Бидэнд бахархах юм их бий

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Бидэнд бахархах юм их бий

Д.Гансугар: “Монгол хотхон”-д ирсэн хүмүүс манай эх орноор, түүхээр бахархдаг

Манай
улс гадаадын орнууд руу ид насныхаа залуучуудыг хүнд хэцүү, хар ажил
хийлгэхээр экспортолдог. Энэ их “ажиллах хүч” эх орноо голсондоо бус,
амьдралаа өөд татахаар явдаг ч гэлээ үлдэж байгаа бид ч, орхиод одож буй
тэд ч сэтгэлээсээ санаа алддаг. Харин БНСУ-ын Намъянжу хотын иргэд
хийгээд энэ нутагт жуулчлахаар ирэгсдийн хувьд “Монгол хотхон” үлгэрийн
мэт сайхан санагддаг. Энэ хотхоны оршин суугчид болох монгол залуучууд
тааваараа сайхан амьдарч байна. Аялал жуулчлалын энэ бүсэд эх орныхоо
язгуур уянгалаг аялгууг эгшиглүүлж, монгол үндэсний урлагийг гайхуулж
яваа “Хийморь” хамтлагийн лимбэчин Д.Гансугартай чааталлаа.

-Сайнуу. Намъянжуд идээшиж байна уу. Очоод хэр удчихав аа?

-Одоо
л овоо дасч байна. Ирээд бараг 10 сар болчихлоо. Яг нэг жилийн
хугацаатай ирсэн, “томилолт” дуусах дөхөж байна. Арваннэгдүгээр сарын
30-нд Монгол руугаа буцна.

-Та бүхний ажил сайн уу?

-Сайн.

-Хамтлагийнхнаа танилцуулаач?

-Манай
“Хийморь” хамтлаг морин хуурч Б.Бат-Өрнөх, Б.Энхнасан, бөмбөрчин
А.Баттөгс, ёочинч Ч.Марал-Од, их хуурчЦ.Цэрэнбат, лимбэчин Д.Гансугар
гэсэн  долоон хүний бүрэлдэхүүнтэй.

-Язгуур урлагийн тоглолтоо өдөрт хэдэн удаа хийж байна. Хүмүүс их сонирхоно биз?

-Бид
ардын язгуур урлагийн тоглолтоо тавихаас гадна дэлхийн сонгодог
хөгжмийн бүтээлүүдийг өөрсдийн монгол хөгжмийн зэмсгээрээ найруулан
тоглодог.

-Өвөрмөц сонсогддог байх?

-Түүнээс гадна
ардын богинын болон уртын дуу дуулж, бие бийлгээ хийнэ. Хөөмэй,
хархираагаар үзэгчдээ гайхашруулдаг. Өдөртөө гурван удаа тоглоно.

-Нэг тоглолт хэдэн минутын хөтөлбөртэй байдаг вэ?

-Нэг
цагийн хөтөлбөртэй. Өглөө 11, өдөр 13, орой 17 цагаас тоглож, үлдсэн
хугацаанд нь хөгжмөө давтаж, эсвэл гадуур хувийн тоглолт хийнэ. Энд
тэндхийн ресторанууд биднийг урьж тоглуулдаг.  Солонгосчууд төдийгүй
гадныхан энэ нутагт аялахаар их ирдэг. Тэд манай “Монгол хотхон”-д ирэх
их дуртай.

-Монгол хотхон ямар хүмүүсээс бүрддэг вэ?

-Намъянжу
хот Сөүлээс зүүн хойно байрлалтай. Уулархаг, үзэсгэлэнтэй газар байдаг
том хот. Аялал жуулчлал маш өндөр түвшинд хөгжсөн, үзвэр үйлчилгээний
газар олонтой. Түүн дотроос ”Монгол хотхон” хамгийн том цогцолбор нь.
Энэ хотхонд Монголын соёлыг харуулсан музей, ардын урлагийн тоглолт
болон морин циркийн тоглолт ч бий. Мөн монгол үндэсний хоолоор зочдоо
дайлж, монгол гэрүүд бүхий жуулчны баазуудад байрлуулдаг. Морин сур
харваа, хөөмэй, хархирааг нь үзэгчид “амаа ангайлгаж” сонирхдог. Морин
хуурыг маш их сонирхоно. Хөөмэйлөхийг “амандаа юм хийчихэж” гэж харддаг.

-Бас их хартай…

-Харин тийм ээ, яаж дуугараад байна гээд ам руу татаж харахаас наагуур юм болно.

-Чөлөөт цагаараа яаж амарч байна?

-Тоглолтын
дараа тус тусынхаа өрөөнд интернэтэд орох нь ороод, хөгжмөө давтах нь
давтаад л байж байна. Долоо хоногийн нэг дэх өдөр амардаг. Тэр өдөр
ойрын хотууд руу явж үзнэ. Эндхийн соёл иргэншилтэй танилцана. Зарим
амралтын өдөр худалдаа наймаа хийж дэлгүүр хоршоо хэснэ.

-Цалин хэд вэ?

-Манай
мөнгөөр бодвол сарын 900 мянган төгрөг авдаг. Тоглолтдоо өдөр гурав
дөрөвхөн цаг зарцуулна. Байр хоол цаанаасаа болохоор энэ хангалттай
мөнгө. Түүнээс гадна “халтуур хийж” овоо хэдэн цаас олно. Ер нь сард сая
500 мянгын орлого хийчихдэг дээ. Түүнийхээ тодорхой хэсгийг хадгалж,
үлдсэнийг нь амьдралдаа зарцуулна.

-Удахгүй ирэх нь. Хадгалсан мөнгөө хэрхэн зарцуулах нь сонин байна?

-Миний
хувьд очоод нэг машин авч унана гэж бодож байна. Бид бүгдээрээ хорин
хэдтэй залуучууд. Өнөөдрийг хүртэл мөнгө хурааж хуримтлуулж амжаагүй.
Энд хадгалсан мөнгөөрөө нутагтаа очоод машин авах, байрны урьдчилгаа
хийх, эсвэл жижигхэн бизнес эхлүүлэх санаатай.

-Та нар чинь аль сургууль  төгссөн билээ?

-Би
Хөгжим бүжгийн коллежийн лимбэний ангийг 2011 онд төгссөн. Манай
хамтлагийнхан ч гэсэн адилхан урлагийн сургууль төгссөн. СУИСтөгссөн хүн
ч байна.

-Төрсөн нутаг хаана вэ?

-Би Говь-Алтай аймагт төрсөн.

-Аав ээжийгээ танилцуулаач?

-Аав
маань аймагтаа ганц зурагчин нь байсан Даваахүү гэж хүн. Одоо хот руу
шилжиж ирсэн, гэртээ байдаг. Ээж маань аймгийн  чуулгад морин хуурч
байсан юм. Том ахаасөгсүүлээд хөгжимчин мэргэжил эзэмшсэн хүүхдүүдтэй
айл даа, манайх.

-Хэдэн наснаасаа лимбэ тоглож байна?

-Бас
ч гэж нэлээд олон жил тоглолчихлоо. Би дөрөвдүгээр ангиа төгсөөд байтал
ХБК-д хүүхэд шалгаруулж авч байхаар нь шалгуулаад тэнцсэн. Тэр цагаас
хойш, эхлээд Завханы сургуульд, дараа нь хотод ирж ХБК-д сурсан. Нас
залуу гэхэд 14 жил хөгжимтэй нөхөрлөсөн байна.

-Хөгжим таны сайн нөхөр юм?

-Хэлээд яах вэ.

Р.СЭЛЭНГЭСАЙХАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж