Бүтээн байгуулалтын дээд шагнал олгоно

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулалтын дээд шагнал олгоно

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал тухайн байгууллагынхаа нэр төрийн баталгаа болно

Нийслэлийн 374 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж, “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ” –ыг энэ жилээс эхлэн,  нийслэлийн өдрөөр олгож байхаар боллоо. Шагналыг тухайн жилд үйл ажиллагаа явуулж, ашиглалтад оруулсан Барилга, байгууламж, Дэд бүтэц, инженерийн байгууламж, Авто зам, автозамын байгууламж, Дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэрүүдээс  сонгон шалгаруулах юм. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагууд өөрийн дүүрэг болон салбарт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтаас  сонгон жил бүрийн 10-р сарын 15-ны дотор нэр дэвшүүлэх боломжтой. Нэр дэвшсэн бүтээн байгуулалт нь  Хөрөнгө оруулалтын хэмжээ, далайцаараа дэлхийн жишигт хүрсэн, техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, ажлын байрны тоо олноор бий болгосон, Эрүүл аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан, нийслэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон байх зэрэг  шаардлагуудыг хангасан байна.

Эцсийн шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба,  Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн,  эрдэм шинжилгээ судалгааны төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн  төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийх юм. Нэр дэвшсэн бүтээн байгуулалтын мэдээллийг www.ulaanbaatar.mn цахим хуудас, “Нээлттэй Улаанбаатар” facebook хаягт байршуулан нийтэд зарлаж, тухайн бүтээн байгуулалтыг дэмжсэн иргэдийн “like” дарсан тоог шалгаруулалтад харгалзан үзнэ.  Шагнал нь нийслэлийн Засаг даргын захирамжийн бичвэр бүхий цом байх бөгөөд нэг жилд 3-аас дээш бүтээлд олгохгүй. Энэхүү шагнал нь тухайн бүтээн байгуулалтын үнэ цэнэ, хүртээмжийг тодорхойлох бөгөөд бүтээсэн байгууллагынхаа нэр төрийн баталгаа болох юм   гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж