
Өмнөговьчуудын хувьд гүний усыг 2016 оноос огт ашиглуулахгүй гэсэн шийдвэр ИТХурлаар гаргасан боловч улсын хэмжээний бүтээн байгуулалтын томоохон төслүүд усгүйгээр явагдахгүй учраас эдгээр том төслүүдэд саад болохгүйгээр, говио цөлжүүлэхгүй авч үлдэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байгааг аймгийн Засаг дарга онцолсон юм. Цогтцэций сумын хувьд тоосжилтын асуудал хөндөгдсөн. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон цагдаагийн хэлтсээс үйл ажиллагаагаа сайжруулахад дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин Баян-Овоо сумын хувьд соёлын төв болон ЗДТГ-ын барилга удаашралтай байгаа, сумын нутаг дэвсгэрт хайгуулын компаниуд замбараагүй үйл ажиллагаагаа явуулж байгаа, мөн төмөр замын асуудлыг онцолж байсан юм.
Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг эдгээр сумдад хамгийн түрүүнд эмнэлгийн түргэн тусламжийн автомашиныг шийдвэрлэж өгөхөөр болсон байна. Номгон сумын иргэд хөдөлмөрчдийн хувьд тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Дун юан” компаний талаар гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Ажлын хэсийн зүгээс энэ компанийг мэргэжлийн байгууллагуудаар шалгуулж, энэ асуудалд анхаарлаа хандуулахаа илэрхийлсэн юм.
Ер нь сумдад шийдвэрлэх ажлууд олон байна. Уулзалтаас гарсан саналуудыг цаашид холбогдох байгууллагуудад хүргүүлэн тодорхой шийдвэр гаргаж ажиллах юм.
/Өмнөговь аймгаас мэдээлэв/



