Магнай трейд компанийн 5300…. тоот утсанд холбогдож борлуулалтын албаныхантай холбож өгөхийг хүсэхэд ресепшн эмэгтэй “Манайх өнөө өглөөнөөс А-92 шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмсэн нь үнэн. Гэвч энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй, ямар нэгэн тайлбар хэлэхгүй” хэмээгээд утсаа таслаж орхив. Харин “Шунхлай”-н хувьд А-92 бензинийг хуучин үнээр зарж байгаа бөгөөд “Нано-92”-шатахууныг есдүгээр сарын 23-ны өдрөөс А-92-оос 50 төгрөгийн өндөр үнээр борлуулж эхэлсэн гэж байлаа.
Өнөөдөр зарим нэг шатахуун нийлүүлэгчид тухайлбал Содмонгол, Петровисийн шатахуун түгээх цэгт А-92-ыг хязгаарлалттай олгож, зарим нь огт өгөхгүй байгаа ажээ. Энэ талаар Содмонгол ХХК-ийн маркетингийн менежер доорх тайлбарыг өглөө.
-А-92-ыг яагаад түгээхгүй байгаа юм бэ. Нөөцгүй болчихсон юм уу. Уг нь Д.Ганхуяг сайд 37 хоногийн нөөцтэй гэж байсан?
-Манай компанийн хувьд нөөцгүй болсон хэрэг биш. Гагцхүү шатахуун маань хил дээр саатсан учраас хязгаарлалттай олгож байсан. Яг одоо шатахуунаа хүлээж авахаар явж байна. Маргаашаас хэвийн олгоно.
-Хил дээр яагаад саатсан хэрэг вэ?
-Хойд хил дээр аваар гарсан гээд 7-8 хоног саатлаа. Өмнөд хил ч ялгаагүй, ачаалал, дугаарлалт их байна гэсэн хариулт өглөө.