&#34Бодибилдинг, фитнесс бол шунан дурлах спорт&#34

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

&#34Бодибилдинг, фитнесс бол шунан дурлах спорт&#34

Н.Хүрэлбаатар: Бодибилдинг, фитнесс бол шунан дурлах спорт

Бодибилдингийн залуучуудын болон ахмадуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад анх удаа болох гээд хөл хөдөлгөөн ихтэй байна. UB palace-д ирэх сарын 27-ноос хоёр өдрийн турш болох уг тэмцээнийг зорьж дэлхийн 60 гаруй орноос 600-аад хүн ирэх гэж байна. Эдгээрийн дунд тамирчин ч бий, албаны хүмүүс ч багтаж буй. Монголд анх удаа болох  уг тэмцээний талаар тодруулж бодибилдинг, фитнесийн 2012 оны Азийн аваргын алтан медальт, 2013 оны Азийн аваргын хүрэл медальт тамирчин Н.Хүрэлбаатартай ярилцсан юм.

-Олон орноос тамирчин оролцох юм байна. Өмнөх дэлхийн аваргуудад ийм олноор орж байсан юм болов уу?

-Насны энэ хоёр ангилалд үүнээс олон тооны өрсөлдөгчтэй тэмцээн болж байгаагүй байх аа. Насанд хүрэгчдийн Азийн аваргад бол 20 гаруй орноос очдог юм билээ. Манайд болох дэлхийн аваргын тэмцээнд их олон орноос тамирчид ирэх гэж байна.

-Энэ олон хүнийг байрлуулах, аюулгүй байдлыг нь хангах гээд хэд хэдэн чиглэлд онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа юм байна даа…

-Тийм ээ. Нийслэлийн том том зочид буудлуудтай хамтарч ажиллаж байгаа. Зөвхөн тэмцээн төдий бус Монгол Улсын маш том сурталчилгаа болж байгаа болохоор аль аль талдаа хүчин чармайлт гаргаж байна. Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч нь улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав. Дэд ерөнхийлөгчөөр нь  Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр ажилладаг. Удирдлагууд тэмцээнд маш их анхаарч ажиллаж байгаа. Засгийн газрын зүгээс дэмжиж, ССАЖЯ хамтарч ажиллаж байна. Тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга нь яамны дэд сайд Түмэнжаргал. Дэлхийн аваргын тэмцээний бэлтгэл ажил түрүү жилээс эхэлсэн, энэ оны эхээр Дэлхийн бодибилдинг фитнессийн холбооны төлөөлөгч ирж бэлтгэл ажлын явцтай танилцаад явсан юм. Одоо бол тамирчдаа хүлээж авах л үлдээд байна.  

-Залуучуудын болон ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох юм байна. Хэдээс хэдэн насныхан өрсөлдөнө гэсэн үг вэ?

-Залуучууд нь 23 хүртэлх насных, харин ахмадууд нь 49-59 болон 60-аас дээш насны гэсэн ангиллаар боди, бодифитнесс, мисс фитнес гэсэн төрөлд өрсөлдөнө.

-UB palace-д болох юм байна.Тасалбарямар үнэтэй вэ?

-Одоогоор үнэ тогтоогоогүй байна. Холбооноос энэ спортыг олон түмэнд түгээх зорилгоор аливаа тэмцээний үнийг өндөр байлгадаггүй. Улсын аварга шалгаруулах тэмцээний тасалбар л гэхэд 5000 төгрөг байсан.

-Энэ спортыг урлаг ч гэж хэлж болохоор санагдаж байна…

-Зөв өө, урлаг юм. Бие байгуулах гэсэн утгатай, биеэ хэрхэн хөгжүүлэх тухай урлаг. Бас эрүүл мэндийн спорт, бүр номер нэг ч гэгддэг.

-Бодибилдинг, фитнесс хоёрыг цугт нь авч үздэг юм аа?

-Хэдийгээр тус тусдаа зүйл боловч адил төстэй талуудаар нь нэгтгэж авч үздэг. Тийм ч учраас Бодибилдинг, фитнессийн дэлхийн холбоо, улмаар улс орнуудад үндэсний холбоо гэж байдаг.

-Үнэнийг хэлэхэд зарим тамирчдын хэт хөгжсөн гэмээр булчин шөрмөс хэтэрхий сүр бараатай харагддаг шүү…

-Тэмцээнд тийм болгох гэж тусгайлан бэлтгэдэг юм. Жирийн үед байнга тэгж явахгүй шүү дээ. Тэмцээнд орохын тулд тусгай бэлтгэл хийж, хоол ундаа тохируулж тайзан дээр гарахад бэлэн болдог. Тэгээд ч үзүүлбэрийн үеэр зориулалтын тос түрхдэг болохоор булчингийн ялгарал илүү тодордог л доо.

-Хоолоо хэрхэн тохируулдаг вэ?

-Биеэ сойж эхэлсэн цагаасаа тусгай жороор хоолллоно. Бүтэн хоёроос гурван сар тахианы цээж мах усанд чанаж иднэ. Өндөг идэж, уураг хэрэглэнэ. Чихэр, давс огт амсахгүй. Нэг талаасаа тэвчээрийн урлаг. Одоо гадаадаас ирэх олон сайхан тамирчныг хараад боди, фитнесс нь жинхэнэ эрүүл мэндийн спорт юм байна гэдгийг ойлгоно. Аль хэдийнэ 50 гарсан насны хүмүүс дөнгөж 20 гарсан залуус шиг эрүүл чийрэг, царай зүс залуугаараа байдаг. Хүн хүссэнээрээ бие, эрхтэн, галбираа удирдах урлаг л юм даа. 

-Та энэ спортоор хэдэн жил хичээллэж байна?

-Долоо дахь жилдээ. Өмнө нь чөлөөт бөхинй тамирчин байсан.  Үндэсний бөхөөр ч оролдож явлаа. Сумын начин, бөх тайлбарлагч.

-Тийм үү. Аль сумын бэ?

– Сүхбаатар аймгийн Дарьганга сумын.

-Ер нь спортын хүн юм байна. Яагаад бодибилдингийг илүүд үзэх болов?

-Дурлаад.

-Нэлээд үнэтэй спорт гэдэг юм билээ. Хоол хүнс, уураг бэлдмэл, тос, түрхлэг гээд байсхийгээд мөнгө зарж байдаг гэсэн. Тэгсэн ч гэсэн улам дурлаад “шунаад” байх юм уу?

-Тууштай хичээллээд ирэхээр зорилготой болдог юм билээ. Азийн аварга болохоор ДАШТ-д үзээд алдмаар ч юм шиг. Гоёыг нь мэдрээд эхлэхээр ёстой л шунаад зүтгээд байдаг.

-Танд болон танай холбооныхонд удахгүй болох ДАШТ зохион байгуулах ажилд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Манай монголчууд ховорхон тохиох боломжийг алдалгүй очиж үзээсэй гэж хүсч байна.      

Р.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж