Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ
Эрх чөлөөний дайсан-2

Доктор Б.Батчулууны “Эрх чөлөөний дайсан” номыг цувралаар хүргэж байна.

Нэгэн “хачирхалтай” үзэл үүссэн нь

Яагаад хачирхалтай үзэл гээд байгаа юм бэ гэж үү! Найман настай балчраас аваад наян настай өтгөс, мэдээ-мэдээллээс алслагдмал байдаг малчид, нийгмийн хамгийн үл бүтэх хүмүүс болох шоронгийн хоригдлууд хүртэл хүлээн зөвшөөрдөг зүйлс болох төр, татвар, нийгмийн халамж гэх мэт зүйлсийг эсэргүүцдэг үзлийг хачин гэхгүй өөр юу ч гэлтэй билээ. Та өөрийгөө аваад явчих ухаан бодол, тэсвэр тэвчээртэй, хэрэглэсэн үедээ бусдад муу юм хийхээргүй боловсрол, хүмүүжилтэй бол марихуан татаж болно, нөгөө хүн чинь сайн дураараа зөвшөөрч хүсэж байгаа бол ижил хүйстэнтэйгээ гэрлэж, амьдарч болно, порно ч бай, биш ч бай ямар ч ном уншиж, кино ший үзэх нь таны бүхэн эрхийн асуудал гэх мэтээр тогтсон ёс заншилд харш ийм үзлийг хачин гэхгүй өөр юу гэхэв. Хамт олонч, бусдын төлөө гэх үзэл нь нийгмийн хөгжлийг хойш татаж, өөрийгөө бодох үзэл, практик нь нийгмийг авч явж байжээ гэвэл хачин биш гэж үү!
Патриархи маягийн ёс заншил, хэт консерватив оюун санаа, захирах захирагдах ёсны гүн уламжлалтай орны иргэн бидний зүүдэнд ч оромгүй ийм яриа ямар нэг авантюрист биш орчин үеийн улс төрийн философийн хамгийн нөлөө бүхий урсгалаас гарч байна. Тийм ээ, либертари үзэл бол хамгийн гарцаагүй, ойлгомжтой гэж тооцогддог зүйлс болох төрийг эсэргүүцэж, хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг үзэл.ЛИБЕРТАРИ ҮЗЛИЙН ӨЛГИЙ – ЕВРОП

Анхдагч элементүүд. Эртний Грекийн философич Эпикурын хэлснээр “Юу ч үгүйгээс юу ч үүсэхгүй”. Тэгвэл энэ үзэл ч гэсэн юу ч үгүйгээс үүсээгүй байж таарна. Бүр эртний уламжлалыг МТӨ VI зууны үед амьдарч байсан Хятадын философич Лао-Ци, МТӨ 95-46 онд амьдарч байсан Эртний Ромын төрийн зүтгэлтэн Като, 1215 оны үед бослого гаргасан ноёдын шахалтан доор Английн хаан Жонын баталсан Магна Харти зэрэгтэй холбодог. Ялангуяа Магни Хартид хааны (төрийн) эрх мэдлийг хязгаарлаж, татварын хэмжээг багасгах заалт тусгаснаараа улс төр, эдийн засгийн эрх чөлөөний заалт орсон баримт бичиг гэж тооцогддог.
Ер нь Европ дахь жүүд-христийн уламжлалт утга зохиолд төрийн эрх мэдлийг хязгаарлах гэсэн санаа багагүй байдаг. Христ нэгэн удаа татвар төлөх нь зөв эсэх тухай дагалдагчдынхаа асуултанд “Цезарьт (төрд) өгсөн зүйл Цезарийнх болно, Бурханд өгсөн зүйл бурхных болно” хэмээн хариулсан байдаг. Эндээс хүмүүсийн төрд өгч байсан татварт Христ дурамжхан хандаж байсан нь харагддаг. Рожэр Бэкон, Фома Аквинский гэх мэт шашны зүтгэлтнүүд ч төрийн эрх мэдлийг хязгаарлах талаар санаа оноо гаргаж байв. Үүнээс хойш XVI-XVII зуунд гарсан Шашны шинэчлэл, Сэргэн мандалт, Гуманистуудын хөдөлгөөн зэрэг нь либертари үзлийн хувьд асар их ач холбогдолтой үйл явдлууд болсон юм. Ялангуяа гуманизм нь “хүнийг дээдлэх” дэвсгэр-үзэлтэй хөдөлгөөн байлаа. Энэ бүхнээс гадна энэ номыг зохиогч миний сайн мэдэхгүй Магдэбургийн хууль , Алтан тогтоол , Английн лювэллэрчүүд  (эднийг “өөрөө өөрийгөө мэдэх” зарчмыг анх гаргасан хүмүүс гэж үзэж болно) гэх мэт дэвшилтэт хүмүүс болон хуулиуд гарсан гэдэг.

Жон Локк ба Адам Смит. Гэхдээ либертари үзлийн жинхэнэ утга-санаа ном зохиолд нь тод илэрч, хожмын либертари үзэлтнүүд тулгуурлах бүтээлийг бичсэн хүмүүс бол яах аргагүй Английн философич Жон Локк, Шотландын философич, эдийн засагч Адам Смит нар юм. Зохиогчийн бодлоор энэ хоёр хүн бол либертари сэтгэлгээний тулгын чулууг тавигсад мөн.

Жон Локк 1632 оны VIII сарын 29-нд Английн Сомерсет гүнлэгийн Рингтон хотноо төрж, 1704 оны X сарын 28-нд Эссэкс гүнлэгийн Оатэс хотноо насан өөд болжээ. Эхлээд Оксфордын Их сургуульд анагаах ухаан, шинжлэх ухаанд суралцаж төгсөөд эмч болов. Дараа нь Английн нэрт философич, улс төрч III Шафсбэрригийн зөвлөх, багшаар ажиллажээ. Локкийг Францад очоод байхад Шафсбэрри эрх мэдлээсээ унасан тул тэрээр 1683 онд Нидерланд уруу өөрийг нь дэмждэг III Уильям дээр очив. Локк 1688 оны Сүр жавхлант Хувьсгалын дараа Англид буцан ирж Дээд шүүхийн гишүүнээр насан эцэс болтлоо ажиллажээ. Тэрбээр философич хүний хувьд Хүний ойлголтын тухай эссэ хэмээх гол бүтээлээ туурвисан юм. Гэхдээ бидний хувьд 1690 онд хэвлүүлсэн Засаглалын тухай хоёр шашдир бүтээл нь онцгой анхаарал татдаг. Тэрээр энэ бүтээлдээ хүмүүний төрөлх эрх, төрийн эрхийг хязгаарлахуй, захирагчид олон түмэндээ үйлчлэх тухай санаануудыг гаргасан байдаг. Чухамхүү энэ зарчим, санаа нь Америк, Францын хувьсгал болон АНУ-ын Үндсэн хуулинд нөлөөлсөн юм. Локк Засаглалын тухай хоёр шашдир бүтээлээрээ либертари үзлийн суурь зарчмыг тунхаглав (Мэдээжээр либертарианизм гэсэн нэр томъёо тэр үед гараагүй байсан). Локкийн үед хамгийн их нэр цууд гарсан философич бол Т.Хоббс байлаа. Хоббс хүний мөн чанар бол угаасаа муу ёрын шинжтэй, “хүн нэг нэгэндээ чоно” (дашрамд хэлэхэд, энэ бол түүний хамгийн алдарт афоризмын нэг) гэж үзэж байсан учраас хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулахад төр гарцаагүй хэрэгтэй гэвэй. Энэ хүчтэй сэтгэгчийн эсрэг тэмцэх шаардлага Локкод тулгарсан юм.
Локк хэнд ч байгалиас заяасан засаглах эрх, өөрөөр хэлбэл, хэнд ч бусдыгаа захирах төрөлх эрх байхгүй гэж үзэв. Үүнийгээ хүн бүр адил тэгш төрдөг гэсэн христийн номлолтой холбон тайлбарлалаа. Тэрээр “нийгмийн гэрээгээр” төрийг байгуулдаг гэж үзсэн ч төр нь сонгогчдынхоо эрх ашгийн эсрэг явах юм бол түүний эсрэг тэмцэж, өөрчилж болно гэж үзсэнээрээ эрх чөлөөний засаглалыг хамгаалсан юм. Эрх чөлөө гэдэг бол байгалийн хуулийг дагаж мөрдөх явдал, байгалийн хууль нь бусдын юмыг авахыг хориглодог гэх мэтээр үзжээ. Тэр, ХҮНИЙ ТӨРӨЛХ ГУРВАН ЭРХ: АМЬДРАХ – ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ – ӨМЧЛӨХ эрхүүдийг тунхаглав. Энэ нь либертари үзлийн үндсийн үндэс болсон санаа байлаа. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хожмын бүх аугаа баримт бичиг – АНУ-ын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг нь бүгд эдгээр зарчим дээр шууд суурилсан юм.
Локк энэ бүтээлдээ төрийн эрх мэдлийг хязгаарлах санааны үүднээс  засаглал хуваарилах зарчмыг анх гаргасан. Гэтэл одоо хүмүүс энэ санааг Монтескью гаргасан гэж ямар үндэслэлтэй хэлдгийг би сайн мэддэггүй. Магадгүй, Локкийн энэ санааг тусгайлан авч үзэн, нэгэн сэдэвт зохиол бүтээсэн болохоор нь тэгдэг байж ч болох юм. Шотландын нийгмийн философич, улс төрийн эдийн засагч Адам Смит 1723 оны VI сарын 05-нд Шотландын Фифэ гүнлэгийн Кирккалди хотод төрж, 1790 оны VII сарын 17-нд Эдинбургт насан эцэслэжээ. Гаалийн ажилтны хүү тэрээр Глазгоу, Оксфордын Их сургуулиудад суралцав. 1748 оноос Эдинбургт уншсан цуврал лекц нь түүнийг Давид Хюмтэй насан турш нөхөрлүүлж, Смитийг 1751 оноос Глазгоуд багшлах ажилд ороход тус болжээ. 1759 онд Ёс зүйн онол-оо хэвлэгдсэний дараа тэрээр ирээдүйн гүнтэн Буклеухын багш болж улмаар Францаар аялах үедээ тэндхийн гол гол сэтгэгчидтэй танилцсан байна.

Смит 1776 онд есөн жилийн хөдөлмөрийнхөө үр дүн болсон Үндэстний баялгийн мөн чанар, шалтгааны талаарх судалгаа бүтээлээ хэвлүүлэв. Энэ нь улс төрийн эдийн засгийн ухааны анхны системт судалгаа байлаа. Энэ номонд байх үл үзэгдэх гар, хувь хүний эрх ашгийн тухай санаанууд либертари үзлийн суурь зарчим болдог. Сонгодог эдийн засгийн суурийг тавьсан энэ бүтээл Смитэд ихээхэн нэр хүндийг авчирсан юм. “Капитализмын библи” гэж нэрлэгддэг энэхүү бүтээлд чөлөөт зах зээлийг магтан дуулжээ. Смит 1777 онд Шотландын гаалийн албанд түшмэл, 1787 оноос Глазгоугийн Их сургуулийн ректороор насан эцэс болтлоо ажилласан юм. Локк Хоёр шашдир-аараа улс төрийн эрх чөлөөг үндэслэж өгсөн бол эдийн засгийн эрх чөлөө буюу чөлөөт зах зээлийн онолыг А.Смит Үндэстний баялаг бүтээлээрээ тавьж өгчээ. Капитализм нь хүмүүсийн хувийн болон эдийн засгийн үйл ажиллагаанд төр оролцоогүй, зөнд нь орхисны үр дүн гэдгийг энэ номын үндсэн үзэл санаа өгүүлдэг. Зах зээлийн нийгэм дэх зохицуулалт бол “үл үзэгдэх гар” юм. Энэ гар зах зээл дээр аяндаа тогтсон үнэ болно. Энэ үнэ нь зах зээлд “тулган хүлээлгээгүй эмх журмыг” тогтооно. Энэ нь либертари онолыг үндэслэхэд түүний оруулсан гол хувь нэмэр байлаа. Ер нь зах зээл гэдэг бол аяндаа тогтсон эмх журам юм.
Зах зээлийн нийгэм нь цаад мөн чанараараа хэн нэгэн дээдэст зориулагдсан нийгэм биш, хамгийн жирийн хүмүүсийн нийгэм байдаг. Нийгмийн баялаг, худалдаа арилжаа, өрсөлдөөн нь хэрэглэгч, үйлдвэрлэгч гээд нийгмийг бүрдүүлэгч нийт хүмүүсийг хамрахгүйгээр эс гүйцэлдэнэ. Хүн өөрийн өмч-хөрөнгөөр хүссэн зүйлээ үйлдвэрлэх нь хүмүүний өмчлөх эрхийн хамгийн тод илрэл. Үйлдвэрлэсэн зүйлээ хаана, хэнд зарах нь төрийн биш тухайн өмчийн эзний мэдлийн хэрэг. Энэ эрхэд төр хөндлөнгөөс оролцох ёсгүй. Тэгэхээр өмчлөх эрх гэдэг нь эрх чөлөөний асуудалтай өөрийн эрхгүй холбогддог. Нийгэмд амьдарч байгаа хүн “амиа бодож” баялаг хуримтлуулахыг хүсэх юм бол яах аргагүй нийтийн эрх ашгийг харгалзахаас өөр аргагүй болдог зүй тогтолтой. Бусдын эрэлтийг харгалзаагүй ямар ч үйлдвэрлэл баялаг болж чадахгүй. Товчоор хэлэхэд, нийтийн тулд зогсох амиа бодогч – энэ бол капиталист зүй тогтол. Энэ мэт санаанууд нь либертарианизмын уг сурвалж болж өгчээ.

Ж.С.Милль ба бусад хүмүүс. Энд дурдагдах ёстой нэгэн сэтгэгч бол Английн сэтгэгч “Хүү Милль” буюу Жон Стюард Милль (1806-1873) юм. Тэрээр Эрх чөлөөний тухай бүтээлдээ төрийн эрх мэдлийг хязгаарлах тухай асуудлыг авч үзжээ. Эцэг Жэймс Милль нь түүнийг хатуу гараар хүмүүжүүлж, 3 настайгаас нь грек хэл судлуулан, янз бүрийн шинжлэх ухаанаар хичээллүүлж байв. Хожим нь тэрээр надад хүүхэд нас гэж байгаагүй, би хэзээ ч крикет (Англи болон түүний колони орнуудад ихэд тархсан спорт тоглоом) тоглож үзээгүй хэмээн гомдоллосон байдаг. Магадгүй, энэ бүхэн нь түүнийг эрх чөлөөний тухай нухацтай авч үзэхэд хүргэсэн байж ч болох юм! Хүү Милль өөрийн эцэг болон эцгийнхээ найз Бэнтамын нөлөөгөөр утилитари үзлийг (нийтийн эрх ашгийн төлөө хувь хүний эрх ашгийг зөрчдөгөөрөө энэ үзэл либертарианизмд харш) сонирхож, социалист үзэлтэй эхнэрийнхээ нөлөөгөөр либертари үзлээс жаахан холдсон байдаг. Ер нь түүнийг либертари үзлийн үүднээс авч үзэх юм бол нэлээд зөрчилтэй сэтгэгч гэж хэлж болно. Эрх чөлөөг магтан дуулагч тэрээр анархизмыг ч эсэргүүцэж байв. Гэхдээ ямар ч байсан түүний Эрх чөлөөний тухай эссэ бол либертари утга зохиолын санд орох ёстой бүтээлийн нэг гарцаагүй мөн .

Дээр дурдагдсан суутнуудаас гадна Хууль, Эдийн засгийн софизмууд, Эдийн засаг дахь эв зохицол зэрэг бүтээл туурвисан Ф.Бастиа, Улс төрийн шинжлэх ухааны шинжилгээ ном бичсэн Ж.Б.Сэй зэрэг хүмүүс либертари үзлийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулсан сэтгэгчид билээ. Дашрамд хэлэхэд, энэ бүх номнууд нь монгол хэлнээ хөрвүүлэгдэн гарсан. Ялангуяа Бастиад их анхаарал тавибал зохино. Тэрээр сэтгэлгээний гүн гүнзгий чанараар төдийгүй уран яруу, ойлгомжтой бичлэгээрээ алдаршсан нэгэн билээ.

ЛИБЕРТАРИ ҮЗЛИЙН БИЕЛЭЛ – АНУ

Америкт анх дүрвэн очигсод. Хайр найргүй шарах хурц наран доор зах хязгаар нь үл харагдах далайд хөвөх нэгэн дарвуулт хөлөг дээр ядарч зүдэрсэн хүүхэд, хөгшид, эрэгтэй, эмэгтэй нийлсэн 50-60 хүн байх аж. Далайн шуурга, онгоцон дээр гарсан халдварт өвчин, хоол хүнсний дутагдлаас болж Ирландаас хамт гарсан хүмүүсийнхээ талыг алдчихаад яваа энэ хүмүүс бол Атлантын далайг гатлан Америк уруу дүрвэж буй “хуучин тивийн”-хэн юм. Тэднийг Америкт очиход дасаж идээшсэн зүйл, соёл иргэншлээс нь юу ч байхгүй. Тэнд онгон зэрлэг байгаль, байгалийн хамгийн хатуу ширүүн сорилт шалгалт л угтана. Эмнэлэг, сургууль, орон байр, сүм хийд тэр ч бүү хэл хоол хүнс ч байхгүй. Шинжлэх ухаан, урлаг, философи, хууль цааз, төр-засаг гээд соёл иргэншлийн үзэгдлийн талаар санахын ч хэрэг байхгүй.
Энэ хүмүүс яах гэж дасаж сурсан орчноо орхин энэ зэрлэг, аглаг газар уруу амь тэмцэн зүтгэнэ вэ? ЭРХ ЧӨЛӨӨ. Ганцхан эрх чөлөөний төлөө л ийм зовлон зүдүүртэй аялал хийж яваа юм. Хуучин тивд нь улс төр, эдийн засгийн ямар ч эрх чөлөө байсангүй. Тэдний хаана, яаж амьдрахыг төр л мэднэ. 3-4 сар асар хүнд ажил хийж байж арайхийж бүтээсэн бүтээгдэхүүнийх нь  хагасыг нэг цаас барьсан түшмэл ирээд аваад явчихна. Тэр бол зүгээр нэг цаас биш, хууль. Төр хуульчлагдсан дээрэм хийж байгаа нь тэр. Тэр бүү хэл  “анхны шөнийн алба” гэх мэт ёс суртахууны хувьд тэвчихийн аргагүй хууль-тогтоомжийг төрөөс гаргаж байлаа. Эдгээр дүрвэгсэд мэдээж Локк, Смитийг уншаагүй байсан. Гэхдээ төр, түүний гаргасан хууль цааз буруу болохыг зөнгөөрөө мэдэрч байсны улмаас ингэж дасаж сурсан бүх зүйлээ хаян, амь амьдралаа золиослон Америк тив уруу тэмүүлцгээсэн юм.

Америкт ирээд тэдний хийх анхны зүйл нь орон-байраа босгож, амьдралаа залгуулах аж ахуйтай болох явдал байв. Тэр хүмүүс оргүй хоосон энэ аглаг буйд газар ирээд газар хагалж, тариа тарьж, орон-гэрээ барьж байхдаа “Энэ өмчид минь хэн ч халдах ёсгүй. Хэн ч байсан миний бүтээсэн энэ зүйлээс юуг ч авах эрх байхгүй, би хэнд ч өргүй” гэдгээ мэдэж байлаа. Тийм ч учраас раэнч (эдлэн) дээрээ буу бариад зогсож байхдаа эрх чөлөөт иргэн гэдгээ гүнээ ухамсарлаж, зориг төгс байсан. Энэ хүмүүс бусдыг өөр шигээ эрхтэй гэдгийг мэддэг учраас хүний бүтээсэн зүйлийг татварын хууль хэмээх хүчирхийлэл, хуурмаглалаар авч болохгүй гэдгийг яс махандаа хүртэл мэдэрч байв.
Шинээр бий болж байсан энэ нийгэмд хувь хүн юу сонирхох, ямар ном уншиж, ямар шашин шүтэх нь тухайн хүний хувийн хэрэг байсан бөгөөд өөрөө ч бусдын тийм эрхийг хөндөж болохгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй амьдарч байлаа.
Тэд гарцаагүй болсон тохиолдолд зөвхөн өөрсдийн тусын тулд төрийг байгуулах бөгөөд түүнийгээ хэрээс хэтрэх вий гэсэн болгоомжлолын үүднээс маш ул үндэстэй боловсруулсан зарчим гаргана. Тэр зарчмаа Үндсэн хууль хэмээн нэрийдэх болно. Тэд 1910–аад он хүртэл энэ зарчим буюу Үндсэн хуулиараа төрийг маш хянуур цагдсан байдаг. Энд бид либертари утга зохиолд нэр нь төдий л дурдагддаггүй боловч либертари үзэлд багагүй хувь нэмэр оруулсан хоёр хүний тухай дурдъя. Томас Пэйнийн (1737.I.29-1809.VI.08) Америкийн хувьсгалд оруулсан хувь нэмэр асар их юм. Тэр үед 3 сая хүнтэй байсан Америк оронд түүний бичсэн Нийтлэг мэдрэмж хэмээх ном 100.000 ширхэг хэвлэгдэн, хүн бүр түүнийг нь уншиж, судалж байв. Бичиг мэддэггүй нь мэддэг хүмүүсээр уншуулан утгыг нь яриулж байжээ. Түүний бичсэнээр “бидэнд байдаг сайн сайхан зүйл нийгмийг бий болгодог бол бидэнд байдаг муу муухай зүйл төрийг бий болгодог… Хамгийн сайн төр ч гэсэн тэвчихийн аргагүй муу зүйл.” Пэйн, мөн тулган хүлээлгээгүй эмх журмын сайн талыг магтан дуулсан байдаг.

Хэнри Давид Торөү (1817.VII.12-1862.V.06). Харвардын Их сургууль төгссөн тэрээр багшлах, хэвлэн нийтлэх ажил эрхэлж нэг хэсэг явжээ. Тэгээд жирийн иргэн хэнд ч хор хөнөөл учруулахгүй хэрхэн амьдарч болдгийг үзүүлэхийн тулд Конкордын Уолдэн Пондод урц овоохойд амьдарч байв. Тэр аливаа хүчирхийллийн эсрэг Иргэний дуулгаваргүй байдал эссэ бичсэн нь либертари үзлийн нэг үндсэн зарчим болсон төдийгүй хожим Махатма Ганди, Мартин Лютер Кинг зэрэг хүчирхийлэлгүйн философиор улс төрийг бүтээсэн хүмүүсийн үйл ажиллагаанд ихэд нөлөөлсөн байдаг. Мөн боолчлолын эсрэг олон эссэ туурвиж АНУ дахь хүний эрхийн онолын үндсийг тавьсан юм. АНУ-ын Үндсэн хууль. Энэ нь түүхнээ гарсан либертарианизмын гайхамшигт баримт бичиг мөн. 1776 он бол ер бусын жил байжээ. Энэ онд А.Смитийн Үндэстний баялаг, Т.Пэйнийн Нийтлэг мэдрэмж номнууд хэвлэгдсэн төдийгүй Томас Жэффэрсоны эхийг нь зохиосон Тусгаар тогтнолын Тунхаг-т америкчууд гарын үсгээ зурцгаалаа. Бүх хүн эрх тэгш төрдөг, тэд амьдрах, өмчтэй байх, эрх чөлөөг эдлэх төрөлх эрхтэй гэсэн локкоч уламжлал энэ баримт бичигт нэвт шингэжээ.
Эрх чөлөөт хүмүүс ямар төр-засагтай байж болохыг заасан баримт бичиг болох АНУ-ын Үндсэн хууль энэ тунхгийн үзэл санаан дээр тулгуурлан бичигдсэн юм. Үндсэн хуулийн “эцэг” болсон хүмүүс төрийг сайтар хязгаарлаж чадлаа гэж үзэж байсан учраас “ийм хязгаарлагдмал төр хувь хүний хязгааргүй эрх чөлөөнд халдаж чадахгүй” хэмээн ихэд баяртай байсан гэдэг. АНУ-ын Үндсэн хуулинд төрийн эрх мэдлийг тоочин бичсэн атлаа хувь хүний эрхийг тоочилгүй орхив. Хязгаартай зүйлийг тоочиж болдог бол хязгааргүй зүйлийг тоочин бичих аргагүй. “Хувь хүний эрх чөлөөг ихэсгэх” гэсэн үгийг өөр үгээр илэрхийлэх юм бол “төрийн эрхийг хязгаарлах” хэмээн буудаг аж. Тиймээс энэ хоёр нь ерөөсөө зоосны ар өвөр тал гэсэн үг ажээ.

АЗ, ЭЗ ХОСОЛСОН ХХ ЗУУН

Либертари “тулнууд”. ХХ зуун бол либертари үзлийн хувьд аз, эз хосолсон зуун байлаа. Орос, Герман зэрэг олон оронд коммунизм, фашизм хэмээх тоталитари-коммунлаг нийгэм гарч ирсэн нь эсрэг талдаа боолчлол, дарангуйллаас болгоомжлох, эрх чөлөөний үзэл санаа улам ихээр түгэн тархах, хүний эрхэд татагдах явдлыг өдөөсөн юм. Тийм ч учраас энэ зуунд хамгийн том либертари үзэлтнүүд төрөн гарчээ. Людвиг фон Мизес, Ф.Хайк, А. Рэнд, М.Фридман, М.Ротбард: ХХ зууны гайхамшигт либертари үзэлтнүүд. Хоёр нь (Хайк, Фридман) Нобелийн шагнал хүртэж, нэг нь (Мизес) түүнд тодорхойлогдож, нөгөө хоёр нь (Рэнд, Ротбард) тэр шагналд ч томдохоор болтлоо нэр алдар нь түгсэн хүмүүс. Эдний араас Р.В.Лэйн, Э.Петерсон, Х.Л.Мэнкэн, Х.Хайзлит, А.Ж.Нок, Р.Нозик, Д.Боаз, Д.Бэргланд, К.Скүланд гэх мэт тоо томшгүй олон хүн либертари үзлийг өртөөлөн улаалсаар XXI зуунд авчирлаа. Эдийн засгийн Австри сургуулийнхан. ХХ зууны либертари үзлийн хөгжилд томоохон байр эзэлдэг хүмүүс бол яах аргагүй “Эдийн засгийн Австри сургуулийнхан” билээ. Энэ сургуулийн олон төлөөлөгч байдгийн дотор дээр нэр нь дурдагдсан Мизес, Хайк нарыг юуны түрүүнд хэлэх ёстой.
Үндсэндээ Адам Смитийн чөлөөт зах зээлийн онолыг баримталж “хөндлөнгөөс бүү оролц”  зарчмыг хөгжүүлсэн хүмүүс. Чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, төлөвлөлт, төрийн оролцоо, протекционизмыг шүүмжилсэн шүүмжлэл нь тэдний үзэл санааг хар аяндаа төрийн эсрэг хандуулахад хүргэжээ. Эдгээр хүмүүс либертарианизмыг эдийн засгийн талаас үндэслэж, социализмыг онолын хувьд бут ниргэсэн юм. Энд нэр нь гарч буй төлөөлөгчдийн санаа оноог хойшид өгүүлэгдэх сэдвүүд дээр илүү тодорхой авч үзэх болно.
Эдийн засгийн Австри сургуулийнхны буухиаг Милтон Фридман тэргүүтэй “Чикагогийн хөвгүүд” авсан юм. Дашрамд хэлэхэд Фридманы заасан замаар явсан Чилийн эдийн засаг өсөж өндийн өнөөгийн элбэг хангалуун, хүчирхэг эдийн засаг болсон билээ (Чилийн эдийн засгийг сэргээхийн төлөө Пиночеттэй хамтран ажилласан нь Фридманыг нэлээд хэл аманд өртөхөд хүргэсэн).

ЛИБЕРТАРИ ҮЗЭЛ БА МОНГОЛ

Төрийг шүтдэг фетишист үзэл хийгээд патерналист уламжлал. Монгол бол түүх, уламжлал, шашин, соёл, сэтгэлгээний хэв маягийн хувьд яах аргагүй Дорнын орон. Дорно гэдэг бол төрт ёсны хувьд айхтар диспот уламжлалтай газар нутаг байдаг билээ. Хятад, Япон, Солонгос, Монгол гээд бүгд адил. Бүгд л төрд фетишист маягаар хандана. Н.А.Бердяев төрд хандах Дорнын сэтгэлгээний хэв маягийг илэрхийлэхдээ төр бол тэдний хувьд зөвхөн “шүтэн биширч байх ёстой сүм” гэсэн байдаг. Түүнд хүн бүр очиж бишрэн мөргөж, хүндэтгэлээ илэрхийлж байх ёстой. Энд raison d’etate (төрийн шаардлага) хамгаас дээгүүр байна. Ямар ч анархист, индивидуалист, либерал үзлийн уламжлал байгаагүй.
Тэр тусам Монголд либертари уламжлал тун ховор: манай ард түмэн түүхээсээ Модун Шанью, Чингис хаан, төрөө дээдлэх монгол ёс, “төрийн сүлд өршөө” гэх мэт ёс заншил, зүйр үгээр хүмүүжиж ирсэн. Дээр нь нэрмээс болоход ХХ зууны 20-иод оноос төрийн хамгийн хатуу харгис хэлбэр болох пролетарийн диктатур тогтож байсан учраас хүмүүсийн сэтгэхүйд төрд фетишист маягаар хандахаас өөр хандлагын өчүүхэн ч элемент үлдээгүй. Ийм уламжлалт нийгэмд төрийг шүүмжилнэ гэдэг бол хамгийн ариун нандин зүйлд нь халдаж, өөрсдийг нь доромжилсонтой адил сонстдог. Патернализм бол монголчуудын ахуйн үндсэн шинж учраас ямар ч тохиолдолд ахмад хүн, аав ээжийн зөв байдаг, хувь хүн ямагт олон түмнээ дагах ёстой гэсэн бодол санаа ноёрхоно. Монгол айл гэрт эцэг хүн бол бүгдийг захирагч. Ийм айл гэрт аав, ээж нь үр хүүхдээсээ зөвшөөрөл авч огт мэддэггүй, тэдний өрөөнд “дайран” орж хичээлийн цүнх болон хувийн эд зүйлд нь хамаагүй халддаг. Аав ээжүүд үр хүүхдээ өөрсдийн адил гэр бүлийн бүрэн эрхт гишүүн гэж үздэггүй учраас найз нөхдийг нь гэртээ оруулдаггүй, гадаа гудамж хонгилд уулзуулдаг, ер нь тэднийг өөрсдийнхөө өмнө хэн ч биш гэсэн ойлголтыг яс маханд нь шингэтэл өгнө. Ийм айл гэрийн хүүхэд “миний зөв ч байсан хүчний харьцааг харж байгаад бодлоо хэлье”, “миний энэ сонголтыг аав ээж юу гэх бол, энэ асуудал дээр тэр дарга, энэ хүн, тэр гуайн үгийг сонсъё” гэх мэтээр хар багаасаа индивидуаль шинжгүй өсөж хүмүүждэг.1921 оноос шинэ нийгмийн байгуулал хөгжсөн боловч тэр коммунист нийгэмд нөгөөх төр маань “сахил хүртээд шал дордов” гэдэг шиг юм болсон. Ийм төр социализм-коммунизмыг байгуулж байсан бүх оронд бий болсон юм. Энэ нь өнгөндөө “бүх ард түмний төр” гэдэг нэртэй байсан боловч үнэндээ түүхэн дэх хамгийн харгис, хатуу төр байлаа. Ер нь ч өөрийгөө “диктатур” гэдгийг шууд зарласан жинхэнэ цагдаагийн төр (Police state) байсан юм.

Өнөөдөр. 1990-ээд оноос ардчилал хөгжсөн боловч ийм “хачин” соёл, уламжлалтай орчинд өсөж хүмүүжсэн ардчилагчид нь төрийг сайжруулж болно, үгүй ядахад өөрсдөө төрд очвол түүнийг сайн сайхан болгоно гэж төсөөлсөөр ирсэн. Би төрд очих юм бол түүнийг сайн сайхан болгочихно гэж бодож буй хүмүүс бол том эндүүрч буй хэрэг. Төр гэдэг бол төр, тэр нь хэзээ ч төр хэвээр үлдэнэ. Эдгээр хүмүүст хандаж Ф.Гельдерлингийн хэлсэн үгийг сануулмаар санагддаг: “Хүн төрийг энэ дэлхий дээрх диваажин болгох гэж оролдсоноороо түүнийг энэ дэлхий дээрх там болгон хувиргадаг.” Дээр дурдсан хүчин зүйлс нь манай оронд либертари үзэл түгэн тархахад тулгарах гол саад бэрхшээл юм. Шулуухан хэлэхэд Монгол оронд либертари үзэл тархахад нэлээд хугацаа шаардагдах болов уу. Гэхдээ энэ бүхэн нь биднийг дуугүй сууж, олныг аялдан дагахад хүргэх ёсгүй, харин ч улам эрчимтэй ажиллах сэдэл болж өгөх ёстой. Монголд либертари үзэл санаа бүхий номуудыг орчуулан хэвлэн нийтэлж, энэ үзэл санааг дэлгэрүүлэх ажилд нэлээд хөрөнгө мөнгө зарсан байгууллага бол “Алтан тариа” компани юм. Тэдгээр номыг доорх зурган дээрээс харна уу!

Үргэлжлэлийг Философийн ухааны доктор Б.Батчулууны “Эрх чөлөөний
дайсан” либертари үзлийн үндсүүд номоос…
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж