөвчгүй өмссөн нь цахим ертөнцөд онцлоод байх зүйл биш. Загварынханд тэр байтугай л өмсөх зүйл байдаг. Ямар хувцасыг яаж өмсөх, ямар өнцөгөөс хэр­хэн харагдах зэр­гээр загварыг ами­луулна. Би өмнө нь ийм байдалтай загвар өмсөж байгаагүй. Гэх­дээ би заг­ва­рыг хүндэлж, үзэгч­дээ­рээ дамжуулан заг­ва­рын хувцаснуудаа ами­луулахыг л хүссэн юм.

-Та яагаад Кара, Кэйт хоёрыг харьцуулсан юм бэ?

-Өмнө нь тэр хоёрын талаар миний бодлыг хэн нэгэн нь асуусан юм. Адилхан бие хаатай, зүс царайны давуу талтай. Гэхдээ жүжиглэх, загварын тайзнаа хувирах чадвар нь Кара арай л илүү. Өөр тайлбар хэрэггүй байх. 

-Одоо цагийн загварынха­ны талаар таны бодол. Тэдний давуу болон дутагдалтай талууд юунд байна?

-Би өөрийгөө тийм ч их хөгширсөн гэж боддоггүй юм. Яах вэ, одоогоос 10 жилийн өмнө загварынхан арай л дэгтэй байсан юм шиг байна. Эгч, ах нар нь дуу нартайгаа сайн ярилцдаг, алдаа оноогоо хуваалцдаг байж. Өнөөдөр залуус өөрийн давуу та­лаа л загварын ертөнцөд харуулж чадаж байвал бүх зүйл нээлттэй гэж ойлгож болохоор байна. Хувь хүний өвөрмөц байдлыг загварын томчууд шууд л олоод харчих­даг. Тэгээд залуусаа хөгжүүлээд гадаад байдал дээр нь ажлаад байдаг. Давхар бас ёс зүй, хувийн харилцаан дээр нь анхаарах ёстой гэдгийг хэлмээр байна. Үзэгчдэд гоо сайхны таашаал өгөхийн тулд бүх талаараа төгс харагдах ёстой. Тиймээс бусдын юу хүсэн хүлээж байгааг загварын чиг хандлага загвар өмсөгчид, загвар зохион бүтээгч нараас л шалтгаална. Зун, намар, өвөл болон хаврын гээд жилийн дөрвөн улиралд загварынхан байнга л хөдөлмөрлөж байдаг.  Цаг үргэлж л шинэ санаа, шинэлэг зүйлийг эрэлхийлж байж оргилд нь тогтдог. Хүнд хэцүү л дээ. Хөдөлмөрч зан чанар маш их хэрэгтэй. 

-Сонирхолтой сэдвийн та­лаар цөөн хором ярилцсанд баярлалаа.

Б.БААТАР

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж