Төрөх эхчүүдийн тоо Улаанбаатар хотод хоёр дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.12-нд нийтлэгдсэн

Төрөх эхчүүдийн тоо Улаанбаатар хотод хоёр дахин нэмэгджээ

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Амаржих газруудын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Түүнд дурдсанаар сүүлийн таван жилийн дунджаар төрөлт жил тутамд 5000 орчмоор нэмэгдэж байгаа ч амаржих газрын тоо, төрөх орны тоо, хэмжээ, эмч эмнэлгийн мэргэжилтний орон тоо зохих түвшинд нэмэгдээгүйг анхаарууллаа. Нийт төрөлтийн 44.2 хувь нь Улаанбаатар хотод ногддог байна. Ингэхдээ Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд төрсөн эхчүүдийн 37-42 хувийг хөдөө,  орон нутгаас ирсэн эхчүүд эзэлдэг ажээ.

Төрөлт ихэссэнтэй холбоотой эмнэлгийн тусламжид дараах хүндрэл гарч буй гэнэ.

Үүнд: Төрөх газрын нягтрал ихсэж, нэг эх нярайд ногдох талбай стандарт жишгээс гурав дахин доогуур байгаагаас төрөхийн дараах хүндрэл болох үжил, нярайн халдвар гарах аюултай нөхцөл бүрдсэн байсан. Амаржих газрууд байнгын ачаалалтай байдаг тул тогтмол 25-30 ор илүү ажиллуулахад хүрдэг. Тухайлбал, төрөхийн ор хүрэлцээгүйгээс нийслэлийн хоёрдугаар амаржих газар сардаа 180 гаруй эхийг, гуравдугаар  амаржих газарт нийт эхчүүдийн 44 хувийг буцаахад хүрч байна. Яг өнөөдөр 45 ортойгоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй нийслэлийн гуравдугаар амаржих газарт 80 эх хэвтэж байна” гэлээ.

Мөн сүүлийн зургаан жилд төрөлт улсын хэмжээнд 40 гаруй хувиар, нийслэлд хоёр дахин нэмэгдсэн байхад амаржих газруудын орон тоо огт нэмэгдээгүй, цалин хөлс бага  байгаа нь амаржих газрыг сульдуулж байна. Энэ их ачааллыг үүрч ажиллаж байгаа эмч мэргэжилтний ажлын ачаалалд нийцсэн бодит үнэлгээ, урамшуулал бий болгох шаардлагатай байна” гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж