Архидалтгүй өдөрлөг 7-р багаас эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Архидалтгүй өдөрлөг 7-р багаас эхэллээ

“Архидалтгүй Өмнөговь” өдөрлөг 7-р багаас эхэллээ  

Өмнөговь аймаг “Архидалтгүй Өмнөговь” хөтөлбөр боловсруулахаар ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн холбогдох байгууллагууд хамтран хурал хэлэлцүүлэг зохион байгуулж энэ талаар ямар арга хэмжээ авах талаар шат дараалалтай арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдөр Даланзадгад сумын Оюутын 7-р багийн иргэд хөдөлмөрчдийн дунд “Архидалтгүй Өмнөговь” анхны өдөрлөгийг зохион байгуулж иргэдийн саналыг авсан байна. Өдөрлөгт тус аяныг зохион байгуулагчид болох аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ч.Баярмаа, аймгийн Цагдаагийн газрын төлөөлөл, “Амар амгалан амьдралын төлөө” ТББ-ынхан болон иргэд хөдөлмөрчид оролцсон юм.

Аянаар архины хор хөнөөлийн талаар, мөн нийгэмд сөрөг үр дагаврыг бий болгож байгаа гол хүчин зүйл болох архины хэрэглээг бууруулах талаар иргэдэд уриалсан байна. Мөн энэ үеэр оролцогч иргэд архины хор хөнөөлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж уриалсан бөгөөд хамгийн гол нь архины хэрэглээнээс татгалзаж үлгэр дууриал болж байгаа “Амар амгалан амьдралын төлөө” ТББ-ын төлөөлөл иргэд хөдөлмөрчдөд хандан үг хэлж, уриалга гаргасан нь бахархууштай байсан юм.   

Энэхүү өдөрлөг цаашид Даланзадгад сумын 8 баг болон сумдын иргэд хөдөлмөрчдийн дунд зохион байгуулагдах юм. Ингэснээр ард иргэдийн санал бодлыг тусган “Архидалтгүй Өмнөговь” хөтөлбөр боловсруулан мөрдөж ажиллах юм.    

С.НОМИН
(Өмнөговь аймгаас мэдээлэв.)




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж