“Apple” дэлхийн топ брэнд боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

“Apple” дэлхийн топ брэнд боллоо

Америкийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Apple”  корпораци 2013 оны дэлхийн топ брэндээр шалгарчээ. Ийнхүү  дэлхийн шилдэг брэндийн жагсаалтыг 13 жил тэргүүлсэн “Coca-Cola” брэнд “Apple”-д зайгаа тавьж өгсөн байна. Түүнчлэн “Interbrand”-ээс нэрлэсэн дэлхийн шилдэг брэндийн эхний 10-т технологийн салбараас “Google”, “IBM”, “Microsoft”, “Samsung, “Intel” брэндүүд багтжээ. “Interbrand” нь жил бүр компаниудыг хэрэглэгчдэд үзүүлж буй нөлөө, нэр хүнд, санхүүгийн үзүүлэлт гэх мэтийг харгалзан дэлхийн шилдэг брэндээр тодруулдаг байна. Эх сурвалжийн мэдээлснээр “Apple” корпорацийн хөрөнгө өнгөрсөн 2012 оноос 28 хувиар нэмэгдэж, 98.3 тэрбум ам.долларт хүрсэн ба үүнд “iPhone” смартфонийн борлуулалт ихээр нөлөөлөлсөн аж. Түүнчлэн “Apple” энэ жилд гол өрсөлдөгч Өмнөд Солонгосын “Samsung” корпорацийг борлуулсан смартфонын тоогоороо тэргүүлсэн амжилт үзүүлсэн ба шинээр гаргасан “iPhone 5S” смартфон нь эхний долоо хоногтоо есөн сая хувь борлогджээ.

Дэлхийн шилдэг брэндийн тэргүүлэх байраа алдаж, дэд байранд бичигдсэн “Coca-Cola”-гийн хувьд өнгөрсөн жилд ердөө 2 хувийн өсөлттэй байсан ба хөрөнгийн хэмжээ нь 79.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин хамгийн өргөн хүрээг хамарсан “Facebook” сайт өнгөрсөн санхүүгийн жилд 43 хувиар хөрөнгөө нэмэгдүүлсэн боловч жагсаалтын 52-т бичигдсэн бол “Amazon” 19-р эрэмбэлэгджээ.
 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж