Ерөнхий сайд бухимдуу байна

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд бухимдуу байна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг бухимдуу байна. Барилгын үнийг тогтворжуулах хүрээнд Цемент импортлогчдын холбооны гишүүн 27 аж ахуйн нэгжид 127 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Гэвч сүүлийн 14 хоногийн хугацаанд цементийн үнэ өссөөр нэг тонн нь 185 мянган төгрөгт хүрсэн аж. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компаниуд нэг тонн цементийг 165 мянган төгрөгт багтаан барих үүрэг хүлээсэн ч валютын ханш өссөн, зарим нэг саатал бэрхшээл гарснаас үүдэж тонн тутамд цементийн үнийг 20 мянган төгрөгөөр өсгөснийг Ерөнхий сайд сонсоод ихэд бухимдав. Арга ч үгүй биз, төсөв хөрөнгө гаргаад хөнгөлөлттэй зээл олгож байхад хувийн хэвшлийнхэн хэлсэндээ хүрэхгүй, ажил хариуцаж байгаа яам нь ч олигтойхон зохицуулалт хийж чадахгүй суухаар Ерөнхий сайдын уур хөдлөхөөс ч яалтай.

Тиймээс Ерөнхий сайд өчигдөр болсон “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр “Өнгөрсөн тавдугаар сараас хойш цементийн үнийг барьж чадсан атлаа барилгын ажил дуусах дөхөхөд алдчихаж байгаа нь салбар хариуцсан яам нь төдийгүй хувийн хэвшлийнхэн ч хариуцлага алдсаны шинж” хэмээн хэлээд авсан. Харин хариуцлага алдсан албан тушаалтнууддаа Ерөнхий сайд хариуцлага тооцдог болов уу яадаг бол. Ядахад Аи-92 авто бензины үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр өссөн нь ч мөн нэрмээс болж байна даа.

Монголбанк, Засгийн газар хоёрын хамтран хэрэгжүүлж буй Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгахаар УИХ-ын нэр бүхий гишүүд шалгалт хийж эхэлсэн. Тэд юу ч гаргаж ирж болзошгүй. Ийм үед Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн гарахгүй, сайнаасаа саар мэдээ нь давамгайлаад байвал төв банкинд шалгалт хийж байгаа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Уянга нар их л зүйлийг ухаж таарна даа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж