НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара уулзалтыг нээж үг хэлэхдээ, хүн ам, хөгжлийн асуудлууд хоорондоо нягт уялдаа холбоотойн дээр эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, хүн амын боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээг хангах нь хувь хүн, нийгмийн тэнцвэртэй хөгжлийн үндсэн хүчин зүйл гэдгийг Хүн ам, Хөгжлийн Олон Улсын бага хурлаар дэлхийн нийтээрээ тунхаглаж, 20 жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг 1994 онд баталсан билээ. Түүнчлэн нөхөн үржихүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрхийн асуудал нь хүний эрх болон хөгжлийн салшгүй хүчин зүйл болохыг чухалчлан үзэж, жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдэд хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ өөрсдөө шийдвэрлэх боломжийг олгох, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь хүн ам ба хөгжлийн бодлогын чухал асуудал гэдгийг хэллээ.
Монгол Улсын хувьд жендерийн тэгш бус байдлын индекс 2005 оноос 2012 онд буурсан үзүүлэлттэй байна гэж НҮБ-ын Хүн амын, хөгжлийн сангаас хийсэн судалгаагаар гарчээ. Жендерийн тэгш бус байдлыг буруулахын тулд нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, эхийн эндэгдлийг бууруулах, хөдөлмөрийн хөлсний ялгааг арилгах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээнд ахиц гаргах шаардлагатайг НҮБ-ын хүн амын, сангийн нөхөн үржихүйн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн хурал дээр онцоллоо.
Мөн өсвөр насны охидын төрөлтийг бууруулах нь залуучуудын амьдралын боломжийг сайжруулна гэж НҮБ-ын Хүн амын хэлтэсээс гаргасан судалгаагаар харуулж байна.
Монгол улсад ирэх хэдэн жилд дэд бүтэц, орон сууц, байгаль орчин, хөдөлмөрийн зах зээл, боловсролын байгууллагуудад хүн амын өсөлтөөс үүдсэн ачаалал байсаар байх болно гэж үзэж, ихэнх салбарт төлөвлөгөө боловсруулагчид хүн амын өсөлтийг тооцож, тусгаж ажиллахыг НҮБ-аас зөвлөсөн байна гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.