Хотын төвийн өнгө үзэмжийг илтгэсэн энэ барилгыг засварлах гэж буйг буруутгасангүй. Энэ мөнгө мэдээж нийслэлийн төсвөөс гарна. Тэгвэл СТӨ нь нийслэлийн төсөвт жилд 300 орчим сая төгрөгийг төвлөрүүлдэг. Хүмүүс СТӨ-г нийслэлийн саалийн үнээ гэж ойлгох нь ч бий. Гэхдээ л жилээс жилд алдагдалтай ажиллаж байна гэсэн шалтгаанаар нийслэл рүү өгөх мөнгө нь өсөөгүй. Тийм байхад Нийслэлээс ганцхан тооцоо гаргахад л энэ байгууллагад 80 саяыг хаях нь зөв үү. Үгүй ядаж нураах асуудал нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгт энэ мөнгийг зарцуулбал яасан юм бэ. Энэ талаар Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдоржоос тодруулахад, “Г корпус болон бусад хэсгийг засварлахад шаардагдах төсөв тооцоог хийлгэхэд л 80 сая төгрөг гарч байгаа. 1989 оноос хойш нэг ч гар хүрээгүй барилга. Энэ хэмжээний обьектын их засварын зургийг гаргахад харин ч бага мөнгө шүү дээ” хэмээнэ билээ. Түүнчлэн тэрбээр “Энэ байгууллага түрээсийнхээ орлогоор зарлагаа нөхөөд явдаг. Нийслэлээс мөнгө авдаггүй. Тиймээс нийслэл СТӨ-нд их засвар хийж хөрөнгө оруулах учиртай. Барилгынхаа чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна” гэдгийг ч хэлсэн. Үүний зэрэгцээ нийслэлийн зүгээс СТӨ-г хувьчлах жагсаалтад оруулаагүй. Энэ байгууллагыг нийслэлийн өмчит хэвээр хадгалах л бодлого баримтална гэдгийг ч сануулаад байгаа.
Гэхдээ л нэг ч сургууль барьж хүрэхгүй мөнгийг жилийн хугацаанд өгдөг энэ байгууллагыг ийн өөгшүүлэхийн учир юу юм бол. СТӨ-ний хамгийн их мөнгө халаасалдаг гэх тайзны зардал нь хүртэл нийслэлд огт хамаагүй, Төрийн санд тушаагддаг. Гэхдээ Төрийн сан энэ мөнгийг нь буцааж зарцуулах эрхийг нь нээж өгдөг гэсэн. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө эргээд л СТӨ-ний мэдэлд очдог гэсэн үг. СТӨ одоогоор тайзаа цагийг нь 1.5 сая төгрөгөөр түрээслүүлдэг бөгөөд хэрвээ тоглолт хийх хүмүүс тайзан дээр урьдчилсан бэлтгэл хийнэ гэвэл 500 мянгыг нэмж авдаг. Нэг тоглолт хоёр цаг гээд бодохоор өдөрт гурван сая төгрөг ордог гэсэн үг. Дээрээс нь СТӨ-нд 20 гаруй байгууллага түрээсээр үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс сард нэг ам метрийг нь 5000-11000 тооцон түрээсийн төлбөр авдаг. Ингээд бодохоор энэ байгууллага багагүй ашигтай ажилладаг нь ойлгомжтой. Тэгэхээр СТӨ нийслэлийн биш хэн нэгний халаасыг зузаатгадаг болчихсон юм биш биз. Үүнийг нь харин нийслэлээс өгшүүлээд байна уу даа.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин