Өвөр Монгол барилгажиж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Өвөр Монгол барилгажиж байна

Монгол-Хятадын Хэвлэл мэдээллийн ажилтнуудын дөрөвдүгээр форум өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д болохыг тохиолдуулан Өвөр Монголын өөртөө засах орны нутгаар дайран өнгөрч, Бугат хотод хэсэг саатав.

Бугат хот нь ӨМӨЗО-ны баруун хэсэгт оршдог бөгөөд аажмаар хөгжиж ирсэн аж үйлдвэрийн, газрын ховор элементийн хот гэдэг юм. Хүн амын хувьд их хачирхалтай. ӨМӨЗО 24,8 гаруй сая хүн амтайгаас 4.5 сая нь Монгол үндэстэн ажээ. Үүнээс Бугат нь дагуул хот хэрнээ Монголтой тун төстэй 2.65 сая хүн амтай. Буга олноороо байсан учраас Бугат гэж нэрлэгдсэн уг хотын төлөвлөлтийг анх 1950-аад оны үед хийж эхэлсэн бөгөөд байгалийг гүйцэт ашиглаж, хамгаалан хот, байгалийн хөгжил бие биенээ дэмжсэн байх үндсэн зорилтын дор бүтээн байгуулалтыг алгуур, аажуу хийж байна.

Ингэхдээ хот  байгуулахдаа ногоон байгууламждаа түлхүү анхаардаг нь хотын хаа сайгүй явахад харагдана. Тухайлбал, ногоон байгууламжийг эзлэх газрыг эзэмшин үлдээх, байгууламж болгоны барилгын дизайн болон гол хэсгийн бэлгэ тэмдгийг чанартай барилга, худалдааны төв зэрэг гол бүтээн байгуулалтыг хувийн эзэмшил бусаар авч үлдэх үндсэн бодлоготой ажээ. Бугат хот нь БНХАУ-ын баруун бүсэд оршдог, байгалийн нөхцөл нөхцөл харьцангуй муу, жилдээ ордог хур тунадасны хэмжээ дөнгөж 300 мм орчим байдгаас хотыг “ногооруулах” нэн шаардлагатай. Тиймээс үүнийг ӨМӨЗО-ны нэгдсэн бодлогоор нэг барилга барихад ногоон хэсэг буюу мод, бут, өвсөрхөг хэсгийг нэгээр нэмэх, зам тавих бүрт замын нэг зурвасыг ногооруулж, үндсэндээ хотыг ороосон ойн зурвас байдлаар бүтээн байгуулж, дөрвөн улирлын туршид ногоон өнгөтэй, гурван улиралд цэцэгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн системээр шийддэг байна. Хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж нь тэр газраа угийн ой мод байсан мэт харагдуулах юм. Одоогийн байдлаар 10 мянган ам/метрээс дээш талбайтай ногоон байгууламж 39 байдаг бөгөөд нийт хотын газар нутгийн 42 хувийг ногооруулж чадсан нь Бугат хот байлаа.

Дэд бүтцийн хувьд, Даланхар зам, Ардын өргөн чөлөө, Жяньхуа гудамж зэрэг 100 гаруй замуудыг шинээр барьсан бөгөөд нийт 1479 км Бугат хотыг “ороосон” бол 2062 км усны хоолойн, сүлжээтэй ажээ.

Хотыг нийтэд нь ажиглан явахад хуучин барилгын хэв шинжийг хадгалсан хоёр давхар туйпуун байшингаа нурааж байгаатай хотын захаар явахад тааралдана. Үндсэндээ ӨМӨЗО хуучин барилгаа ашиглалтаас гаргаж, шинэ байшингаар өнгө нэмсээр байна. Шинээр барьж буй барилгын хэв шинж, архитектурын шийдэл нь ажиглан явсан миний хувьд, нэгэн хэвийн тэгш өнцөгт, өндөр, нарийнхан санагдсан.  Манайхаар “Туушин” компанийн барилгатай төсвтэй барилгууд ихэвчлэн баригдаж байх юм. Илүү, дутуу хэлбэртэй өнцөг, дугуйрсан хэлбэр, хийцийг эндэхийн барилгын гадна заслаас ховорхон харна. Энэ нь нэг талаараа хотыг цэмцгэр харагдуулах авч уйтгартай юм шиг санагдсан.

Ямартай ч Өвөр Монголынхон манайх шиг нэг өглөө сэрээд харахад гэнэт том барилга барьчихсан байхаар биш, аажмаар чанартай барьж байна. Барилгын ажил нь иргэдийнх нь хувьд энгийн үзэгдэл бөгөөд хотын амьдралын нэг хэсэг болтлоо замын болон ойр орчмын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр үргэлжилдэг юм байна.  Хамгийн гол нь хүрээлэн буй орчноо эрүүл байлгахын тулд ногоон байгууламжийг гойд анхаардаг ажээ. Гэтэл Монголын хувьд, тусгай зөвшөөрөл зах, замбараа нь олдохооргүй, барилга барьсаныхаа дараа танил талаараа дамжуулан дэд бүтцийнхээ асуудлыг шийдүүлэх, ногоон байгууламж байгуулахыг ор тас мартсан байдлаар ханддаг. Өвөр Монголчуудын эко сэтгэлгээтэй бүтээн байгуулалтын арга, туршлагаас авч хэрэгжүүлвэлУлаанбаатар эко хот болох ч юм билүү.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж