Авлига авсан цагдаа нарт ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Авлига авсан цагдаа нарт ял оноолоо

БНХАУ-ын иргэдээс их хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын таван албан хаагчийг шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд  хоёр өдөр  үргэлжилж, дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.

Анхан шатны шүүхээс У.Раднаабазар, Б.Батбаяр нарт тус бүр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, таван жил нэг хоног, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар нарт мөн тус бүрт нь 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 3,5 жил, Т.Ууганбаярт 3,5 жилийн ял оноож, мөн 100 мянган төгрөгөөр торгох ял ногдууллаа. Харин эл хэрэгт шүүгдсэн ганц эмэгтэй буюу Ж.Оюунчимэгт 5,1 жилийн ял оноож, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноожээ. Анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх бөгөөд бүгдийг нь жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дээрх хэрэгт холбогдсон цагдаагийн зургаан алба хаагч иргэдийн өгсөн мэдээллийн мөрөөр хууль бусаар самар ачиж байсан хятадуудын хэргийг шалгаж эхэлсэн ч хятадуудтай хуйвалдаж, хэргийг нуух зорилгоор 40 орчим сая төгрөгийг хахуульд авч, их хэмжээний самрыг хилээр гаргасан хэрэгт сэжигтнээр татагдсан юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж