Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав энэ үеэр “Шинэчлэлийн Засгийн газраас орон нутагт тулгамдаж буй асуудлаар энэ оны тавдугаар сараас эхлэн ажилласаар ирлээ. Уг үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Ажилтай, орлоготой” залуусыг дэмжих үүднээс ажиллаж байгаа ажилтнуудынхаа чадварыг сайжруулах, ядуурлыг сааруулах, иргэдийнхээ хөдөлмөрийн чадавхийг сайжруулах зорилгоор байнгын ажлын байрыг бий болгохоор ажиллаж байна. Энэ ч үүднээс үйл ажиллагааныхаа хүрээнд “Ажилтай, орлоготой монгол хүн” хэмээх томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа” гэв. Тэрбээр чуулганы үеэр Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлсэн гол ажлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулсан юм. Тэрбээр хөдөлмөр эрхлэлтийн бодлогын асуудлаар “Шинэчлэлийн Засгийн газраас ард иргэдийнхээ ажиллах нөхцөл боломжийг илүү сайжруулах үүднээс малчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хандсан олон ажлыг зохион байгууллаа. Энэ онд 115.5 мянган ажлын байрны захиалга бүрдсэн. Үүнийг өмнөх оны мөн энэ үетэй харьцуулбал 61 хувиар өссөн. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо мөн өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 13 хувиар өссөн байна” гэдгийг онцолж байсан юм. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогдчын хэлж буйгаар их байгаа. Учир нь хэдий ажиллах хүчин ихээр гарч байгаа боловч чанартай, сайн ажиллах хүчин хангалтгүй байгаа аж. Эдгээр иргэдийн хувьд тогтвортой ажиллахад сөргөөр нөлөөлж буй гол асуудал нь төлөвшлийн байдал гэдгийг хөдөлмөрийн сайд хэлж байлаа. Хөдөлмөрийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийг сайжруулахын тулд ажиллах хүчнийг тодорхой үе шаттайгаар бэлтгэх. Ингэхдээ боловсролын тогтолцоог илүү сайжруулах хэрэгтэй байгаа аж. Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн зах зээлд залуучуудыг бэлтгэх зорилгоор 330 суманд “Ажлын гараа” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд буй. Үүнээс гадна 2000 гаруй оюутныг намрын ургац хураалтад дайчлан ажиллуулсан. Цаашид ч уг ажлыг залуучуудыг хөдөлмөрт ойрхон байлгах зорилгоор улам өргөжүүлж, ирэх онд хийх ажлын зорилтод тусгах гэнэ.
Чуулганы үеэр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Зарим Үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрчний эвлэлийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж буй асуудал цөөнгүй гарч байна. Тухайлбал, “Автобус нэг”, “Аеро монголиа” компанийнхан ажилтнуудынхаа эрхийг хааж боогдуулах зэрэг асуудал гаргаж байна. Түүнчлэн төрийн зарим нэгэн байгууллагын удирдлагууд ажиллах хүчнийхээ ажиллах эрхийг боогдуулах асуудал тухайн салбарт гарсаар байна. Зарим яамны тухайд нийгмийн түншлэлийг чухал хэмээн үзэхгүй тохиолдол гаргаж байна. Нийгмийн түншлэл гэдэг нь улс орны хамгийн гол амин сүнс нь болдог. Нийгмийн түншлэл нь тухайн улс оронд бий болсноор олон тулгамдсан асуудал, түүнээс гарах арга замыг бий болгож өгдөг” гэв. Мөн тэрбээр аюулгүй байдлын үйл ажиллагааны заалт хэрэгжихгүй байгааг онцолж байлаа. Тус заалт хэрэгжихгүй гэх шалтгаан нь Сангийн яамнаас төсвийг хасах явдал гэнэ. Сангийн яам дээрх заалтыг зөрчиж байгаа нь үйлдвэрлэлийн осол болоод эрүүл мэндээр хохирч буй хүмүүсийн эрсдлийг багасгах нөхцөл бүрдэхгүй. Нөгөөтэйгүүр мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга эрсдлийг дагаж хяналт тавьж буй нь тэдэнд урьдчилсан хяналт муу байгааг харуулж байгаа аж.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин