Элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2013.10.01/ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленког бүрмөсөн нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга ярианыхаа эхэнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол, Оросын сайн хөршийн харилцаа, түүний дотор парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд В.В.Самойленко томоохон хувь нэмэр оруулсныг тэмдэглээд хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг улам идэвхжүүлэх, парламентын бүлгүүд болон парламентад суудалтай намууд, түүнчлэн иргэд хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцоход анхаарч ажиллах нь чухал болохыг онцлов.

Мөн өнгөрсөн хугацаанд болсон хоёр улсын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалууд, парламент хоорондын харилцан айлчлал, яриа хэлцээний давтамжийг хадгалах нь хамтын ажиллагааны хөгжилд чухал ач холбогдолтой юм гээд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга, ноён С.Е.Нарышкин Монгол Улсад айлчлах урилгатай байгааг дахин нотлов. Түүнчлэн энэ оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад ОХУ-ын парламентын төлөөлөгчид идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга цааш хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог тэргүүтэй төлөөлөгчид энэ сард ОХУ-д айлчлах төлөвлөгөөтэй байгаа, мөн хоёр орны иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар сүүлийн үед эрчимтэй яригдаж байгааг УИХ бүрэн дэмжин ажиллаж байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын иргэдийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон түлхэц болно гэдэгт найдаж байгаа гэв. Ярианыхаа төгсгөлд З.Энхболд Элчин сайд В.В.Самойленкод ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.

Элчин сайд В.В.Самойленко хичээл зүтгэлийг нь өндөр үнэлсэнд УИХ-ын даргад талархал илэрхийлээд Улсын Их Хурлын дэд даргын ОХУ-д хийх айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламент хоорондын харилцааг идэвхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр хоёр орны харилцаа соёл, боловсрол, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн салбарт улам өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд удахгүй болох Оросын соёлын өдрүүдэд 100 гаруй төлөөлөгч оролцохоор болсныг дуулгав.

Элчин сайд В.В.Самойленко цаашид ч хоёр орны харилцааг улам бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллах болно гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж