Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Нэргүй нар Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ахмадуудад хандаж “Өнөөдөр та нартайгаа дахин уулзаж байгаадаа баяртай байна. Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдууланМонгол Улсын үе үеийн Төрийн тэргүүний Тамгын газарт ажиллаж байсан та нартаа баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэж ирсэн та нартаа баярлалаа.

Уулзалтаас уулзалтын хооронд ажил төрөл өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин сонгогдож, хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлээд явж байна.

Та бүхэн хэвлэл, мэдээлэл байнга харж, уншиж хэвшсэн хүмүүс. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 14 шинэ хууль, дөрвөн мөрийн хөтөлбөрийн төсөлболовсруулах ажилд иргэдийг оролцуулахаар зарлаад байна. Хууль боловсруулах, үндэсний хөтөлбөр боловсруулах ажилд сайн дураараа оролцох иргэдийг бүртгэж авч байгаа. Миний авсан мэдээллээр өнгөрсөн долоо хоногийн байдлаар 160 гаруй хүн оролцохоор хот, хөдөөгөөс саналаа өгөөд байна. Та бүхэн энэ чиглэлээр бидэнтэй хамтарч ажиллавал сайн байна” гэлээ.

Шагнал, иргэн харьяат, аюулгүй байдалтай холбоотой хуулиудын төсөл эдгээрийн дотор багтсаныг танилцуулав. Сонирхол татахуйц хөтөлбөрүүд байгаагийн нэг нь“Улсын эрдэнэ” гэсэн хөтөлбөр юм. Монгол Улс гурван сая хүрэхгүй хүн амтай. Монгол түмний дунд байгаа онцгой содон авъяастай хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрдэнэ” гэсэн эрх дарх өгч, тухайн эрхийг авсан хүн шавь сургалтаар ур ухаан, мэдлэг чадвараа хойч үедээ өвлүүлэх, түүнийг нь боловсролын тогтолцоо зөвшөөрдөг байх гэсэн сонирхолтой санааг энд тусгажээ.

“Ардын элч” хөтөлбөрөөр сайн санааны үндсэн дээр, нийтийн тусын тулд ажилладаг хөдөлгөөн өрнүүлэхээр дэвшүүлсэн байна. Гадаадын Энх тайвны корпусынхан Монголд ирж сайн дурын ажил хийдгийн жишгээр монголчууд дотроо иргэдийн сайн санааны болон бусдад туслах санаачилга өрнүүлдэг байх,түүнийг нь бүртгэлжүүлж, боловсон хүчний анкет дээр цэргийн алба хаасан эсэхийг бүртгэдэг шиг “Ардын элч” хөдөлгөөнд оролцож байсан эсэхийг бүртгэн нэг үзүүлэлт болгож байж болохтийм хөдөлгөөн юм гэдгийг Тамгын газрын дарга П.Цагаан тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, үмүүс нэг нэгдээ тусалдаг, бие биеэ хайрлаж хамгаалдаг байх, үүнийг дэмжих хөтөлбөр юм.

Өөр нэг хөтөлбөр нь “Монголын түүх” гэсэн хөтөлбөр. Монгол Улсын түүх бол хамгийн их гуйвж дайвсан түүх юм. Энэ хөтөлбөрийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Өөрсдийнхөө түүх, байгаль, соёлынхоо түүх, дэлхийдахинд тархан суурьшсан монголчуудынхаа үнэн түүхийг мэддэг байхад энэ хөтөлбөр тусална. Тэгэх юм бол дэлхийн энгээр цацагдсан атга шагай шиг монголчууд бие биеийнхээ түүхийг мэддэг, бие биеэ хүндэтгэдэг, ойлгодог, хайрладаг, хамгаалдаг, хамтарч ажилладаг уур амьсгалыг бий болгоно. Монголын түүх, соёл судлалын чиглэлээр хөтөлбөр боловсруулна. Чадвал үүнийг улсын төсөв, хөрөнгөд суулгаж өнгөрсөн түүхээ сэргээхээс гадна шинэ түүх, сэргэн мандлын түүхийг бүтээхэд хувь нэмрээ оруулах хөтөлбөр юм.

Монголчууд их гүрэн байсан, дараа нь хуваагдсан, суларсан, явсаар байгаад хугарлын цэг буюу өсч өндийсөнцэг нь 1911 оны цагаагчин гахай жилийн Богд хаанаар удирдуулсан үндэсний эрх чөлөөний хувьсгал болсон. Түүнээс хойш 100 гаруй жил болж байна. Өнгөрсөн 100 жилд 1,6 сая хавтгай дөрвөлжин газар нутагтай цөөхөн монголчуудын тоо 3-4 дахин өссөн. Дэлхий даяаршиж байна. Биднийг харж хандаж байгаа монгол элэгтэй, монгол ахан дүүс энд тэнд байна. Тэд хаана оршиж байгаагаасаа үл хамаарч бие биедээ тусалдаг, дэмждэг, хайрладаг, хамгаалдаг, бие биеэсээ суралцдаг байх үүднээс “Монголын түүх” хөтөлбөрийг боловсруулах гэж байна. Ийм хөтөлбөр зөвхөн Монголд ч биш, дэлхийн олон оронд байдаг” гэлээ.

Тэрээр үгийнхээ төгсгөлд “Та бүхэн гавъяаныхаа амралтад гарсан ч гэсэн бидэнтэйгээ холбоотой байж, урьд нь ажиллаж байхад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байсан, юуг яаж шийдвэл зохистой байх талаар санал бодлоо хуваалцаарай. Та бүхэн маань эрүүл энх, урт удаан наслахын хамт бидэнтэй хамтарч ажиллаарай. Их баярлалаа. Та нартаа баяр хүргэе” гэлээ.

Уулзалтад оролцогсдыг төлөөлж төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Ч.Дашдэмбэрэл ахмадуудаа хүлээн авч хүндэтгэж байгаад талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж