ГССҮТ-ийн эмч нарт хариуцлага тооцох уу?

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

ГССҮТ-ийн эмч нарт хариуцлага тооцох уу?

“Эрүүл мэндийн иргэний хяналт шинжилгээний зөвлөл” ТББ-ын төлөөлөл өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзаж, шаардлага хүргүүллээ. Тус байгууллагын гишүүд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд ГССҮТ дээр ажиллажээ. Улмаар эмнэлгийн удирдлагын томилгоог эсэргүүцэн тангараг өргөсөн эмч нар өвчтөнүүдэд төлөвлөгөөт хагалгааг хийгээгүй, цагийн тариаг цагт нь хийгээгүй зэрэг зөрчил илэрсэн тул ГССҮТ-ийн эмч нарт харицлага тооцох тухай шаардлагыг ЭМ-ийн сайдад хүргэсэн юм. “Эрүүл мэндийн иргэний хяналт шинжилгээний зөвлөл” ТББ-ын тэргүүн Т.Оюунаа “ГССҮТ-ийн эмч нар хэдийгээр ажлаа цаг тухайд нь хийдэг гэдэг ч бодит байдал дээр шал өөр байна.  Эмнэлгийн удирдлагын томилгоотой холбогдуулан эмч, ажилчид нь ажил хаясан. Үүнээс болоод төлөвлөгөөт хагалгаа мэс засал хойшилсон. 26, 27-ны өдрүүдэд мэс засал хийгдээгүй гэсэн. Өвчтөнүүдийн өглөөний тариа оройтож хийгдсэн, өдрийн тариа хийгдэх үгүй нь тодорхойгүй. Амбулаторийн өрөөнүүдээр явахад эмч нар нь байхгүй, асрагч, сувилагч л байсан. Хамгийн гол нь тангараг өргөсөн эмч хүн нэг томилгооноос болоод олон зуун иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах нөхцөл байдал үүсээд байгаад бид туйлын их харамч байна. Эдгээр эмч нарт хариуцлага тооцож өгнө үү” гэж хүссэн юм.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эмч ажилчдын гаргаж буй зан үйлдэл нь ёс зүйн алдаатай учраас арга буюу ёс зүйн хорооны мэргэжилтнүүдээ дуудаж ирүүлээд байна. Шаардлагыг хүлээж аваад хамгийн түрүүнд ёс зүйн хороонд шилжүүлье гэж үзэж байна. ГССҮТ-ийн эмч нарын үүсгээд буй энэхүү нөхцөл байдлыг би эрүүл мэндийн салбарын шинэчлэлд тулгарч буй үзэгдэл гэж үзэж байна. Үүний цаана маш том асуудал байгаа гэдгийг болж байгаа үйл явдал өөрөө батлаад байна. ЭМЯ онцгой анхаарал хандуулж, ямар ч тохиолдолд эдгээр хүмүүсийн гаргаж байгаа үйлдлээс болж тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн эрх ашиг хохирохгүй байх үүднээс боловсон хүчний нөөцөө судалж байна. Ажилд орохоор хүсэлт ирүүлсэн маш олон хүн бий. Бид мэргэжлийн зөвлөлөө дайчилж ажиллана” гэлээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж