БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 2005 онд гүүрний дээд хэсгийн хатуу хучилтад их засварын ажил хийсэн байдаг. Гэхдээ гүүрэнд ямар нэгэн засвар хийгээгүй учир механик эвдрэлд орж, ачааллаа даахгүй байдалд хүрсэн. Нөгөөтэйгүүр, дунд голын замаар том оврын машин их явдгаас болж эвдрэл үүссэн гэдгийг албаны хүн хэлсэн байна.
“Энэ жил нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр тус гүүрний урсгал засварын ажлыг хийх байсан. Энхтайваны гүүрийг засахад 200 сая төгрөг зарцуулна. Гүүрийг засах нээлттэй тендерийг зарласан байгаа. Тендерт ялсан компани Энхтайваны гүүрний хоёр талын захын тулгуурыг засварлах юм” гэсэн тайлбарыг хэлжээ.
Ямартай ч гүүрийг засварлах юм байна. Гэхдээ өдийг хүртэл тендер шалгаруулалт явагдаагүй байна. Харин гүүр хэзээ мөдгүй нурахаа хүлээж байгаа. Уг гүүрэн дээгүүр хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүст хэзээ эрсдэл учрах, гүүр улсад ямар хор хохирол учруулахыг хэн ч урьдчилан хэлж мэдэхгүй. Тиймээс засварлана даа хэмээн алгуурлаж суухын оронд ажилаа түргэвчилвэл ямар вэ. Одоо өвөл болж байна. Шалгаруулаагүй байгаа тендерийг хэзээ шалгаруулж, өвлөөс өмнө ажлыг гүйцэтгэнэ гэдэг бол үлгэр. Харин ирэх хавар зам гүүрийн засварын ажил эхэлтэл Энхтайвны гүүрийг нурахаас сэргийлсэн модон багана тэсээсэй гэж залбирах л үлдэж байх шив дээ.
Эх сурвалж: www.new.mn