Сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаа эхэллээ

Сири улс өнгөрсөн есдүгээр сарын 14-нд НҮБ-ын химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдсэнээр Аюулгүйн зөвлөл тус улс дахь химийн зэвсгийг устгах асуудлаарх тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт баталсан билээ. Сири дэх химийн зэвсгийн бүх нөөцийг ирэх 2014 оны дунд үе гэхэд устгаж дуусгахаар АНУ болон ОХУ тэргүүтэй талууд хэлэлцэж тохиролцсон юм. Үүний дагуу олон улсын зэвсэг хураах багийн шинжээчид Сирид  очиж, химийн зэвсгийн нөөцийг устгах ажиллагааг эхлүүлүүлжээ.

Сирийн зүгээс НҮБ-ын химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдсэн үүргийнхээ дагуу олон улсын зэвсэг хураах багийн шинжээчилтэй хамтарч ажиллахаа мэдэгдсэн билээ. Сирийн Гадаад хэргийн сайдын мэдээлснээр химийн зэвсгийн 19 агуулахын долоо нь босогчид болон Засгийн газрын армийн хооронд тулаан өрнөж буй бүсэд байгаа гэнэ. Түүнчлэн олон улсын химийн зэвсгийн шинжээчдийн үзэж буйгаар Сирид хүмүүсийг үй олноор нь хөнөөх төрлийн 1000 гаруй тонн химийн зэвсгийн нөөц байгаа аж.

Хэдийгээр Сирид иргэний дайн үргэлжилсээр байгаа боловч Ерөнхийлөгч Башар аль-Ассад НҮБ-ын химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдэх түүхэн шийдвэр гаргаснаар тус улс дайны үеэр уг конвенцид элссэн анхны орон болжээ. Сирид өнгөрсөн наймдугаар сард Дамаскийн ойролцоо зарин гэх химийн хорт бодис бүхий халдлага гарснаар Ерөнхийлөгч Башар аль-Ассадад хариуцлага тооцох АНУ-ын тэргүүлсэн цэргийн ажиллагаа олон улсын түвшинд яригдаж эхлээд байсан юм. Харин ОХУ өнгөрсөн сард Башар аль-Ассадыг бүх химийн зэвсгээ олон улсын хяналтанд шилжүүлэхийг ятгаж чадсанаар Сирид цохилт өгөх ажиллагаа цуцлагдсан аж.

 Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж