11 га газар туршилтын “туулай” юу?

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

11 га газар туршилтын “туулай” юу?

“Эко хороолол”-ын 11 га газар туршилтын “туулай” юу?

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 а хорооллын 11 га газарт баригдаж буй 200 айлын амины сууц туршилтын “туулай” юу эсвэл шинэ технологи, өөрчлөлтийг эерэгээр хүлээж авч чадахгүй байгаа хэсэг бүлэг хүний сэтгэхүйн “буруу хандлага” уу гэдгийг цаг хугацаа харуулах л үлдлээ. Учир нь “Эко хороолол” эхний хэлэлцүүлгээсээ л хэл ам дагуулсан. 4000-8000 айлын орон сууц барих хэмжээний талбайд 200 айлын хаус барих, гадна инженерийн шугамыг “ATMOR” ХХК-ийн монголд нутагшуулсан гэх “Softline” технологи гээд олон асуудал яригдсан. Эцэст нь инженерийн шугам сүлжээг “ATMOR” консерциумын бүрэлдэхүүнд нь багтдаг “Монгол Дайван” ХХК-иар гүйцэтгүүлж 2,9 тэрбум төгрөг зарцууллаа.

Барилгын явцад “Эрдэнэт-Амьдрал” ХХК Улсын Мэргэжлийн хяналтын газарт 50 см-ийн гүнд суурилагдсан “Softline” технологийн инженерийн шугам хоолой, түүний угсралт нь Монгол улсын ямар стандартыг мөрдөж хийгдсэн талаар шалгуулахыг хүсчээ. Хариуд нь МХЕГ-ын барилга, техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Санжмятав 2013 оны 7 дугаар сарын 19 нд 6/101/714 тоот дүгнэлт үйлдэж 10 зөрчил илрүүлсэн байна. Үүнд, “Монгол Дайван” ХХК нь тендерт шалгарсан бичиг баримтаа шалгуулаагүй, “Жигүүрт хөлөг” ХХК-ийн боловсруулсан гадна шугам сүлжээний зураг, төслийг улсын экспертизийн зөвшөөрлийн эрхгүй “ЭМ СИ СИ СИ” ХХК хийсэн гээд олон зөрчил ирүүлсэн байна. Эдгээр зөрчлийг Орхон аймгийн ЗДТГ, “Жигүүрт хөлөг” ХХК, Мэргэжлийн хяналтын газар, Худалдан авах ажиллагааны газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, “Эрдэнэт-Ус”, “Эрдэнэт-Амьдрал” ХХК-т арилгах үүрэг өгчээ. Гэвч зөрчлөө арилгаагүй байж ажлаа үргэлжүүлж байна гэж Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлэг шүүмжилж эцэст нь ажлын явцтай нь танилцлаа.

Тэд Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн гаргасан дүгнэлтийг хэрхэн биелүүлсэнийг нэхэн шалгахад, “ATMOR” ХХК-ийн менежер, сантехникийн инженер нь үзүүлэх бичиг баримт байсангүй. Мөн Хотын Захирагчийн алба, Барилга, захиалагчийн албаны дарга нараас хариулт нэхлээ. Тухайлбал, АИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Л.Дулмаа, “ Газрыг нь төрөөс үнэгүй олгочихоод байхад хамгийн бага 50 м.кв талбайтай амины сууц яагаад 62 сая төгрөг байгаа” –г асуулаа.

Хариуд нь Хотын Захирагчийн албаны дарга Б.Батжаргал,” –Бид анх нэг м.кв-ыг нь 700 мянган төгрөг байхаар барилгын компаниудад санал хүргүүлсэн ч хариу ирээгүй. Учир нь хувийн компаниуд Улаанбаатараас Эрдэнэтэд ирж байрлахад ажилчдын цалин болон бусад зардал их гарна. Иймд үнийг зах зээлийн ханшаар тогтоохоос аргагүй гэж барилгын компаниуд мэдэгдсэн” гэлээ. Түүнчлэн “ATMOR” ХХК-ийн монголд нутагшуулсан гэх “Softline” технологи нь Монгол Улсад мөрдөгдөж буй стандартад баталгаажаагүй ч үүнийг ашиглахгүй гэсэн үг биш. Учир нь барилгын салбарт шинээр нэвтэрч буй технологийг ашиглаж, хэрэглэж байж бид үр дүнг нь мэдэхээс өөр аргагүй. Аливаа технологи тийм л байдаг гэж Барилга, Захиалагчийн албаны дарга С.Даваасүрэнг хэлэхэд МАН-ын бүлгийн дарга Д.Батлут, “ Тэгвэл, 11 га газартаа туршилт хийж байгаа юм уу. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ” гэхэд, Барилга, Захиалагчийн албаны дарга С.Даваасүрэн” Бид бүгдээрээ хариуцлага хүлээнэ” гэлээ. “Эко хороолол” барих шийдвэрийг АИТХ дахь МАН-ын бүлэг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй шүү гэдгийг сануулах төлөөлөгч ч бас байлаа. Монгол улсын стандартад баталгаажаагүй “Softline” технологи, шинэ технологи нэвтрүүлсэн гэдгээрээ “ATMOR” ХХК тендерт оролцолгүй давуу эрхээр ажил гүйцэтгэсэн, орон нутгийн төр захиргааны байгууллагад холбогдох бичиг баримтаа огт өгөөгүй, дандаа аман тайлбар хийж буй тус компанийн даварсан үйлдэл улам гаарсаар байна.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж