Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Хайр хүссэн ахмадууд

Өнөөдөр Ахмадын өдөр. Дэлхий нийтийн хэмжээнд ахмад настнууддаа анхаарал хандуулдаг ганц өдөр ч гэж болно. Хүүхэд залуучуудын гэх тодотголтой манай улсын хувьд ч ахмад настнууддаа цаг зав гаргадаг өдөр нь өнөөдөр юм. Албан ёсны бүртгэл тооцоогоор бол улсын хэмжээнд 214 мянга гаруй ахмад настан байгаа бол тэдний 90 гаруй мянга нь нийслэлд аж төрж байна. Төрөөс ахмад настнуудын халамж үйлчилгээний тухай хуулийг 2005 онд баталсан. Түүний дагуу хийж хэрэгжүүлж буй нь ч багагүй. Гэвч өнөөдөр ахмадууд маань хийсэн бүтээснийхээ дайтай хайр халамжийг хүртэж чадахгүй байна. Тэтгэвэр авч буй ахмадын олонх нь тэтгэврийн доод хэмжээ буюу 180 мянган төгрөгөөр сарыг өнгөрүүлж байна. Тэтгэврийн хэмжээг инфляцитай уялдуулан нэмэгдүүлж байх шийдвэр гарсан ч өнөө хэр биелсэн нь үгүй. Албаны эх сурвалжууд инфляци 9-12 хувьтай байгаа хэмээн мэтгэсээр байгаа ч амьдрал дээр бараа бүтээгдэхүүний үнэ 20-30 хувь, зарим нэг нэр төрлийн бараа 50 хувиар өссөнийг ахмадууд хэлж байна. Ийм байтал төр засгаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх талаар өгүүлснээс бус ахмад настнуудын тухай нэг ч үг, өгүүлбэр сонсогдоогүйд гомдоллох хүн ч таарч байлаа.

Сүүлийн үед тэтгэвэрт гарна гэдэг нийгмээс  тусгаарлагдана гэдэгтэй агаар нэгэн сонстох болжээ. Энэхүү үзэгдэл цэрэг, цагдаа зэрэг хүчний байгууллагад ажиллагсдын хувьд бүр ч хүндээр тусч байна. Учир нь хүчний байгууллагынхан 40 нас дөнгөж шүргээд л ахмадуудын эгнээнд шилждэг. Үүнийг боломж гэж харан хувиараа ажил хөдөлмөр эрхлэн, хорвоог өөдрөг нүдээр харах нэгэн байхад “Яагаа ч үгүй хөгшчүүдийн нэг боллоо” хэмээн хүндээр тусгаж сэтгэлээр унадаг нь бий ажээ. Олон хүүхэдтэй эхчүүдийн хувьд ч 50 настай тэтгэвэрт гарч байгаа нь эртэдсэн хэрэг гэж үзэх хүмүүс байна. Учир нь насаараа өглөө гарч, үдэш болтол ажил хөдөлмөр эрхэлж, хамт олон дунд бужигнаж сурсан хүн нэг л өдөр гэрээс гараад очих газаргүй, гомдлоо хэлээд ч хүлээж авах хүнгүй болно гэдэг үнэндээ том цохилт байдаг ажээ. Эмэгтэйчүүдийн хувьд ач зээ нараа харж, өөрийгөө зугаацуулаад байдаг бол эрчүүдийн хувьд бүр ч хийх ажилгүй, хэнд ч хэрэггүй болсон мэт санагддаг  байна. Гадаад орнуудад ахмад настнуудын сэтгэлзүйн хүндрэлийг даван туулахад зориулсан тусгай эмч, эмнэлгийн ажилтнууд байдаг байна.

“Хөгшин хүн хүүхэд хоёр адилхан” гэж манайхан хэлцдэг. Үнэхээр ч хүн гэдэг нас ахих тусам баярлах гомдох нь амархан болдгийн дээр үргэлж л хайр халамж хүсч байдгийг настай аав ээжтэй хүн болгон андахгүй. Гэтэл тэр хайр халамжийг бид хүртээж чаддагсан бил үү. Хүүхэд асрахаар өдөр цагаар өсөн торниж, баяр баясал төрүүлдэг бол хөгшид эсрэгээрээ өдөр өдрөөр доройтон, асарч буй хүүхэд багачууд нь урам хугарч байдаг. Тиймээс үр хүүхдүүдийнхээ дэргэд хэр нь эрх нь зөрчигдөж, ганцаардаж буй ахмад настнуудын эрхийн асуудлыг хөндөн тавих цаг болсон гэж Монголын ахмадын холбооныхон хэлж байлаа. Нийгэм өөрчлөгдөж шинэчлэгдэх бүрт шинэ тутам харилцаа үүсч байгаа.  Гадаадын улс орнуудад хөгшдийн асрамжийн газрыг хүүхдийн цэцэрлэг мэт үздэг. Гэтэл манайд ийм газар ч байхгүй, байлаа ч аав ээжээ бусдаар асруулах нь ичгэвтэр хэрэг гэж үздэг. Тэгсэн хэр нь өөрсдөө үл тоон ганцаардуулсаар байдаг.

Мөн ахмад настнуудад үр хүүхдээс нь дутахгүй сэтгэл гаргадаг нэгэнд өв залгамжлуулах хүсэлт ирсэн тохиолдол ч бий гэнэ. Гэтэл асарч тэтгэдэггүй хэр нь өөрөөр нь овоглодог төдийгөөр илүү эрх эдэлдэг байдлыг халах гэхчилэн олон шинэ харилцааг зохицуулах хууль эрхзүйн орчин үгүйлэгдсээр байна. Нийгмийн хандлага урьдаас хэрхэн өөрчлөгдсөнийг нийтийн тээврийн унаанд суугаад л харж болно. Хуучин цагт ахмад хүн орж ирэх бараанаар залуучууд бүгд суудал тавьж өгөх гэж  ухасхийдэг байсан. Харин одоо бол харсан ч хараагүй мэт царайлан чихэвч зүүж цонх ширтсэн залуус шаардуулан байж суудлаасаа өндийдөг болсон.

Ахмад настны эдийн засгийн эрх чөлөө байнгын хязгаарлагдмал байна. Үүнийг сар тутам тэтгэврээ авдаг хөгшдийн тоо зээл авсан хөгшдийн тооноос бага байгаагаас харагдана. Ахмадууд авсан зээлээ голчлон үр хүүхдүүддээ зориулж байгаа бөгөөд үүнийгээ ч үүрэг мэт ойлгодог. Гэтэл хүний төлөө цалингаа барьцаалан зээл тавих хүн тийм ч  олонгүй. Гэтэл төрүүлж өсгөж, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргээд орхичилгүй үхтэл үр хэмээн зүтгэдэг өгөөмөр сэтгэл монголчуудад л байдаг гэлтэй. Хүү минь, охин минь бусдаас дутахааргүй хувцас өмсч, бусдын дайтай харагдаг гэсэндээ өөрөө өлмөн зөлмөн явж ч чадах аугаа сэтгэлийг нь харин бид хариулж чаддаг бил үү. Хайрыг хайраар хариулж чадахгүй ч ахмадаар овоглосон ганц өдөр нь настнуудаа баярлуулахсан даа.

М.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж