Ахлагч бүрэлдэхүүнийхэнтэй “формгүй” уулзалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Ахлагч бүрэлдэхүүнийхэнтэй “формгүй” уулзалт хийжээ

Цэрэг цагдааг манайхан хүчний байгууллагынхан гэж нэрлэдэг. Энэ нь эгэл жирийн иргэдэд хүч хэрэглэдэг байгууллага мэт ойлгогддог гэдгийг цагдаагийн ахлах бүрэлдэхүүний уулзалтын үеэр хөндөн тавьж байлаа. Тангараг өргөсөн цагдаа гэхээр ар гэр амьдрлагүй мэт зүтгэ гэсэн даалгавар биш гэдгийг ч тэд хөндлөө. Ахлагч бүрэлдэхүүн бол цагдаагийн байгууллагын гол хөдөлгөгч хүч бөгөөд нийт бие бүрэлдэхүүний 50-60 хувийг эзэлдэг том арми. Энгийнээр бол жирийн цагдаа гэсэн үг. Тэднийхээ жаргал зовлонг жилдээ нэг удаа сонсох жишгийг цагдаагийн шинэ удирдлага өнгөрсөн жил эхлүүлсэн. Дүрэмт хувцас өмссөн л бол тушаал биелүүлэх үүрэг автоматаар үүсдэг болохоор тэрхүү бие барьсан хандлагыг өөрчлөх үүднээс дүрэмт хувцас формгүйгээр уулзаж байжээ. Харин энэ жил формтой ч формгүй мэт уулзалт хийсэн байна. Дарга нарын “Зангиагүй уулзалт”-тай жишиж болох энэ удаагийн уулзалтаар ахлагч бүрэлдэхүүний зүгээс доорх саналуудыг хэлжээ. Нийт үг хэлсэн хүмүүсийн 15 хувь нь хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох,  7,6 хувь нь харилцааны соёл, сахилга ёс зүйг дээшлүүлэх, сэтгэл зүйг төлөвшүүлэх,  28,8 хувь алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлтэй холбоотой, 15,3 хувь цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой санал, 17,3 хувь хувцас, техник хэрэгслийн хангамжийн сайжруулах чиглэлээр, 3,8 хувь нь ээлжийн амралтыг хууль тогтоомжийн хүрээнд эдлүүлэхтэй холбоотой санал, хүсэлтээ илэрхийлжээ. Мөн үеэр хүний нөөц, орон тоог нэмэгдүүлэхтэй  холбоотой  саналыг ч дэвшүүлэн тавьсан байна.

Сүүлийн өдрүүдэд цагдаа, тэр дундаа офицер холбогдсон хэргээс болж, цагдаа нарын нэр хүнд унах болсонд эмзэглэж явдгаа ахлагч бүзрэлдэхүүнийхэн нуугаагүй юм. Үнэндээ хүмүүс сандарч тэвдсэн, халдлагад өртсөн үедээ л цагдаагийн тусыг ойлгодог болохоос бусад үед хөндлөнгийн хүмүүсийн үзэл бодлоор цагдаад ханддаг гэдгийг тэд онцолж байлаа. Нэгийн бурууг нийтэд тохоосон энэ буруу ташаа ойлголтыг халахын тулд цагдаа нар өөрсдөө ёс зүйтэй, хүнлэг байж, харьцаа хандлагаа сайжруулах хэрэгтэй гэдэгтэй санал нэгдсэн юм.

Энэ оны долдугаар сард баталсан Цагдаагийн албаны тухай хууль ирэх оны эхнээс хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн бие бүрэлдэхүүнд нааштай өөрчлөлт цөөнгүй хийсний нэг нь албан тушаалын ангилал, цалингийн зэрэглэлийг дэшшллүлсэн явдал аж. ТТ-3, ТТ-4, ТТ-5, ТТ-6-аар цалинжиж байгаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний цалингийн зэрэглэлийг ТТ-7 болгож шатлалыг нэмэгдүүлсний дээр 24 цагаар үүрэг гүйцэтгэгчид болон  өндөржүүлсэн бэлэн байдлын үед болон албаны нэгдсэн сургалтад хамрагдаж байгаа алба хаагчдын хоногийн хоолны зардлыг 56-150 хувиар нэмэгдүүлсэн байна.

Алба хаагчдын цалинд 2013 онд 43.4 тэрбум, нэг удаагийн буцалтгүй тусламжид  83.5 сая төгрөг зарцуулсан байна.Цаашдаа  шинэ хууль хэрэгжээд эхлэхээр цагдаагийн бие бүрэлдэхүүнд алба хаагчдыг албаны орон байраар хангах, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэж бэртсэний улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг Засгийн газар хариуцах, цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд тухайн алба хаагчийн гэр бүлийн нэг гишүүнд түүний сүүлд авч байсан нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 10 жилийн туршид сар тутам олгох зэрэг олон нааштай зүйл заалтууд хэрэгжээд эхлэх юм байна. Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгохоор хуульчилжээ.

Түүнчлэн энгийн бидэнд үл анзаарагддаг нэг зүйл нь дүрэмт хуьцасны хүрэлцээ гэнэ. Томдсон гутал, багадсан цамцаа нуух гэж тэвддэг энэ бэрхшээл ирэх оноос үгүй болох ажээ. Шинэ хууль хэрэгжиж эхлэхэд цагдаагийн дүрэмт хувцасны загвар, өнгө, материалыг шинэчилж, шинэчилсэн загварыг батлаад байгаа юм байна.

Хүний эрх гэдэг үг маш хүчтэй сонсогддог ч цагдаа хүнд эрх огт байхгүй мэт төсөөлөл нийгэмд түгээмэл. Тиймээс цагдаа ч гэсэн хүн, бусадтай л адил ар гэр, эхнэр нөхөр, үр хүүхэдтэй хүмүүс гэдгийг ойлгуулахуйц зүйл заалтыг  шинэ хуульд багтаасан байна. Энэ мэт эерэг заалтууд ирэх оноос хэрэгжиж эхэлнэ гэдгийг дарга удирдлагууд нь ахлагч бүрэлдэхүүний уулзалтын үеэр онцоллоо.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж