Энэ уйтгартай урт өгүүлбэрээс та юу ойлгож байна вэ?. Юу ч ойлгохгүй. Хэрвээ үүнийг ойлгодог хүн байдаг бол та энэ өгүүлбэрээ Ерөнхий сайдад биш, ээждээ ч юм уу, эсвэл надад ойлгогдохоор хэлээд өгөөч гэж гуймаар байна. Харин хариуд “Чи үүнийг ойлгосон ч яалаа, ойлгоогүй ч яалаа, манай ээж бол бүр ч ойлгохгүй, ойлгоод ч хэрэггүй” гэсэн хариулт ирж алах вий? Гэхдээ бараг л ийм багцааны хандлага “ирнэ” гэдэгт нэг их эргэлзэхгүй байна. Манай төрийн албаныхан, ялангуяа “эдийн засаг” гэдэг үгтэй нэлээн “ойролцоо” байдаг нөхдүүд хэдий чинээ ойлгомжгүй зүйл ярина төдий чинээ сайн гэж ойлгодог юм шиг байгаа. Тэр тусмаа мөнгөний бодлого гэдэг “тэнгэрийн амьтад” л ойлгох эд гэж боддог юм шиг. Уг нь бол иргэн надад бол Мөнгөний бодлого хэрэгтэйгээс хэрэгтэй, наад зах нь Монгол банк Засгийн газартайгаа “хуйвалдаад” цаасан мөнгө хэвлээд байгаа юм биш биз гэж хардахаас эхлээд, дараа жил ам.долларын ханш энэ хэвээр байх болов уу, зээл авах нь зөв үү, инфляци гэдэг нь дахиж босч ирээд цалингийн хэдийг маань жинхнээсээ цаас болгочих юм биш биз гэхэд хүртэл Мөнгөний бодлогыг ойлгох шаардлага гарч ирээд байгаа юм.
Тийм ч учраас хэтэвчиндээ хэдэн төгрөг байгаа, түүнийгээ хэрхэн зарцуулах талаар мэдэхгүй хүн өнөөдрийн нийгэмд байгаа бол тэнэг гэхээс өөр аргагүй. Төлбөрийн данс карт гэх мэтийг оруулалгүйгээр шүү дээ. Түүнтэй адилхнаар төсвийг бүрдүүлж, татвар төлж байгаагийн хувьд төр таны төлсөн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг мэдэхгүй, мэдэхийг хүсэхгүй байвал тэнэг гээд хэлчихэд ч буруутахгүй болов уу? Гэвч харамсалтай нь одоогоор бидэнд тодорхой мэдээлэл үнэхээр алга. Өөрөөр хэлбэл, хэтэвчин дэх хэд маань үнэтэй хэвээр байх болов уу, эсвэл эрээн цаас болчихсон уу гэдгийг тоймлох арга алга.
Магадгүй, …дугаар хорооны иргэнээс улс төрийн сонголтын талаар асуух юм бол Аристократ ч атаархмаар үгийг хэлж магадгүй. Гэтэл яг төсөв, мөнгөний бодлого гэх мэт “том” үгний сэжүүрийг сонсоогүй мөртлөө “Маньд ямар хамаатай” гэсхийгээд өнгөрөөх вий?
Гол асуудал руугаа ороход ирэх жил Монгол Улс ямар бодлого баримтлах вэ? Бодлогын хүү өөрчлөгдөх үү? Ханш хэр тогтвортой байх бол? Бүр энгийнээр бол ам.долларын хадгаламж нээлгэсэн нь зөв үү? Төгрөгийн хадгаламж хэрэгтэй юу? Өнөөдөр жилийн 24 хувийн зээл автал он гарангуут зээлийн хүү навсайтал буурч баярлуулах юм уу эсвэл бүр ч нэмэгдээд “хутга” болох уу?
Яг одоо байгаа мэдээлэл буюу Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын хэлснээр бол энэ жилийн мөнгөний бодлогын зарчмыг ерөнхийд нь хадгална, өөрөөр хэлбэл үргэлжлүүлнэ гэжээ. Түүний хэлсэн
-Улсын төсөв, тогтвортой байх гадаад валютын урсгалын сайжирсан орчинд экспортыг нэмэгдүүлэх дотоодын үйлдвэрийг мөнгөний бодлогоор дэмжинэ гэсэн үгийг ухвал одоо ам.долларын ханшийг тэгтэл их суллахгүй юм байна гэж ойлгогдохоор. Ам.долларын ханш чанга байх нь үндэсний үйлдвэрлэгч нарт ашигтай шүү дээ гэж төв банкнаас байн байн сануулдаг болохоор. Басхүү баахан компаниудад мөнгө тараав гээд одоо ч шүүмжлэл дагуулаад байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөр нь үргэлжлэх юм байна гэж ойлголоо.
Басхүү ам.долларын хадгаламж илүү найдвартай юм уу ч гэж сэтгэгдэл төрөхөөр. Гэвч “Ам.долларын хадгаламж өнөөдөртөө нэлээд нэмэгдэх хандлагатай байгаа ч үүнийг буулгах өөрөөр хэлбэл төгрөгийн хадгаламжийн эрсдлээс хамгаалах арга зам бий” гэж хэлснээс үүдвэл, яаран бүх мөнгөө ам.долларын хадгаламж бүү болгоорой гэсэн мессежийг өгч байх шиг. Ямар ч байсан албан ёсны аймаар мэдээнээс өөрт хамгийн чухал гэснийг ийн махчилж ойлголоо. Уг нь илүү дэлгэрэнгүй ойлгомоор л байна.
Гэвч үүнийг бичигчийн болхи ойлголт зөв эсэхийг асуугаарай, намайг төлөөлж УИХ-д суугаа гишүүн минь. Ядахдаа биднийг төлөөлж УИХ-д сонгогдсон хэд маань Мөнгөний бодлого гэдгээ ойлгодог л байгаа даа гэж найдсаны үндсэн дээр дайж байгаа хэрэг шүү дээ, гишүүд минь ээ. Бас илүү нарийн асуултуудыг тавьж, мөнгөний бодлогыг бидэнд ойлгуулаад өгөөч, Н.Золжаргал Ерөнхийлөгч өө. УИХ-ын гишүүд асуухгүй өнгөрчихөж магадгүй, нэг зүйл аминчилж асууя, ноён Ерөнхийлөгч өө? Зээлийн хүү буурах болов уу? Өөрөөр хэлбэл, бодлогын хүү буурах чиг “харагдана” уу?