Гурван хавцлын цахилгаан станцыг үзсэн минь

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Гурван хавцлын цахилгаан станцыг үзсэн минь

Хятадууд эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ хэрэглээгээ шийдэхийн тулд асар том байгууламж барьсанаар дэлхийд “толгой цохиж” байна. Энэ бол БНХАУ-ын Хубэй мужийн орчим, Хөх мөрөнгөөс эхтэй Гурван хавцлын усан цахилгаан станц бөгөөд энэ аварга том байгууламжийг харах боломж олдсон юм. Хятадууд угийн л өөрийн хийсэн бүхнээ дэлхийн шилдэг, тэргүүний гэх дуртай хүмүүс учраас хаа газрын компани, үйлдвэрээ гадныхны өмнө “тэнгэрт тултал” нь магтана, хамгийн шилдэг нь л гэнэ. Том гүрний том сэтгэхүй энэ бөгөөд улс орноо хөгжүүлэх, сурталчлан таниулах язгуур хүслийн биелэл энэ байж болох.

Тэгвэл Хөх мөрөн дагуу оршдог Гурван хавцлын цахилгаан станцыг урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр, хүмүүсийн амнаас сонсож байсан ч байгууламжийн дотно, гадна талд хүмүүсийг явуулах эрх олгосон хэсгээр нь явж харахад дэлхийн хамгийн том усан цахилгаан станц гэж аархах нь аргагүй санагдсан. Гурван хавцлын цахилгаан станц нь дан ганц Хятадын төр, засгийн дэмжлэг, хөрөнгөөр биш, ард түмний хандив, хөлс, хүчээр боссон гэдгийг Хятадууд өөрсдөө ярих их дуртай. Усан цахилгаан станцаа тэд энгийн иргэддээ, гадны аялагчдад төдийлөн ойроос харуулахгүй. Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн зохион байгуулалцсан Монгол-Хятадын Хэвлэл мэдээллийн дөрөвдүгээр форумын үеэр Монголын төлөөлөгчдийг өөрсдийн нүсэр байгууламж, компаниудтайгаа танилцуулах хүрээнд зочдод хэлж, харуулж болох хэмжээндээ танилцуулсан нь энэ юм. Улсынхаа төлөө нийтээрээ зүтгэж энэ хэмжээнд хүрсэн гэдэг нь дээшээ харвал хүзүү чилэх, нийтэд нь харвал “нүд төөрөх” аварга байгууламжаас ойлгож болох.Станц руу нэвтрэхэд хэд хэдэн шалгах хэсэгтэй бөгөөд станц дотор удирдлагын, үйл ажиллагааны системийн самбараас бүгдийг удирддаг. Хяналтын самбарт тухайн өдөрт, тухайн минутанд хэдий хэмжээний хүчин чадлаар хэр ус ашиглаж, эрчим хүч үйлдвэрлэж байгаа талаарх бүх мэдээллийг электрон системээр илэрхийлнэ.

Хятадууд Гурван хавцлын усан цахилгаан станцыг байгуулах төслийг 1994 онд албан ёсоор эхлүүлж 14 жилийн хугацаанд барьж, дуусгасан гэдэг. Зарим нь 17 жил ч гэж ярьдаг байна. Хятадын ард түмэн үер, усны аюулд үй олноороо өртөж, тосгон, суурины амьдрал тун хэцүүхэн байх үед усан цахилгаан станц байгуулж, үерийг усыг ухаалгаар ашиглан, эрчим хүч гаргах агуу ажилд ханцуй шамлан ийнхүү орж байжээ. Цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь 18200 мВт бөгөөд хамгийн ихдээ 22500 мВт-ын хүчин чадалтайгаар ажиллах боломжтой гэнэ. Одоогийн байдлаар станцын бүх байгууламжийн хэсэгт нийт 4500 ажилтан ажиллаж өдөртөө  300 сая кв.ц цахилгаан үйлдвэрлэж байгаа талаар усан цахилгаан станцын мэргэжилтэн хэлсэн юм.


Усан цахилгаан станцын эрсдлийг хэрхэн хаадаг вэ?

Усан цахилгаан станц байгуулах нь байгаль, экологийнхоо өмнө “буу шагайн зогсох”-той ижил учраас бусад улс оронд хориглох нь бий. Цахилгаан станц байгуулсан хэсгийн амьтан ургамал үхжиж, тогтоол ус их хэмжээгээр бий болсоноос урсгал ус, нуур дахин нөхөгдөхгүй болтлоо сүйддэг гэж шүүмжилдэг. Монголын хувьд ч сүүлийн жилүүдэд Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд Шүрэнгийн усан цахилгаан станц байгуулах санал гаргаж байгаа ч байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй учраас байгуулахыг зөвшөөрөхгүй, судалгааны шатандаа гацсан байгаа юм. Одоогийн байдлаар дөрвөн улирлын туршид зогсолтгүйгээр ажилладаг Тайшир, Дөргөний цахилгаан станц байгаа бол тогтмол бусаар олон жижиг цахилгаан станцууд ажиллаж буй.

Гэтэл дэлхийд Амазонк, Нил мөрний дараа гуравдугаарт тооцогддог Хөх мөрнөөсөө эх авч, улсынхаа түүхэнд тодоор тэмдэглэгдэх ажлыг эхлүүлж, одоог хүртэл ажиллуулж байгаа нь том гүрний хувьд цаанаа эрсдлээ тооцсон  байх учиртай. Байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг Хятадууд тайлбарлахдаа “усан цахилгаан станц байгуулаад үйл ажиллагааг тогтворжуулахад амьтан, ургамал байгалийн шалгарлаараа дасан зохицож эхэлдэг. Байгаль орчны үнэлгээг байнга хийж, ойр орчмыг ойжуулах байдлаар арга хэмжээ авдаг” гэсэн бүрхэг хариулт өгч байсан. Том гүрний эдийн засгийн түшиц болсон байгууламжийнхаа талаар гадныханд, ялангуяа монголчуудад ойр дотнохон зөвөлгөө өгөхгүй нь мэдээж бөгөөд ийнхүү хэлэх зүйлээ л хэлж, харуулах зүйлээ л харуулсан юм. Тэдэнд дэлхийн хамгийн том цахилгаан станц байгуулж, ажиллуудлахад шаардлагатай бүхий л машин, механизм, эд материал, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж, өөрдсөө байгуулж байна. Тэдэнд хийж чадахгүй юм алга.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж