ДБЭТ-ын захирал 20 гаруй ажилчдаа хувийн шалтгаанаар халжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

ДБЭТ-ын захирал 20 гаруй ажилчдаа хувийн шалтгаанаар халжээ

Энэ оны хоёрдугаар сарын 1-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнөх дарга Б.Сэргэлэн ажлаасаа халагдсан. Ажлаасаа гэнэт халагдах тушаал сонссон Б.Сэргэлэн учрыг нь сайтар ойлгоогүй бөгөөд тушаал дээр нь үүрэгт ажлаа муу гүйцэтгэсэн, дуурийн урлагийг сайн сурталчилаагүй гэсэн утга бүхий юм бичсэн байсныг олон нийтэд илчилж байлаа. Харин түүний оронд Ч.Мөнхзул гэх сэтгүүлч мэргэжилтэй эмэгтэй томилогдсон. Тэгвэл шинэхэн даргын “хүндхэн” суудал нэлээд хэл амыг дагуулах боллоо. Учир нь тэрбээр ажилчдаа үндэслэлгүй халж өөрийн танил нэгнээ оронд нь оруулж байгааг эх сурвалжууд хэлж байна. Энэ нь театрынханыг бараг л бослого, жагсаал хийхэд хүргэжээ. Тиймээс гадуур театрынхан босох гэж байна гэх яриа мэр сэр гарах болж. Өмнө нь ч бас Б.Сэргэлэнг ажлаасаа халагдахад тус театрынхан эсэргүүцлээ илэрхийлж болохгүй бол тэмцлийн хэлбэрт орно гэж байсан. Харин одоо байдал бүр ч хурцдах шиг.

Одоогоор ДБЭТ-аас халагдсан гэх 20 гаруй хүн байгаа аж. Тэднийг хувийн ашиг сонирхолын үүднээс халсан гэж дуу нэгтэй хариулах хүн олон байна. Ганцхан жишээ дурдахад л, ДБЭТ-ын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатарыг театрын эд хөрөнгийг зувчуулсан хэргээр цагдаагийн байгууллага шалгаж байна гэх мэдээлэл хэвлэлээр нэг тархсан. Харин тэрбээр “Энэ бол цэвэр гүтгэлэг. ДБЭТ-ын дотор маргаантай хэл амтай олон асуудал өрнөж байна.  Энэ бүхэн шинэ дарга Ч.Мөнхзултай холбоотой. Шинэ захирал ирэнгүүтээ шууд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх нэрээр Уран сайхны удирдагчийг огцруулж оронд нь өөрийг нь дэмжсэн найз А.Дашпэлжээг буцаагаад ажилд нь авсан. Манайхаас гарахдаа буцаад театрт орж ирэх нүүргүй болсон ийм хүнийг буцаагаад оруулаад ирлээ. Энэ хоёр нийлж аваад манай театрт хуйвалдааны шинжтэй зүйлийг зохион байгуулж байна. Ингээд тэр хоёрыг эсэргүүцсэн хүн бүрийг ажлаас нь хууль бусаар халж, зайлуулах ажил хийж байгаа. Намайг ч бас хувийн байдлаар хандсаар байгаад хууль бусаар халлаа. Тиймээс би театрын одоогийн удирдлагуудыг шүүхэд өгсөн. Мөн хуулийн байгууллага намайг шалгаагүй эд хөрөнгө зав зувчуулсан эсэхийг тогтоогоогүй байхад олон нийтээр худал мэдээлэл төлбөр өгч цацсан байсан. Нэр төрд халдсан учир би дахин шүүхэд гомдол гаргасан” гэв.

Тэгэхээр өдгөө шинэхэн захирал маань бүр ажилчдынхаа нэр төрд халдсан мэдээлэл санаатайгаар цацдаг болж. Ямартаа ч энэ мэтээрээ ДБЭТ-ын асуудал хурцадвал ажилчид тэмцлийн хэлбэрт орох нь.

Харин нэлээд асуудалд орооцолдоод буй шинэ даргын хувьд МҮОНТ-ийн найруулагчаар ажиллаж байсан бөгөөд ажлын шаардлага хангахгүй байна гэх шалтгаанаар халагдаж байсныг зарим эх сурвалжууд хэлж байна. Дараа нь “Глобал интернэшнл” төрийн бус байгууллагад ажиллаж байгаад бас хэл ам гаргаж халагдаад ажилгүй явж байгаад  ДБЭТ-т даргаар очжээ. Сонирхуулж хэлэхэд, ДБЭТ-ын дарга Ч.Мөнхзул кино найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Г.Бадамрагчаагийн эхнэр юм байна.

Эх сурвалж: www.24tsag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж