“Жаст”-ын Ш.Батхүүг хориод 14 хонолоо

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

“Жаст”-ын Ш.Батхүүг хориод 14 хонолоо

Цагдааг магтая. Баривч­лах, мэдээлэх хоёр ажлыг нэ­гэн зэрэг амжуулж чадаж байгаад нь талархъя. Тэр дундаа олон нийтэд гэмт хэр­гийн талаарх мэдээл­лийг шуур­хай дамжуулж бай­гаад нь та­лархууштай. Үүний­хээ тө­лөө Цагдаагийн ерөнхий газ­рын дэргэд Хэвлэл, мэ­­дээлэл олон нийттэй ха­рилцах төв ч байгуулсан биз. Нийс­­лэ­­лийн Про­ку­рорын бай­­гуул­лага ч тэр адилхан. Ер нь сүүлийн үед “Түргэн тус­ламж хурдан уу, цаг­даагийн удирдла­гууд мэд­ээлэл хийх нь хурдан уу” гэж жи­шиж үзвэл хоёр дахь нь илүү хурдан болчихоод буй. Наад зах нь УИХ-ын гишүүн Ё.Отгон­баярын эх­нэрт холбогдох хэргийн та­лаарх хэв­лэлийн бага хурал байна.

Уг хурлыг Нийслэлийн проку­рорын газраас хийсэн. Ингэхдээ “УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдсон. Очирбатын Эрдэнэсолонго нь дөрвөн банкин дахь 21 дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн. Үүнийг зайлшгүй шалгах шаардлагатай байсан учраас түүнийг 2013 оны зургаадугаар сарын 5-ны өдөр барьж хорьсон” гэж байлаа. Хэв­лэлийн хурлыг зургаадугаар сарын 7-ны өдөр буюу хэргийг эцэслэн шалгаж, эцсийн үнэнийг нь тогтоолгүйгээр хийсэн байдаг. Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Т.Сайнжаргал ч мөн “О.Эрдэнэсолонгын Зоос, Го­ломт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулан угаасан байж болзошгүй” гэж мэдээллэсэн. Тэд үүгээрээ шалгах, мэдээллэх ажлыг хэрхэн нэгэн зэрэг, эргэх холбоотой эрхэлж болохыг та бидэнд баталсан.

Гол нь энэхүү дадал хэвшил нь өнгөрсөн долоо хоногт ч дахин илэрсэн байгаа. Өмнөх өдөр нь “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалжээ” гэх мэдээлэл цацагдахтай зэрэгцээд маргааш нь Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэл хийсэн. Шууд л “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь бусдын биед гэмтэл учруулсан нь үнэн. Иймд Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдад гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж байв. Энэ мэтээр гэмт үйлдэлд холбогдсон олон хүний талаар цаг алдалгүй мэдээлэл түгээж, мөрдөн байцаалтын нууц гэсэн бүхнийг бараг л байхгүй болгож байгаа гэж болно.

Гэхдээ бүх хүний талаар биш. Наад зах нь “Жаст” группын ерөнхий захирал Ш.Батхүүгийн талаар гэхэд нэг ч шинэ мэдээлэл алга. Нөгөө шалгах, баривчлах, мэдээлэх ажлаа нэгэн зэрэг хийдэг Цагдаагийн ерөнхий газар ч тэр, Нийслэлийн прокурорын газар ч тэр таг чиг. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрт холбогтох хэргийн талаар мэдээлсэн шигээ, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухай ярьсан шигээ мэдээлж, баримт задалсангүй. Үүнээс нь харахад Ш.Батхүү гэдэг бизнесмэн шоронд бус харин нуувчинд орсон байж мэдэхээр байна. Барьж, хорьсноос нь хойш 14 хоног өнгөрчихөөд байхад түү­ний талаар нэг ч үг унагахгүй байгаагаас харахад шүү дээ.

Уг нь “Жаст” группын ерөнхий захирал Ш.Батхүүгийн талаар зөв­хөн хэвлэл, мэдээллийнхэн төдийгүй иргэд олон нийт, шударга ёсыг баримтлагчид олон зүйлийг мэ­дэ­хийг хүсэж байгаа. Наад зах нь Өмнөд Африкийн Стандарт банк­наас 109 сая ам.доллар зээлэхдээ Ш.Бат­хүү гэдэг хүн өөрийнх нь хэлсэн шиг Төрийн өмчийн хороо­ны удирдлагууд болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуу­рамчаар зурсан уу. Аль эсвэл тэд­ний гарын үсгийг хуурамчаар зурсан гэж бүх хэргийг өөртөө үүрч гарахаар зориглохдоо тэрбээр нэр бүхий эрхмүүдтэй ямар гэгчийн “наймаа”-г хийв. Тэр наймааг нь илчлэх сонирхол эрх мэдэлтнүүдэд байна уу, үгүй юу гээд бүхнийг хэн хүнгүй мэдмээр байна. Гэтэл Цагдаагийн ерөнхий газар тэр бүх мэдээллийг дэлгэсэнгүй. Тэгэхээр хууль, хяналтын байгууллагынханд дэлгэх хэрэг, дэлгэхгүй хэрэг гэсэн жагсаалт байдаг юм биш байгаа гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна. Өөрөөр хэлбэл тэд байцаагдаж, шалгагдаж буй хүн бүртээ шударгаар хандаж, гадагшаа чиглэсэн мэдээллээ тэнц­вэртэй байлгаж чадахгүй бай­гаа учраас Ш.Батхүүг тойрсон хардлага өдрөөс өдөрт арвижих нь зайлшгүй юм. Мэдээж Ш.Батхүү гэдэг хүнийг зүгээр л олны нүднээс нууж, олонгүй газар хамгаалахыг хүсээгүй бол шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж