Италийн улстөрчид С.Берлусконигоос болж хоёр хуваагдав

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Италийн улстөрчид С.Берлусконигоос болж хоёр хуваагдав

Эрх мэдлээ алдахаас бол­гоомжилсон Силвия Берлускони Италийн Засгийн газрыг тараахаар шийджээ. Гэхдээ энэ нь Италийн улс төрийг хямраах төдийгүй Евро бүсийг хүнд байдалд оруулж байна хэмээн Германы “DW” мэдээлсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Италийн парламентын сонгууль болсон юм. Гэвч тухайн үед аль ч хүчин нь олонхийн саналыг авч, үнэмлэхүй ялалт байгуулж чадаагүй. Үүнээс Италийн улстөрчид хэн нь эрх мэдлийг авах вэ гэдэг дээр удаан маргалдсаны эцэст эвслийн Засгийн газар байгуулахаар болсон юм. Ингээд зүүний хүчний тэргүүн Энрико Летта Ерөнхий сайд болж, Ардчилсан нам, Ард түмний эрх чөлөө нам, Зүүний католик нам, Иргэний сонголт нам хамтран эвслийн Засгийн газар байгуулжээ. Гэвч уг эвсэлд багтаж байсан Ард түмний эрх чөлөө намын таван сайд өнгөрсөн бямба гарагт огцрох өргөдлөө өгсөн байна. Тэд бол С.Берлусконигийн тэргүүлдэг баруун төвийн үзэлтэй намын гишүүд юм. Ийнхүү сайд нар нь огцрохтой зэрэгцээд Италийн Ерөнхий сайд Э.Летта ч мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Энэ бол маш галзуу, бас хариуцлагагүй үйлдэл” гэсэн байна. Тэрбээр Италийн Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа кабинетэд нь итгэл хүлээлгэх эсэхийг ирэх долоо хоногт болох санал хураалтаар шийднэ гэх дүгнэлтэд хүрчээ. Хэрэв Э.Летта парламентаасаа дэмжлэг авч чадахгүй бол Засгийн газар нь тарна. Улмаар Италид дахин сонгууль явуулж магадгүй юм.

С.Берлусконид татвараас зайлсхийсэн хэргээр ял оноохоор болсноос хойш багагүй хугацаа өнгөрч байна. Анхандаа түүнд дөрвөн жилийн хорих ял оноохоор төлөвлөж байсан ч дараа нь энэ нь өөрчлөгдөж, нэг жил гэрийн хорионд байлгах болон олон нийтэд тустай ажил хийлгэхээр болсон юм. Энэ нь 2006 онд батлагдсан Өршөөлийн хуультай холбоотой аж. Түүнээс гадна өдгөө 77 настай С.Берлускониг шоронд байхад хэтэрхий хөгшиднө гэж үзжээ. Энэ мэтчилэнгээр Италийн шүүх түүний ялыг хөнгөлөх бүхий л арга замыг эрэлхийлсэн юм. Гэвч үүнтэй зэрэгцээд С.Берлускониг Сенатын гишүүний суудлаас нь буулгах асуудал яригдаж эхэлсэн билээ. Хэрэв Сенатын гишүүн ноцтой гэмт хэрэгт холбогдвол түүнийг суудлаас нь буулгахыг хуульчилсан нэгэн хуулийг өнгөрсөн онд баталсан. Үүнтэй холбогдуулан Италийн парламентын дарга Жоржио Наполитано “Хэн ч хуулиас гадуур үлдэж болохгүй” хэмээн мэдэгдэл хийжээ. Түүний дараачаас Ард түмний эрх чөлөө намын сайд нар засгаас гарах тухай ярих болж. Чухамдаа энэ нь С.Берлусконигийн сүрдүүлэг байсан бололтой. Огцорсон сайдуудын хувьд өөрсдийгөө хариуцлагатай байхын тулд ийм алхам хийлээ гэцгээсэн байна. Харин Италийн өдөр тутмын сонингууд энэ талаар “Энэ бол түнэр харанхуйн дундах хямрал… Тэгээд ч улстөрчид зүүн, барууны үзлээрээ биш, харин Берлусконийг дэмжигчид болон эсэргүүцэгчид гэж л хуваагдаж байна” хэмээн бичжээ.

Италийн Ерөнхий сайдаар гурван удаа сонгогдон ажилласан С.Берлускони 2011 онд ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон юм. Тухайн үед тэрбээр өрөндөө баригдаж асар их төсвийн алдагдалтай болсон Италийн улс төрийг үүрд орхихоор болсноо зарлаж байв. Евро бүсийн хямрал анх Грекээс эхэлж байсан. Түүний араас Ирланд, Кипр мэтийн орнууд хямарч байсан боловч эдийн засгийн хэмжээгээрээ бүс нутагтаа гуравдугаарт бичигддэг Италийн Засгийн газар өрөндөө баригдсан гэх мэдээлэл жинхэнэ шуугиан тарьсан юм. Чухам энэ л шалтгаанаар Италийн сөрөг хүчнийхэн С.Берлускониг огцруулсан билээ. Гэвч түүний дараа Италийн Засгийн газар 1.9 их наяд евро буюу 2.6 их наяд ам.доллларын өртэй хоцорсон. Тухайн үед тус улсын 10 жилийн хугацаатай гаргасан бондын өгөөж нь сүүлийн 15 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч, долоон хувь болж байв. Евро бүсийн Сангийн сайд нарын тэргүүн Жин Клауд Жанкер “Европын төв банк Италийн эдийн засагт бүрэн шинэчлэл хийх шаардлагатай боллоо” хэмээн мэдэгдсэн. Түүний хэлж байсан мөнөөх шинэчлэл гээчид нь Италийн төрийн мэдлийн нэгжүүдийг хувьчлах, хөдөлмөрийн хуулиа зөөлрүүлэх зэрэг олон асуудал багтаж байлаа. Тэр ч байтугай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Хятадын Ерөнхийлөгч асан Ху Жинтао нар тухайн үед “Грекээр эхэлсэн энэхүү драмын төгсгөлд Итали гэгч өрийн шинэ хямрал гарч ирлээ” хэмээн онцолж байсан юм. Мөн үүнтэй холбогдуулан Европын санхүүгийн тогтвортой байдлыг хангах санд Хятад хувь оруулахаас татгалзаж байлаа. Өөрөөр хэлбэл, С.Берлускониг ажлаа хүлээлгэж өгөх үед Италийн эдийн засаг ангалын ирмэг дээр очоод байв.

Гэвч түүнээс хойш чамлахааргүй хугацаа өнгөрсөн. Италийн Засгийн газар Евро бүсээс дэмжлэг ч авсан. Засгийн газрынх нь бондод Европын төв банк баталгаа гаргаж өгсөн нь маш том хүчин зүйл болсон аж. Мөн бүс нутгийн бусад оронд тавьж байгаа шаардлагын дагуу Италийн эрх баригчид төсвийн алдагдлаа дотоодын нийт бүтээгдэхүүний гурваас ихгүй хувьд хүргэх ёстой болсон билээ. Гэвч ингэхийн тулд төсвийн ажилчдаа асар олноор нь цомхотгох шаардлагатай байна. Чухам энэ л асуудлаар Энрико Леттагийн Засгийн газрын сайд нар хэлэлцэж санал хураах гэж байсан юм. Гэвч С.Берлусконийг Сенатын гишүүний суудалд нь авч үлдэхийг хүссэн Ард түмний эрх чөлөө намынхан эсэргүүцлээ илэрхийлжээ.

Ямартай ч одоогийн байдлаар Италид залуучуудынх нь 40 хувь нь ажилгүй байгаагаас гадна амьжиргааны баталгаат түвшингээс бага орлоготой хүмүүсийн тоо таван саяд хүрээд байна. Энэ үед Засгийн газар нь татвараа нэмэх шийдвэр гаргасан юм. Түүнээс гадна одоогоор Италийн дотоод өр хоёр их наяд евро болжээ. Хэрэв тус улс нэн даруй төсвөө танахгүйгээр үл барам дараагийн сонгуулийг явуулбал хөл дээрээ тогтож ядан байгаа эдийн засаг нь бүр илүү хүнд байдалд орох юм. Үүнийг нотлох мэт С.Берлусконигийн сайд нар огцрох өргөдлөө өгсний дараа Италийн Засгийн газрын бондын хүү нэмэгдэж эхэлжээ.

Т.ЭЛИСА

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж