Эцэг, эхчүүд ээ, эхлээд өөрсдөө хүмүүж

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Эцэг, эхчүүд ээ, эхлээд өөрсдөө хүмүүж

Хараал
хэллээ, хүүхэдтэй зодолдлоо, худлаа хэллээ, автобусанд суудал тавьж
өгсөнгүй, хүндэлж хайрлахыг мэдэхгүй нь гэж хүүхэд залуусыг чичлэж
загнадаг.

Үнэхээр олонх хүүхэд залуус маань боловсрол, мэдлэгээрээ өндөр
байгаа ч ёс суртахуун, хүмүүжлээрээ бол намхан болчихжээ.

Өмнө
нь “Энэ америк хүүхдүүд чинь ээж, аавтайгаа ямар замбараагүй, илэн
далангуй ярьдаг юм бэ” гэж үзсэн киногоо шүүмжилж суудаг байсныг өнөөдөр
өөрсдийнх хүүхдүүд бодитойгоор үйлдэх болов. Нэгдүгээр ангийн жаалууд
нэгэндээ “Танай аав чинь аксенттай” гэж шоолох, брэнд хэрэглэдэггүй гэж
даапаалах, ганц өрөө байранд яаж амьдардаг байна аа гэж нэгнийгээ
муучлах, хувийнхаа жолоочоо загнан даналзах гээд хэзээний насанд
хүрэгчдийн авирыг сурчихжээ. “Би мөнгийг чинь төлсөн. Тэгэхээр та биш,
би таныг загнах эрхтэй” гэж багшийгаа зандрах үг бага ангийн сурагчийн
амнаас гарахад хэн ч гайхахааргүй болов. Брэнд ярьж, бэл бэнчингээ
гайхуулах тэдгээр хүүхдүүд юуг ч өөрийнхөөрөө шийдэж чадна гэх
бодолтойгоор өсч өндийж байна. Нэгэн хэсэг нь ийнхүү ихэрхүү дээрэлхүү
авирт суралцаад “тэнгэрт” гарчихаж. 

Өөр зарим хэсэг нь өрөвдөж
хайрлахыг мэдэхгүй зэрлэг балмад авиртай болчихож. Ангийнх нь охид
зодолдож, нэгнийгээ үсдээд газраар чирээд шороотой нь хутгаж байхад
нөгөө хэсэг нь инээлдэж, “ухаалаг” сайхан гар утаснуудаараа бичлэг
хийгээд л зогсож байна. Хүүхэд залуусын тамхи, архинаас эхэлсэн зугаацах
арга нь, том болж харагдахын хүслэн нь цааш “охин чихдэх”, “мөнгө саах”
зэргээр үргэлжлэнэ. Ийнхүү улам бүр залуужсаар байгаа авир, хандлагынх
нь талаар бичээд байвал нэлээд хэдэн цаас барна.

Гэвч энэ бүхний
гол буруутан нь эцэг эхчүүд өөрсдөө. Хүүхдийнхээ тархинд нь л юм хийх
гэж улайрахаас биш зүрх сэтгэлд нь зориулсан хөрөнгө оруулалт хийдэг нь
ховордсон болоод тэр. Гаднаасаа ямар хувцастай харагдах нь чухлыг
анхаарахаас биш дотроос нь харагддаг сайхан зүйлийг олж харахыг хичээдэг
нь цөөдсөн учраас энэ.  Үлгэр ярьж өгөх нь битгий хэл, хүүхэдтэй
ярилцдаг эцэг эхчүүдийн  орон зайг нь телевизийн шоу, солонгос сериал,
хэлбэр төдий дуу, клипүүд нөхөх болсоор удаж байна.

Хүүхдийнхээ
дэргэд тамхи татдаг бол “чи битгий тамхи тат” гэж хэлэх үг чинь ямар ч
үнэ цэнэгүй. Гэртээ согтуурч, архиддаг бол “хүүхэддээ архинаас хол яв”
гэж хэлэх нь зүгээр л хоосон үг. Үгээр биш үлгэрлэлээр хүүхдээ
хүмүүжүүлж чадаагүй бол томчуудын авирыг сурсан хүүхдэд чинь биш өөрт
чинь хүмүүжил дутсаных. Тэднийг өөрсдийг чинь хайрладаггүй хүмүүс болгож
өсгөсөн нь өөрийн чинь л буруу. Нэг л их өш хонзон бодож, өнгө мөнгө
хөөцөлдсөн солонгос киног зэрэгцэн сууж үзсэний чинь гор эхнээсээ гарч л
байгаа. Одоохондоо хэлбэрийг нь, хэлж буй хараалд  нь суралцаж  байгаа
байх. Аажмаар тэд чинь өнөө “Өш хонзонгийн цэцэг”-нүүд болчихсон явж
байвал бүү гайх.

Нийтлэг олонхийн хүүхэддээ анхаарал тавьдаггүй
нь багачуудын гэмтэл бэртлийн статистик тооноос шууд харагдана.
Түлэнхийн төвийн ихэнх үйлчлүүлэгчид 2-6 насны жаалууд, зам тээврийн
осол, гэмт хэргийн хохирогчдийн цөөнгүй нь хүүхдүүд. Тэд тогонд цохиулж,
халуун цайнд түлэгдэж, машинд дайруулж байна гэдэг нь эцэг эхчүүдийн л
буруу. Ингэхэд таны хүүхэд яг одоо юу хийж, юу бодож байгааг мэдэж
байгаа юу. Таны хүүхэд ямар авъяас чадвартай,  юу мөрөөддөгийг мэдэх үү.
Та тэр мөрөөдөл, чадварынх нь талаар ярилцсан уу. Хүүхэд залуусыг
хүмүүжилгүй байна гэж уур чинь хүрч байна уу. Уурлавал өөртөө л уурла,
өөрсдөө эхлээд хүмүүж.

Энэ талаар нийтлэлчид

-Харамсалтай
нь бид гэр бүлээ “ажил” гэх зүйлээр шалтаглаад анзаарахыг ч хүсдэггүй.
Нэг л их ажил ярьсан хүмүүсээс цаашгүй. Мөнгө олох гэж зүтгэсэн улс.
Уулзаж мэндлэхдээ “ажил сайн уу” гэдгээр л хязгаарлагдана. “Ажлаа хийж
байгаа юу, ажил чинь хуучнаараа юу, хаана ажиллаж байгаа вэ” гэх үгс нь
хожим ямарваа нэг ажил төрөлд тустай болоод ч тэр үү, ажил л ярьж
өнгөрцгөөнө. Яг л энэ хандлагаар олон олон хүний хувьд ажил нь
нэгдүгээрт, гэр бүл нь хоёрдугаар байранд байрласаар. “Гэр бүлийнхээ
төлөө ажиллаж байна” гэх үгээр бамбай хийж гэр бүлээсээ хөндийрсөөр. Аз
жаргалтай амьдралын төлөө явж зүтгэж байна гэж бодсоор аз жаргалтай
өдрүүдийг алдсаар..

-Машинаараа, магадгүй жолоочоороо сургуульд
нь хүргэж өгөхдөө утсаараа ярьж, өөр нэгэнтэй “жиргэж”, хүүдээ
бэлэглэсэн тоглоом, үнэтэй хөгжим мэтэд үүргээ тохож орхисон эцэг,
гараас нь хөтлөн, шавар шавхай дээгүүр тэврэн алхаж, хүүхдийнхээ
мөрөөдлийг сонсож алхах ааваас илүүг хүүхэддээ өгч чадаагүй байдаг. 

-Наадхаа
дуугүй болгооч гэж хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд нойроо харамлах
эцэг, үрээ элгэндээ тэвэрч халууныг нь өөртөө авах аав ялгаатай. Шөнө
хэд дахин босч хөхөө хөхүүлэх эхнэрээ ядаж нэг удаагийнхад нь өнжөөн
амрааж хүүхдээ хуурайлах сэтгэлтэй аав, нялх биетэй эхнэрээ орхиод
хувийн цэнгэлээ хөөж шөнөөр хөлийн чимээ, хаалга цохихыг хүлээх зовинол
бэлэглэх эцэг ялгаатай. Гэр бүлд нь мөнгө л хэрэгтэй гэж боддог эцэг,
хайр халамж анхаарлаар дутаахгүй юмсан гэж боддог аав ялгаатай.
Үнэгчлэх, сүүл хөхөж бувагнуулах, гараа идээд инээмсэглэх, хөл дээрээ
тэнцэн алхах, ааваа гэж дуудахад нь хажууд байгаагүй эцэг, хүүхдээ
өөрөөрөө үлгэрлэн сургаж, хайрлахыг, таних мэдэхэд нь дэргэд нь байсан
аавын ямар аз жаргалыг мэдэрдгийг төсөөлөх ч үгүй. Завгүй, ядарч байна
гэх үгээр хаалт босгосон эцгээс илүү хүүхдийнхээ гэрийн даалгаврыг
хамтдаа хийж, юунд сонирхолтой байгааг нь хөгжүүлэх, гэр бүлтэй байх
цагаа ядрах биш амрах цаг болгож чадсан аав илүү аз жаргалтай.  
   
Энэ талаар твиттерчид

-Манайхан хүүхдийн хүмүүжил дээр үнэн нойл шүү дээ худлаа л бөөн бөөн сургаал айлдсан хүмүүс . Үлгэрлэл байхгүй.

-Олон эцэг эхчүүд хүүхдийн ирээдүйд хүмүүжил боловсролын суурь нь хайр байх ёстой гэдгийг мэддэггүй.

-Энэ ч хүүхдийн хүмүүжил боддоггүй аав, ах нарын уран бүтээл байна даа.

-Сургууль
бол хүүхдийн хүмүүжил олгохоосоо илүү номтой хүн болгодог газар. Харин
гэр бүл бол хүмүүжил олгож хүн болгодог газар юм шүү!

-Өлсөх вий
цангах вий, өвдчих вий зовчих вий гэж л бие физилогийн хувьд нь санаа
зовоод байхаас хүмүүжлийг нь үнэтэй хувийн сургууль дамжаанд найдаад
орхиод байх шиг байна.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж