Мөнгөний бодлогын хуучин арга барил &#34хүчин мөхөсджээ&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогын хуучин арга барил &#34хүчин мөхөсджээ&#34

Ажилгүйдэл багассан ч эдийн засгийн өсөлт нь саарсан хэвээр, мөн зээлийн хүүг бууруулсан хэдий ч хувийн хэвшил нь яагаад хөгжихгүй байна вэ гэх зэрэг асуудал бидний өмнө тулгарав.

Зүүн Өмнөд Азийн төв банкуудын холбооны гүйцэтгэх зөвлөлийн 12 дахь удаагийн хурал Улаанбаатар хотод боллоо. Тус хуралд Азийн 16 орны төв банкны ерөнхийлөгч оролцож эдийн засагт сүүлийн үед тулгамдаад буй асуудлууд болон өөрсдийн туршлагаа солилцсон нэлээд өргөн хэмжээний уулзалт болж өнгөрөв. Тэдний ярианы гол сэдэв нь өнгөрсөн 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш Азийн төв банкууд чухам ямар сургамж хүртэв. Нөгөөтэйгүүр мөнгөний бодлогын уламжлалт арга барил эдийн засгийн өнөөгийн өөрчлөлт, хувьсалд хэрхэн нийцэж байгаа мөн хөгжингүй орнуудын мөнгөний бодлогын төлвийн өөрчлөлтөд хөгжиж буй орнууд хэрхэн бэлтгэх вэ зэрэг асуудлыг хөндсөн.

Энэ үеэр хуралд оролцогчдоос хөрөнгийн тогтворгүй урсгал, ханшийн савалгааны үед мөнгөний ямар бодлого хэрэгжүүлэх нь зохимжтой вэ, мөнгөний бодлогын шинэ хандлага, уламжлалт бодлого гэж чухам юуг хэлээд байна вэ, ер нь төв банк Засгийн газраас хараат бусаар хэрхэн хамтарч ажиллах вэ гээд холбогдох асуудлуудаар байр суурийг нь сонслоо.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан:
ӨӨРЧЛӨЛТӨӨС БОЛЖ ҮЙЛЧЛЭЛ НЬ БАГАСЧИХСАН

-Энэ удаагийн дээд түвшний семинарт Азийн нөлөө бүхий орнуудын төв банкны ерөнхийлөгч нар оролцлоо. Уг семинараар эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг хөндөж ярилцсан л даа. Тэгэхээр сүүлийн 20 жилд дэлхийн улс орнууд маш их даяаршиж байна. Үүнтэй уялдаад мөнгөний бодлогын уламжлалт арга барил цаашид тохирох уу үгүй гэдэг асуудал гарч ирж буй. Үнэндээ бидний хэрэглэдэг арга, хэрэгсэлүүд нь өнөөдөр хүчин мөхөсдөж эхэллээ. Төв банкууд дунд буюу урт хугацаанд иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэхэд, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд гол анхаарлаа хандуулдах ёстой. Тиймээс банк, санхүүгийн зах зээлээр дамжуулан бодит эдийн засгийг дэмжсэн бодлого байх учиртай гэдэгт санал нэгдсэн. Монголбанкнаас энэ жил барилгын салбарыг дэмжсэн бодлогыг Засгийн газрын бодлоготой уялдуулж хэрэгжүүллээ. Гэхдээ энэ бол дундаа ямар нэгэн заагтай байдаг. Гэвч төр засгийн эл шийдвэр заримдаа савалгаа үүсгэх эрсдэлтэй. Харин төв банк урт хугацаанд бодит өсөлтийг дэмжихийг гол ажлаа болгоно. Нөгөөтэйгүүр энэ онд бид инфляцийг зургаан хувьд хүргэх нэлээд хүнд зорилт тавьсан. Энэ үүднээс барилгын салбарын нийлүүлэлт талыг дэмжих бодлогыг илүү баримталсан байгаа.

Харин ирэх жилийн мөнгөний бодлогод шинэ арга хэрэгсэл орох эсэхийг одоо ярихад арай эрт байна. Яагаад гэвэл төсөв тодорхойгүй байгаа шүү дээ. Мөн шинээр батлах хуулиуд, хэлэлцэх асуудлаас ямар үр дүн гарах вэ гэдгээс олон зүйл хамаарна. Түүнчлэн мөнгөний бодлогын уламжлалт бодлогыг улам сайн ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ эдийн засгийн зарим өөрчлөлтөөс болж үйлчлэл нь багасчихсан. Дашрамд дурьдахад төв банкнаас шинэ арга хэрэгсэл болох бодит салбар руу нь анхаарах, ажлын байр хадгалах ажил руу илүү анхаарч байгаа.


Малайзын төв банкны дэд ерөнхийлөгч Д.Сухдэве Сингх:
ТӨВ БАНК ЗАСГИЙН ГАЗРЫН НЭГЖ БАЙСАН БОЛ ЭДИЙН ЗАСГИЙГ САВЛУУЛАХ АЮУЛТАЙ

-Төв банк болон Засгийн газар нэг зорилготой байдаг. Тэр нь нийгмийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэх учиртай. Хэдийгээр энэ хоёрын зорилго нэг ч гэсэн төв банк нь Засгийн газрын нэг агентлаг юм уу, харъяа байгууллага нь яагаад байж болдоггүй юм бэ гэхээр тус банкны цаашид харах, анхаарах гол зүйл нь эдийн засгийн дунд хугацааны хөгжилд нөлөөлдөг. Хэрэв энэ банк Засгийн газрын ямар нэг нэгж байсан бол улс төрөөс хамаараад эдийн засгийг ойр ойрхон савлуулах, өөрчлөх сөрөг үйлдлийг авчрах аюултай. Агентлаг нь байлаа гэж бодоход ард түмний өмнө богино хугацаанд сайн зүйл хийж байгаа мэт харагдах боловч алсдаа амжилт олж чадахгүй. Тиймээс төв банк улс төр, Засгийн газраас тусдаа байх ёстой. Гэвч Засгийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс мөн эдийн засагчдийн хувьд хамтарч ажиллаж болно. Эцэст нь хэлэхэд төв банк Засгийн газрын итгэлтэй түнш нь байж чадах юм бол засаг нь ч гэсэн тэр хараат бус байдлыг нь илүү хангадаг.

Тайваны төв банкны дэд ерөнхийлөгч Цунг-Та Иен:
ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ УЯН ХАТАН ТОГТОХ ХУВИЛБАРЫГ ХЭРЭГЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ

-Ханшийн харьцангуй үнэ гэдэг бол макро эдийн засгийн суурь хүчин зүйлүүдээс үүдэн өөрчлөгдөж байх ёстой. Тухайлбал, тухайн орны валютын ханш суларлаа гэхэд тэр нь макро эдийн засагт экспортыг нэмэгдүүлдэг бол ханшийн чангарал импортыг хөөрөгдөх үзэгдлийг авчирдаг. Тэгэхээр эрх баригчид энэ хоёрыг аль болох тэнцвэржүүлэх бодлогыг түлхүү хэрэгжүүлэх нь өнөөдөр хамгийн чухал асуудал болоод байна. Түүнчлэн өнөөгийн нөхцөлд хөрөнгө нэг улсаас гарч нөгөө улсад шилжиж байгаа ийм тогтворгүй үед ханшийн өөрчлөлтийг маш сайн ажиглаж байхгүй бол олон эрсдэл дагуулах аюултай. Тийм учраас бид ханшийн өөрчлөлтийг уян хатан тогтох хувилбарыг хэрэглэх нь зүйтэй юм.

Л.БААТАРХҮҮ

Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж