Уулзалтыг ДГХБО-ын бүлгийн дарга Лаос Улс даргалж, эл уулзалтад бүлгийн гишүүн орнуудын сайд, төлөөлөгчдөөс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын системийн болон олон улсын зарим байгууллагуудын төлөөлөл оролцов. Эл уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч, ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал Г.Ганболд, ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн захирал Э.Одбаяр нар оролцов.
Олон улсын хамтын нийгэмлэг 2015 оноос хойшхи хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж буй энэ цаг мөчид манай улсын санаачлагаар Улаанбаатар хотноо байгуулах гэж буй ДГХБО-ын Олон улсын судалгааны төв нь нэн чухал ач холбогдолтой бөгөөд төвийн ажиллагааг даруй эхлүүлэх бэлтгэл ажлыг манай Засгийн газар амласан ёсоор ханган ажиллаж буй талаар мэдээлж, саяхан эл төвийн 2014 оны санхүүжилтэд 540 сая төгрөгийн төсөв батлаад буйг төлөөлөгчид онцлов. Мөн Олон улсын судалгааны төв байгуулах тухай Засгийн газар хоорондын олон талт хэлэлцээрт нэгдэн ороогүй далайд гарцгүй орнуудыг нэгдэн орохыг уриалсан байна. Тус уулзалтад ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн захирал Э.Одбаяр төвийн үйл ажиллагааны ахиц, шинэ вэб хуудсын талаар мэдээлэл хийлээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.