Москва хот Улаанбаатартай түншилнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Москва хот Улаанбаатартай түншилнэ

НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас ОХУ-ын Москва хотноо зохион байгуулсан “Дэлхийн хотуудын аялал жуулчлалын дээд хэмжээний  2 дахь удаагийн чуулганд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Хоёр дахь удаагаа зохиогдож буй уг чуулганаар жуулчдын хэрэгцээнд нийцсэн, нэмүү өртөг шингэсэн аялал жуулчлалын тусгай бүтээгдэхүүнүүдийг бий болгох, зорилтот зах зээлд борлуулах стратеги боловсруулах, аялал жуулчлалаас хотуудын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг нэмэгдүүлэх асуудлуудыг хөндсөн байна. Чуулганд Aфин, Барселон, Берлин, Богота, Буэнос-Айрес, Кейптаун, Хонконг, Казань, Лисабон, Лондон, Мадрид, Мельбурн, Москва, Нью-Иорк, Парис, Квебек, Кито, Рио де Жанейро, Шанхай, Вена, Зарагоза, Сан Пауло зэрэг аялал жуулчлалаар манлайлагч улс орнууд оролцов.

2012 оноос хэрэгжиж эхэлсэн CITIES хөтөлбөрт Улаанбаатар хотыг хамруулах талаар санал тавьсныг хөтөлбөрийн захирал, хатагтай Ёланда Пердома талархан хүлээн авч дэмжихээ илэрхийлэв. Чуулганаар хэлэлцсэн асуудлуудаас үзэхэд дэлхийн хотуудын аялал жуулчлалын хөгжилд гүйцэтгэх үүрэг нөлөө байнга нэмэгдэж байгаа бөгөөд мэдээллийн технологийн хөгжилд тулгуурлаж жуулчдад хүргэх үйлчилгээг хялбаршуулах, тухайлбал зочид буудал, үзвэр үйлчилгээний цахим захиалга, төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх асуудал хотуудын аялал жуулчлалын хөгжлийн нэг томоохон үзүүлэлт болсон аж. Мөн хотын эдийн засагт үзүүлэх аялал жуулчлалын нөлөөллийг зөв тооцох, судалгаанд суурилсан бодлого төлөвлөлтөөр хөгжүүлэх үүний тулд их дээд сургуулиуд, зорих газрын менежментийн байгууллагуудын хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх нь хөгжлийн шийдэл болж буй аж. Чуулганы үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, ОХУ-ын Москва хотын Засгийн газрын сайд бөгөөд Гадаад эдийн засаг, олон улсын харилцааны газрын дарга ноён С.Ё.Череминтэй албан уулзалт хийжээ. Уулзалтаар хоёр хотын харилцааг шинэ шатанд гаргах, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах олон талт асуудлыг хөндсөн.  Улаанбаатар-Москва хотууд Ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш 56 жилийн хугацаанд хот байгуулалт, соёл урлаг, боловсрол, эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллаж ирсэн билээ.

Мөн чуулганы үеэр Москва, Улаанбаатар хотуудын Аялал жуулчлалын газрын дарга нарын уулзалт боллоо. 2013 оны эхний хагас жилийн байдлаар Москвад ирж буй жуулчдын тоо 10 хувиар өссөн бөгөөд энэ нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр үзүүлэлт юм. 2013 онд Москва хот нэр хүндтэй Trip Advisor цахим хуудасны хэрэглэгчдийн санал асуулгаар Европын хамгийн хурдацтай хөгжиж буй аялал жуулчлалын зорих газруудын хоёрдугаарт нэрлэгдсэн байна. Хоёр хот аялал жуулчлалын идэвхгүй үе буюу өвлийн улиралд жуулчлал хөгжүүлэх асуудлыг хөндөж, Москва хотын Аялал жуулчлалын хорооны дэргэдэх Аялал жуулчлал судлалын хүрээлэн, МУИС-ын Газарзүй-Геологийн сургууль /Аялал жуулчлалын тэнхимтэй/ хооронд харилцаа тогтоох, мэргэжилтэн сургах, БНХАУ, ОХУ, Монгол улсын хамтын санаачлагаар эхэлсэн Их Цайны Зам аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцов. Дамжин өнгөрөх жуулчлал бол тээврийн зангилаа болдог хотуудын хувьд анзаарамгүй өнгөрч болохгүй чухал сегмент байдаг. Москва хот одоогийн байдлаар Монголчуудын Европ руу аялах аяллын дамжин өнгөрөх хамгийн том төв болж байгаа. Аяллын үед тээш алдагдах, нислэг саатах зэрэг хүндрэл гардаг асуудлыг анхаарч үзэхийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүссэн байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж