“Ахмадаа хүндэлье” уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

“Ахмадаа хүндэлье” уулзалт боллоо

Ахмадуудаа ая тухтай амьдрах, нөхцлөөр хангасан хотыг удахгүй бий болгоно гэлээ

Олон улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдөр, нийслэлийн Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 45 жилийн ойн өдрийг тохиолдуулан нийслэлийн Ахмадын хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай  хамтран “Ахмадаа хүндэлье” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Нийслэлийн Ахмадын хорооны дарга Р.Банзрагч “Ахмадаа хүндэлье” хүндэтгэлийн арга хэмжээг нээж, “Нийслэлд амьдарч байгаа 91 мянган ахмадыг баярын арга хэмжээнд хамруулах нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран бүх дүүрэгт нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ өдөр зөвхөн баярлаад зогсохгүй нийслэлд харъяалалгүй ахмадуудыг бүртгэлжүүлэх арга хэмжээг дүүрэгт бүрт хийж байна. Дөнгөж сая Чингэлтэй дүүрэгт 4600, Багануур дүүрэг 900 ахмадыг бүртгэлжүүлсэн мэдээлэл ирсэн байна” гэж хэллээ. Хүндэтгэлийн  ажиллагаанд  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай,нийслэлийн 9 дүүргийн ахмадын төлөөлөл 1200 гаруй ахмад буурлууд болон бусад албан хүмүүс оролцсон юм. Нийслэлийн Засаг дарга ахмадууддаа хандаж “Юуны өмнө Монголын ахмадын өдрийн баярын мэндийг нийт нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс азай буурлууддаа хүргэж байна.

Монгол Улсын хөгжил дэвшил, урагшлах үйл ажиллагааны эхлэлийг бидэнд тавьж өгч, тусгаар тогтносон энэ сайхан улсыг буухиалан өвлүүлсэн ачтай хүмүүс бол та бүхэн юм. Тиймээс ахмад буурлууд та бүхнийг эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцлөөр хангахын тулд нийслэлийн удирдлагын шинэ баг хичээнгүйлэн ажиллаж байгааг энэ өдөр дуулгахад таатай байна. Ахмадуудын хамгийн тулгамдаж буй асуудлын нэг нь орон сууцны асуудал. Бид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай ахмадуудаа оруулах эхний ээлжийн 300 айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн нийслэлийн Ахмадын хорооноос “Ахмадын орон сууцны цогцолбор” байгуулах тухай санал дэвшүүлсэн. Үүний дагуу зөвхөн орон сууц гэлтгүй эмнэлэг, чийрэгжүүлэх танхим зэрэг цогцоор нь шийдсэн цогцолборыг 3-4 газар байгуулахаар Улаанбаатар хотын 2020, 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрт тусгаад байна. Та бүхнийгээ Үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй амьдрах эрхээ эдэлж, үр хүүхэд, ач зээдээ сэтгэл зовнихгүйгээр амьдрах таатай хотыг ойрын 6 жилд бид бий болгох болно. Та бүхний итгэл найдварыг алдахгүй ажиллана. Азай буурлууддаа аз жаргал, сайн сайхныг чин сэтгээлээсээ хүсье ” гэж хэллээ. Нийслэлийн “Ахмадаа хүндэлье” хүндэтгэлийн арга хэмжээ баярын тоглолтоор үргэлжилсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж