”Хүнчин” роман уншигчдын гарт хүрнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

”Хүнчин” роман уншигчдын гарт хүрнэ

Утга зохиол судлаачдын төдийгүй уншигчдын анхаарлыг татаад байгаа  “Хүнчин” хэмээх содон нэртэй роман тун удахгүй хэвлэлтээс гарах гэж байна. Эл романыг зохиолч, сэтгүүлч Сэрээнэнгийн Сосор туурвисан бөгөөд содон нэртэй сонихон номын нээлтээ энэ долоо хоногийн пүрэв гаригт буюу аравдугаар сарын 3-ны өдөр хийх гэж байна.

“Хүнчин” роман зохиол болон хэвлэгдэхээсээ өмнө ШШГЕГ-ын 90 жилийн ой баяраар кино бүтээл болон гарч байжээ. Кинонд хоригдлуудын тэр дундаа хүнд ял эдэлж буй яллагдагчдын амьдралыг буулгах гэж гяндангийн орчинд сар гаруй болохдоо кино зохиолоо улам сайжруулан “Хүнчин” романыг туурвижээ. “Болорсудар” хэвлэлийн газарт редакторын албанд зүтгэдэг зохиолч бүсгүй С.Сосор урьд нь бусдын бүтээлийн алдаа оноог шүүн дэнсэлдэг бол одоо өөрийн бичсэн бүтээлээ уншигчдадаа хүргэхээр догдлон хүлээж байгаа юм. Тэрбээр саяхан өлгийнөөс гарсан шинэ романыхаа тухай хэлэхдээ  “Хүний л тухай ном доо. Харахад чи бид бүгдээрээ л махан бие, цусан зүрхтэй, хоёр хөл, хоёр гартай, нэг толгойтой хүн тийм үү. Гэвч хоёр хөл хохимой толгойтой бүхэн яг хүн мөн үү.  Хүн гэж чухам  хэн юм бэ. Би хүн мөн үү гэсэн бодол эргэцүүлэл хүн болгонд төрдөг болов уу.  Хүн гэж хэлэхэд даанч хэцүү,араатан амьтнаас ч долоон дор амьтад бас байдаг шүү дээ амьдралд. Хүн гэж амьтны бусад амьтнаас ялгарах онцлог, мөн чанар гэж нэг юм байдаг. Тэр мөн чанарыг л гаргахыг хичээсэн дээ” хэмээн даруухан өгүүлж байна. Номыг Болорсудар хэвлэлийн газар ивээн тэтгэн гаргажээ.

Зохиолч, сэтгүүлч С.Сосор “Хүнчин” киноноос гадна “Мөрөөдөл” телевизийн бүтээл, “Нарны жиргээ” богино хэмжээний хүүхдийн цуврал кино, “Өршөө эгч минь” драмын жүжиг  туурвисан юм. Түүний “Өршөө эгч минь” драмын жүжгийг Эрдэнэтийн хүүхэд залучуудын театрт найруулан тавьсан байна. Аравдугаар сарын 3-ны өдөр болох “Хүнчин” романы нээлтэд  С.Сосорын багш Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Д.Амбэсэлмаа, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн,  яруу найрагч  Д.Цоодол, Урлагийн гавьяат зүтгэлтэн кино найруулагч Х.Дамдин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байды, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч яруу найрагч Ж.Саруулбуян нар уригдан оролцох юм байна.  Түүнчлэн  МУГЖ  У.Уянга, залуу дуучин Я.Гэрэлчулуун, О.Баянмөнх нар ая дуугаа өргөнө. Номын нээлтийн үеэр “Хүнчин” романыг 50 хувь хямдралтай үнээр худалдаалах юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж