Увсын тойргийнхноос мэдээлэл сонсчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Увсын тойргийнхноос мэдээлэл сонсчээ

Ардчилсан намын УИХ дахь бүлгийн өнөөдрийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар тус бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Бид УИХ-аар хэлэлцэх хуулиуд дээр ямар зарчмын зөрүүтэй саналуудтай байгаа тухайгаа өнөөдөр хэлэлцлээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд хэд хэдэн саналуудыг эргэн харах, бусад намынхантай саналаа нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байна. 2024 он хүртэл Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт оруулах талаар ярилцсан. Ингээд юуны өмнө энэ баримт бичгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулах, санал авах шаардлагатай гэж үзсэн. Мөн бүх бүлгүүдийн байр суурийг аль болох тусгахыг эрмэлзэх нь зөв гэдэгтжй санал нэг байгаа Байгаль орчны болон Уул уурхайн яамны ажлыг хүнд сурталгүйгээр явуулах, уул уурхай болоод орон нутгийн хөгжлийг хэрхэн уялдуулах вэ гэдэгт асуудлууд дээр анхаарах шаардлагатай байна. Стратегийн орд гэхээс илүүтэй стратегийн ашигт малтмал гэдгийг бодлогод суулгах зэрэг хөндлөнгийн саналууд ч гарсан” гэв.

Бүлгийн хурал дээр УИХ-ын 2012 оны сонгуульд Увс аймгаас нэр дэвшсэн хоёр гишүүн нь хүрэлцэн ирсэн байсан бөгөөд тэдний асуудлыг хэлэлцсэн эсэх, бүлэг ямар байр суурьтай байгаа тухай сэтгүүлчийн асуултад “Сая Ардчилсан намын дотоод мэдээллийг сонссон. Зөвхөн Увсын асуудлыг сонсоогүй. Ер нь шат шатны сонгуультай холбоотой асуудлууд дээр ямар нөхцөл байдал үүсээд байгаа вэ гэдэг талаар мэдээлэл хуваалцлаа. Энэ дотор Увс аймгийн төлөөлөгчдийн УИХ-ын сонгуультай холбоотой асуудал орж ирсэн. Бүлгийн гол зорилго бол намаас, холбогдох хүмүүс, хуулийн байгууллагаас үнэн зөв мэдээллийг авч, нэгдмэл ойлголттой болох ёстой. Энэ утгаараа бид холбогдох  мэдээллийг сонссон” гэж хариуллаа.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж