Хамгийн үнэнч шүтэн бишрэгчдийг тодруулж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэнч шүтэн бишрэгчдийг тодруулж байна

“MTV”-гээс ирэх арваннэгдүгээр сарын 10-нд болох “MTV EMA”  наадмын хүрээнд шилдэг шүтэн бишрэгчдийн армийг онлайнаар шалгаруулж байгаа билээ. “Facebook”, “Twitter” зэрэг нийтийг хамарсан сүлжээ сайтуудын тусламжтайгаар явуулж буй онлайн шалгаруулалтын эцсийн шатанд шилдэг таван хамтлаг, дуучин шалгарч үлдээд байна. Хамгийн үнэнч шүтэн бишрэгчидтэй шилдэг таван хамтлагийг “Tokio Hotel” хамтлаг тэргүүлж, түүний араас Жастин Бибер, “One Direction”, Лэди Гага, “30 Seconds To Mars”  нар шалгарч үлдээд байгаа юм. “MTV”-ийн зүгээс Германы “Tokio Hotel” хамтлаг 2009 оноос хойш шинэ цомог гаргаагүй байгаа ч шүтэн бишрэгчид нь хүчтэй, идэвхитэй хэвээр байгааг сайшаажээ. “Tokio Hotel” хамтлаг нь “Biggest Fans” онлайн шалгаруулалт эхэлснээс хойш тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан хэвээр байгаа нь тус хамтлагийн шүтэн бишрэгчид ямар үнэнч гэдгийг илтгэнэ. “Tokio Hotel” хамтлагийн шүтэн бишрэгчдийн арми өөсрдийгөө “Alien” хэмээн нэрийддэг ба тэд ази, америкийг бодвол европт илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.

“Tokio Hotel” хамтлагийн хувьд 2005 онд "Durch den Monsun" синглээ гаргаснаар дэлхий нийтэд танигдаж, “MTV”-ийн нэр хүндтэй олон шагналын эзэн болсон юм. Тус хамтлаг 2009 оныг хүртэл герман болон англи хэл дээр дөрвөн цомог гаргаж идэвхитэй үйл ажиллагаа явуулсан ба хамгийн сүүлд 2011 онд “MTV”-ийн Японд хийсэн хандивийн хөгжмийн наадамд оролцсон байна.

“Tokio Hotel” хамтлагт бусдаас ялгарах өвөрмөц зүйлүүд их байдаг ба хамтлагийн ахлагч Билл Каулитц болон гитарчин Том Каулитц нар ихэр юм. Ах, дүү Каулитц нар 2011 онд АНУ-ын Лос-Анжелес хот руу нүүсэн боловч өнгөрсөн хугацаанд Германы автомашин үйлдвэрлэгч “Audi”, спорт барааны “Reebok” зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж, дуучин шалгаруулах “Deutschland sucht den Superstar” шоуны 10 дахь цувралд зочин шүүгчээр ажиллах зэргээр эх орондоо эрэн очин байжээ. Өдгөө Билл, Том нар хамтлагийн бусад гишүүн болох аргил гитарчин Георг Листинг, бөмбөрчин Густав Шефер нартайгаа хамтран шинэ цомгийн ажилдаа ороод буй юм. Тэд шүтэн бишрэгчдийнхээ дунд удаан хугацааны хүлээлт үүсгэсэн шинэ цомгоо ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр сонсогчдын гарт хүргэхээр шаргуу ажиллаж байгаа аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж