Бүлгийнхэн Н.Номтойбаярын асуудлыг яриагүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Бүлгийнхэн Н.Номтойбаярын асуудлыг яриагүй гэв

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн ахлагч Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ээлжит бус чуулганаар батлагдалгүй, шилжин орж ирсэн хуулийн төслүүдийг бүлэг өнөөдөр хэлэлцсэн байна. Тэдний ярьснаар, Эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын тухай тогтоол гарч, дараагаар нь ээлжит бус чуулганаар хэлэлцэж байсан хуулиудыг чуулганаар хэлэлцэх бололтой. “Хөрөнгө оруулалт буурсан нэг гол шалтгаан нь эрх зүйн орчин тогтворгүй байсан гэх дүгнэлт гарсан. Өмнө нь гаргасан алдаагаа давтахгүйн үүднээс яаруу түргэнээр ээлжит бус чуулганаар хуулийн төслүүдээ батлан гаргахаас татгалзсан” гэдгээ бүлгийн ахлагч онцоллоо.  

Мөн тэрээр “Хөрөнгө оруулалтын хуулийн хувьд өмнө ярилцсан саналуудаа бүлэг дээрээ нэгтгэж тогтоод, маргааш Байнгын хороодын чуулганы хэлэлцүүлэгт оруулах боломжтой. Урт нэртэй хуулийг өнгөрсөн долоо хоногт даргын зөвлөлийн хурлаар яриад, энэ хуулийг хэлэлцэх ажлын хэсгийг өргөтгөх нь зүйтэй гэдэг шийд гарсан. Ажлын хэсгийнхэн хуульд хамрагдах бүхий л газруудаар биечлэн очиж танилцаад, нэгдсэн ойлголттойгоор үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Иймд Урт нэртэй хуулийн хэлэлцүүлгийн хувьд нэлээд хугацаа авахаар төлөвтэй байна” гэв.

Түүнчлэн тус бүлгээс эдийн засгийг хүнд байдалд хүргэсэн Засгийн газарт хариуцлага тооцох тухай дүгнэлтийг эрх баригч намын удирдлагуудад өгсөн боловч ямар нэг хариу өгөхгүй байгаа тул дахин хариулт шаардахаар болсон байна. Мөн УИХ-ын бүхий л шатны хуралдаанд сөрөг хүчний оролцох боломжийг хангах, хуульд зааснаар байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллах болно гэдгээ МАН-ын бүлгийн гишүүд хэлж байна. 

Бүлгийн өнөөдрийн хурлаар гэмт хэрэгт холбогдоод буй гишүүн Н.Номтойбаярын асуудлыг ярилцсан эсэх тухай асуултыг сэтгүүлчид тавихад, “Хурлын үеэр Н.Номтойбаярын асуудлыг ярилцаагүй. Бүлэг дээр албан бичиг, шаардлага ирээгүй байна. Би өөрөө уулзсан. Буруу байхгүй гэдгээ хэлсэн. Өөрөө өнөөдөр хэвлэлийн хурал хийж, нөхцөл байдлаа тайлбарласан байх” гэсэн хариултыг  МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өглөө.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж