Нобелийн долоо хоног айсуй | News.MN

Нобелийн долоо хоног айсуй

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Нобелийн долоо хоног айсуй

Шинжлэх ухааны салбарын дэлхийн хамгийн нэр хүндтэй 2013 оны Нобелийн шагналтнуудыг зарлах Нобелийн долоо хоног Шведийн нийслэлд нээгдэж байна. Аравдугаар сарын 5-12-ны хооронд шинжлэх ухааны зургаан төрлөөр шагналтнуудыг зарлах юм. Харин Нобелийн шагналын журмын дагуу шагналд нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг 50 жилийн дараа ил гарган зарладаг байна.
 
Нобелийн шагнал нь жил бүр шинжлэх ухааны гайхамшигтай судалгаа, хувьсгалт нээлт болон соёл эсвэл нийгмийн томоохон ололтын төлөө олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал юм. Нэрт зохион бүтээгч, аж үйлдвэрийн хөрөнгөтөн, ивээн тэтгэгч Альфред Нобель 1895 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Парис хотноо бичсэн гэрээслэлдээ тухайн жилд хүн төрөлхтөнд чухал хувь нэмэр оруулсан хүмүүст олгох шагналын сан байгуулахыг хүссэн байлаа.

Шагналтнуудыг тодруулах ажлыг Шведийн Хаантны Шинжлэх ухааны академи (физик ба хими), Каролины институт (Анагаахын болон эмнэлгийн салбар), Норвегийн парламент (Энх тайвны шагнал),  Шведийн академи (Уран зохиол)  тус тус зохион байгуулдаг. Шагналын мөнгийг Нобелийн сан хариуцдаг. Шагналыг гурваас илүү бүлэг хүнд олгохгүй. Нэр дэвшигч нь шагналтныг зарласан аравдугаар сард амьд байгаад тэр жилийнхээ шагнал гардуулах ёслолоос өмнө нас барсан бол шагналыг нь нөхөн олгож болно.

Нобелийн физикийн салбарын шагнал: физикийн салбарын дээд амжилтын төлөө олгох бөгөөд анхны шагналтнаар нэрээрээ нэрлэсэн гайхамшигтай туяаг нээсэн Конрад Рентген шинжлэх ухааны энэ гавьяаныхаа төлөө 1901 онд Нобелийн шагнал хүртэж байв.

Нобелийн химийн салбарын анхны шагналтан нь 1901 онд Голландын химич Якоб Хендрик Ван-Гофф болж байжээ. Түүнийг “химийн динамикийн хуулийг нээж, уусмал дахь харах даралтыг тогтоосных нь төлөө” шагнасан юм. Анагаах болон эмнэлгийн салбарын 1901, 1902 оны анхны шагналуудыг тодорхой нэг өвчний судалгаанд  олгож байлаа. Германы эмч Эмиль Адольф фон Беринг амьсгалын замын халдварт өвчинг (Лефлерийн гэх савханцарын нянгаас үүдэлтэй) судалсныхаа төлөө, Энэтхэгийн эмч Рональд Росс  халуун хижгийг судлан шагналыг тус тус авч байв. Сүрьеэг судалсан Германы микробиологч Генрих Герман Роберт Кох 2005 оны шагналтнаар тодорч байжээ. ХХ зууны дунд үеэс энэ салбарын суурь судалгааг хийсэн эрдэмтдэд уг шагналыг өгөх болсон байна.

Нобелийн уран зохиолын шагналыг “бүтээл нь дэлхийн жишигт ойртсон” гэх зохиолчдод олгодог. Францын зохиолч Сюлли Прюдом анхны шагналтан болсон юм.

Нийгэм, улс төр ба хүмүүнлэгийн үйл ажиллагааны салбарт олгодог хамгийн хүндтэй шагнал нь Энх тайвны нобель юм. Нобелийн энх тайвны шагналтныг тодруулах ёслол ба шагналыг гардуулах үйл ажиллагааг Норвегийн парламент хариуцдаг. Норвегийн парламентын сонгосон улс төрийн зүтгэлтнүүдээс бүрдсэн Норвегийн Нобелийн хороо шагналтнаа зарладаг. Хамгийн анхны шагналтан нь ядуурч хоосрон асрамжийн газарт нас барсан, Улаан загалмай, Хавирган сар нийгэмлэгийг үндэслэгч, Швейцарийн бизнесмэн Жан Анри Дюнан ба Францын эдийн засагч, олон улсын зуучлагч Фредрик Пасси нар юм.

Эдийн засгийн Нобелийн шагнал нь Альфред Нобелийн гэрээслэлд багтаагүй байсан учир хожим 1968 онд Швед улсын банкнаас Альфред Бенхард Нобелийн дурсгалд зориулагдсан эдийн засгийн салбарын Нобель хэмээх шагналыг бий болгосон байна. Анхны шагналыг 1969 онд “үндэсний тооцоо” гэх бүтцийн зарчмыг гаргаж ирсэн Норвегийн Рагнер Фиш, “хамгийн тохиромжтой бүтэц” гэх онолыг үндэслэгч Голландын Ян Тинберген нар авч байлаа.

1901 оны анхны шагналыг 150 мянган швед крон дагалдаж байв. 1991 онд шагналыг дагалдах мөнгө 150 мянган швед крон буюу анхныхаа хэмжээтэй адил болгосон байснаа 2008 онд 10 сая крон буюу 1,399 сая ам.доллар болжээ. Дэлхийн эдийн засгийн хямрал мөнгөн шагналд нь нөлөөлсөн ч өдгөө мөн л тэр орчмын хэмжээний мөнгө шагналыг дагалдах юм.

Шагнал гардуулах ёслол ирэх арванхоёрдугаар сарын 10-ны өдөр буюу Нобелийн санг үндэслэгч, Шведын зохион бүтээгч, аж үйлдэрийн хөрөнгөтөн, хэл судлаач, гүн ухаантан, гуманист Альфед Нобелийн (1833-1896) таалал төгссөн өдөр болно.

Нобелийн хамгийн анхны шагналтан

1901 онд хүртээсэн хамгийн анхны Нобелийн шагналыг Анри Дюнанд Henry Dunant (1828–1910) олгох үед тэр өвчинд нэрвэгдэж, идэх ч хоолгүй болж, Швейцарийн Хейден хотын ядуусын асрамжийн газарт амь зогоож байжээ. Нобелийн анхны шагналтан 1832 онд Женев хотын чинээлэг айлд төрсөн байна. Сэргэлэн хүүхэд байсан гэж тэр үеийнхэн нь Дюнаны тухай ярьдаг байжээ. Дюнан 25 нас хүрээд ажил хэрэгч хүн болохоор шийдэж, Францын колони байсан  Алжирт жижиг газар түрээслэн авсан байна. Хэдэн жилийн дараа түүний жижиг ферм нь нэг сая франкийн хөрөнгөтэй хувь нийлүүлсэн том аж ахуй болсон байлаа.

Гэтэл түүний эзэн бизнесийн ажил хөөцөлдөж яваад 1859 онд Хойд Италийн Сольфериногийн дэргэдэх тулалдааны амьд гэрч болсон байна. Тийм их цус урсгасан байлдааныг Бородино ба Ватерлогийн тулалдаанаас хойш Европт гараагүй юм. Тосгоны байшингууд шархадсан хүмүүсээр дүүрч, тэдний хувь заяаны төлөө санаа тавих хүнгүй хаягдсан байлаа. Эм, тариа, шарх боох материал ч үгүй байв. Тэр их гамшиг, аюулыг харснаа тэрээр  “Сольфериногийн тухай дурсамж” гэх номондоо бичиж, 1962 онд хэвлүүлжээ.  Номынхоо хуудсан дээр тэр дайнд хохирогчдод хэрхэн туслах санаагаа илэрхийлсэн ба эцэст нь Улаан загалмай нэртэй олон улсын байгууллага байгуулах санал гаргасан байна. Хүмүүнлэгийн үйлст татагдсан түүний бизнес орхигдон компани нь удалгүй дампуурсан байна. Түүнийг санхүүгийн залилангийн хэрэгт буруутгаж, нийгэм Дюнанаас нүүр буруулжээ. Арван жилийн турш ядууран тэнэж яваад тэр Швейцарийн Хейден хотноо амьдрах болов. 1892 онд хүндээр өвчилж, орон нутгийн буяны асрамжид орсон аж. Түүнээс гурван жилийн дараа нэгэн сэтгүүлч Дюнаны тухай бичиж, дэлхийн олон сонин хэвлэл Дюнанын тухай материалыг тараасан гэдэг. Нийгэм нь дахиад түүнийг санаж эхлэв. Энгийн хүмүүс хоол хүнс, гутал хувцас ирүүлж байлаа. Олон орны Улаан загалмайн нийгэмлэг түүнийг хүндэт гишүүнээрээ сонголоо. Ингээд 1901 онд түүнд Нобелийн анхны шагнал ирсэн байна. Тэрээр Хейданы асрамжийн газраа орхихыг хүсээгүй бөгөөд гэрээслэлдээ шагналын мөнгөө буяны үйлст, түүнээс нэг хэсгийг Хейдены асрамжийн газарт өгч буйгаа бичсэн байв. Өөрөө хоосон чигээрээ нас баржээ. Нобелийн анхны шагналтан, агуу их гуманист өөрийгөө энгийн, даруу оршуулаарай гэж захисан байлаа.

Анри Дюнаны булш

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж