Спортын төв ордон түрээсэлдэг балгас болчихсон юм биш үү

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Спортын төв ордон түрээсэлдэг балгас болчихсон юм биш үү

Спортын төв ордон түрээсийн ордон болчихож. Худлаа гэвэл та ороод үз. Үүдээр нь ормогц хамгаалалтын алба гэсэн хувцастай нөхөртэй зэрэгцэн таныг “RIO-2016”,“Olympic store”гэх мэт гоё нэртэй спортын барааны гурван ч дэлгүүр, “Фото стикер” гэсэн хаяг үүдэндээ наасан хэвлэлийн компаниас гадна  хуушуур, буузны хуршиж удсан үнэр нь хамар сэтлэх дөхсөн цайны газар угтах болно.  Харин урд буюу уншигчдын сайн мэддэгээр “А” заал байрлах жигүүрт нь “Богд Үйлст” ХХК хэвлэлийн компани, “Анолт” хамгаалалтын алба түүнтэй зэрэгцээд “Нотариат” гэсэн хаяг үүдэндээ наасан бүргэд хаалга байх жишээтэй.  Харин хоёрдугаар давхарт нь Монголдоо томоохонд тооцогдох “Сод пресс” хэвлэлийн компани танд үүдээ дэлгэх бол хөрш нь “Хамба” студи мөн төрөлжсөн сургалттай Биеийн тамир спортын дунд сургуульбайрлаж байгаа юм. Сониуч зандаа хөтлөгдөөд Биеийн тамир, спортын дунд сургууль гэсэн хаягаар хоёрдугаар давхарын урд жигүүрийг нь тусгаарласан хаалгаар шагайвал бүргэд, модон гэсэн эрээвэр хураавар өнгөтэй дөрвөн ч хаалга байна. Бүргэд хаалгатай нь санхүү гэсэн хаягтай бол бусад нь буюу хуучирч муудсан модон хаалгатай нь хичээлийн танхим бололтой 5а, 6б гэсэн хаяг үүдэндээ өлгөсөн байх жишээтэй. Ийм нэг өнгө төрхтэй Спортын төв ордноор өнгөрсөн пүрэв гаригт түр саатсан юм. Ороод гарах төдийд л Спортын бус түрээсийн болж хувирсан энэ ордоны онгорхой хаалга, хонгил бүрээр нь яваад үзвэл балгас ч нэрлэж болох аж. Иймээс бид юуны өмнө энэ байгууллагыг хариуцсан дарга тодруулбал, Спортын бэлтгэлийн төвийн дарга, гавьяат тамирчин Б.Наранбаатартай уулзав.  

СТО-ыг ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан 

Тэрбээр бидэнд ийн учирлсан бөгөөд энэ ордонг 1958 онд барьсан, МХЕГ-аас ашиглаж болохгүй гэсэн дүгнэлтийг гаргасан хэмээн өгүүлсэн юм. Гэвч энэ ордонг хаалаа гэхэд Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулдаг спортын байгууллагууд, холбоод тэр ч бүү хэл тамирчид хаана бэлтгэл сургуулилалт хийх вэ гэдэг нь асуудал дагуулж эхэлсэн учраас дээрээс яахыг нь хараад сууж байна гэв. Мөн Мэргэлжийн хяналтынхны хэлсэн шиг дуун дээр нь гарчиж болохгүй байна, арга эвийг нь олох гээд хичээж байна гэдгээ тэрбээр учирлангаа бидний асуултад ийн хариулсан юм.

-Бид л Спортын төв ордон гээд байгаа болохоос биш үнэндээ түрээсийнх болчихсон юм биш үү, энэ газар?

-Би энэ төвийн даргаар ирээд нэг жил болж байна. Ирснээсээ хойш асуудлыг цэгцлэх гээд заримыг нь хөөж гаргаад л байна. Одоо түрээсийнх гэвэл дөрөв, таван байгууллага  л бий байх. Бид “Kings kids” гэдэг сургуулийг гаргасан. Үүнтэй зэрэгцээд бусад түрээслэгчдэд мэдэгдэх хуудас өгчихөөд байж байна.

-Бусдыг нь яг хэзээ гаргах бол. Ер нь түрээслэгчид түрээс гэж сард хэдэн төгрөг төлдөг юм бэ. Тэр мөнгөөр нь засвар үйлчилгээ хийж бодоггүй юм уу?

-Түрээсийн мөнгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Улсын төсөвт ордог юм. Нэг метр квадратыг нь 10-15 орчим доллароор түрээсэлдэг байх. ТӨХ-ноос ч түрээсийн байгууллагуудыг гарга гэсэн. Гэхдээ одоогоор бидэнд цаасан дээр бичсэн зүйл ирээгүй байгаа болохоор хараад л сууж байна.

-Тантай уулзахаас өмнө Спортын төв ордноор нэлээд явлаа. Гэтэл булан тохой нь нурсан, дээрээс нь гоожоод хана, тааз нь шарласан гээд гаднаас тамчирчид ирэхэд нүүр улаймаар л санагдаж байлаа.

-Харин тийм ээ. Уг нь энэ ордыг засч янзаад сайхан болгочихвол хамтарсан бэлтгэл тэр гээд гаднаас тамирчид урихад нүүр бардам болно шүү дээ. Гэтэл одоо ийм л байдалтай байна. Өмнө нь манай байгууллага агентлаг байсан. Нэр нөлөө, үйл ажиллагаа нь бие даасан байсан. Харин одоо бол бэлтгэлийн төв болсон.  Бид төвлөрсөн мөнгөө улсын төсөвт тушаагаад яахыг нь хараад сууж байдаг. Салбарын яам асуудлыг яаж шийдэх бол, дээш нь хэрхэн танилцуулах бол гээд л…

-Улсын төсвөөс жилд хэдэн төгрөг гаргаж өгдөг юм бэ?

-Жилдээ 60-70 сая төгрөг. Тэр нь хаана ч хүрэхгүй шүү дээ.

Тэрбээр бидэнд зовлонгоо ийн ярьсан. Түүний өгүүлснээр уг нь Спортын төв ордны нүүрэн хэсгийг энэ хэвээр нь авч үлдээд ард байх том газрыг ашиглан олон улсад үлгэр жишээ болохуйц биш гэхэд стандартад нийцсэн 00 өрөө. Душ, саунтай боломжийн бэлтгэлийн төв барих боломж бий аж. Гэвч энэ асуудлыг Засгийн газрын түвшинд шийдэх учраас сайддаа бүх найдвараа тавиад хараад суухаас аргагүй гэсэн юм. Харамсалтай нь дарга нарыг ийн бие биедээ найр найдлага тавин суух хооронд Спортын төв ордон балгас болчихоод байна. Уг нь Б.Наранбаатар дарга тамирчин байсан. Энэ ч утгаараа гадна дотны олон оронд очиж тэмцээн уралдаанд оролцож, амжилттай оролцоод ирсэн. Гэвч манайх шиг Спортын төв ордон нь иймэрхүү байдалтай байдаг газрыг хараагүй хэмээн ярьж байсан юм.  

Сайддаа мартагдсан спортын дунд сургууль

 Мөн Спортын төв ордон дотор үйл ажиллагаа явуулдаг Спортын мэргэшсэн, төрөлжсөн гэх дунд сургуулиуд анхаарал татаж байсан бөгөөд сурагчдадаа ямар байдлаар хичээл заадаг, анги танхим нь хүрэлцдэг эсэх нь яах аргагүй анхаарал татаж байлаа. Учир нь дээр цухас өгүүлсэнчлэн Спортын төрөлжсөн гээд байгаа дунд сургуулиуд нь хүүхдэд давхар ерөнхий боловсролын мэдлэг олгодог атлаа анги танхим хүрэлцээгүй, нэгдүгээр давхар болон хоёрдугаар давхарын хэд хэдэн өрөөг түрээслэж үйл ажиллагаагаа явуулдаг гэж байв. Бид энэ талаар Б.Наранбаатар даргаас тодруулахад “Энэ сургууль БТСГ гэж байхад байгуулагдсан. Одоо 2-3 жил болж байгаа юм билээ. Бид нар хөөгөөд гаргах гэхээр хэцүү байна. Тэглээ гээд байлгаад байж бас болохгүй. Би учир байдлаа ойлгуулсан. Захирлыг нь Зоригтбаатар гэдэг, Биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан. Бас салбарын сайдад нь энэ сургуулиан яах вэ гэсэн асуулт тавьсан. Одоогоор яах нь шийдэгдээгүй байна гэв.

Спортын төв ордны мэдлийн газрыг зарчихсан байсан гэв үү

Биднийг Спортын төв ордонд явж байхад ийм мэдээлэл чих дэлссэн юм. Гэвч хэн гэдэг албан тушаалтан, ямар хэмжээний газрыг авсан тухай мэдээлэл хараахан олдоогүй. Гэхдээ зарим эх сурвалж, Спортын төв ордны арын газар жил ирэх тусам багасч байгаа бөгөөд байшин барьж эхэлхээр зэхэж байгаа тухай мэдээллийг өгсөн юм. Иймээс бид энэ тухай бодит мэдээллийг маргаашийнхаа дугаарт хүргэх болно.

Л.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж