Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Хүүхдийн тасагт өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 27-нд гурван настай охин нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Охиныг Т.Маралжингоо гэдэг бөгөөд есдүгээр сарын 26-ны орой дүүргийнхээ эмнэлэгт хордлого гэсэн оноштойгоор хэвтжээ.
Гэвч тухайн үед ээлжтэй байсан сувилагч нар болох Л.Оюунгэрэл, Н.Сувд-Эрдэнэ нарын ажилдаа хайхрамжгүй хандсанаас болж, гурван настай охин хорвоог орхисон байна. Охины бие эмнэлэгт ирсэн оройдоо илт муудаж, ээж нь сувилагч нараас жижүүр эмчийг яаралтай дуудаж өгөхийг хүссэн ч тэд эмчийг дуудаж өгөөгүйгээр барахгүй, өөрсдөө ямар нэгэн тусламж үзүүлээгүй байна.
Охины ээж П.Ариунаа болсон явдлын талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандан захидал бичиж /facebook/, өвчтөнд хариуцлагагүй хандсан сувилагч нарт арга хэмжээ авч өгөхийг хүссэн юм.
Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр бол Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн /ЭМН/ дарга М.Чимгээ хариуцлага алдсан хоёр сувилагчийг ажлаас нь халсан бөгөөд тус эмнэлэгийн Ёс зүйн хороо өнөөдөр хуралдаж, энэ асуудлыг дахин хэлэлцэж байгаа аж. Ёс зүйн хороо гаргасан шийдвэрээ Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЭМЯаманд хүргэх бөгөөд хүүхдийн тасгийн их эмч Б.Соёл-Ундрах, Г.Оюунчимэг болон сувилагч Л.Оюунгэрэл, Н.Сувд-Эрдэнэ нарт ямар хариуцлага тооцохыг дээрх байгууллагууд зөвшилцөж шийдэх юм байна.
Бид энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас мэдээлэл авах гэсэн ч “Ямар хэрэг, хаана гарсан талаар би мэдээлэлгүй байна. Мэдээгүй болохоор ямар нэгэн зүйл хэлж чадахгүй нь” гэлээ. Нийгмийг цочоосон, эрүүл мэндийн салбар бүхэлдээ уналтад орсныг харуулсан эл хэргийн талаар бүхэл бүтэн салбарын дэд сайд нь одоог болтол юуч сонсоогүй, мэдээгүй байгаа нь харамсалтай.
Ямартаа ч өргөсөн тангарагаа умартан, ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй эмч, сувилагч нарт ямар хариуцлага тооцож, эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа энэ мэтчилэн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдэж байна.