БНХАУ-д ял эдэлж буй иргэдээ ялтан солилцох гэрээний хүрээнд эх оронд нь шилжүүлэн авах хүсэлтээ энэ оны эхээр Монголын талаас Хятад улсад хүргүүлсэн. Энэ асуудлаар Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамдын консулын XV зөвлөлдөх уулзалтаар хэлэлцсэн байна. Уулзалтад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Хуан Пин тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
Ялтан солилцох гэрээний хүрээнд ямар ажил хийж байгаа талаар Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайванаас тодрууллаа.
-Монгол Улс БНХАУ-тай ялтан солилцох гэрээний хүрээнд Хятадад ял эдэлж буй иргэдээ эх оронд нь шилжүүлэх, зөвшилцөх хүсэлт тавьсан. Энэ ажил ямар төвшинд явж байна вэ?
-Монгол Улс, БНХАУ-ын хооронд ялтан солилцох гэрээг 2011 оны зургаадугаар сард байгуулсан. Гэрээг тус оны арваннэгдүгээр сард УИХ-аар соёрхон баталсан. Хятадын талын хувьд уг гэрээний асуудлаар хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын зөвлөлдөх 2013 оны уулзалтаар хөндөж ярилцаж ирсэн. Уг асуудал нь Хятадын Хууль зүйн яамны эрх хэмжээний асуудал учраас нэлээд хугацаа шаардаж байгаа тухай албан бус мэдээлэл ирүүлдэг. Гэрээний талаар зөвшилцөл ямар төвшинд явж байгаа талаар манай улсын Хууль зүйн яам тодорхой мэдээлэлтэй байгаа болов уу. Учир нь гэрээнд ялтныг эх оронд нь шилжүүлэн авах асуудлыг Монголын талаас Хууль зүйн яам хариуцан ажиллахаар заасан байдаг.
-Хоёр улсын ГХЯ-ны консулын XV зөвлөлдөх уулзалтаар ялтан солилцох гэрээний талаар ямар асуудал ярьсан бэ?
-Гадаад харилцааны яам хоорондын Консулын зөвлөлдөх уулзалтаар ярилцсан асуудлын талаар Хятадын тал Хууль зүйн яамнаасаа мэдээлэл авч ирүүлэхээр тохирсон.
-Гэрээний дагуу тус улсаас хэчнээн хүнийг Монголд шилжүүлэхээр ярьж байна вэ?
-Өнгөрсөн оны гуравдугаар сард Хятадад ял эдэлж байсан Монголын хоёр иргэний үлдсэн ялыг эх оронд нь эдлүүлэхээр авчирсан. Энэ онд есөн иргэнийг БНХАУ-аас шилжүүлэх саналыг Хятадын талд тавиад байна. Хятадын тал саналыг судлан үзээд Монгол улсын гурван иргэний ялыг эх оронд нь эдлүүлэх зөвшөөрөл ирүүлснийг Хууль зүйн яам болон Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлээд байна.
-Нийт хэчнээн иргэн Хятадад ял эдэлж байгаа вэ. Үлдсэн хүмүүсийг гэрээнд хамруулж эх оронд нь авчрах боломж бий юу?
-БНХАУ-д манай 50 гаруй иргэн ял эдэлж байгаа. Тэдний ихэнх нь хар тамхи, хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Үлдсэн ялыг нь эх оронд нь эдлүүлэх асуудал ялтны өөрийнх нь болон ар гэрийнх нь бичгээр гаргасан хүсэлт, ялын тодорхой хувийг эдэлсэн байх зэрэг шалгуурыг хангасан байх шаардлагатай. Төрийн захиргааны төв байгууллага иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу ажиллах ёстой. Тэдний өмнөөс хүсэлт гаргахгүй.
-Манай улсын иргэн өөр ямар оронд эрхээ хасуулан ял эдэлж байна вэ. Тухайн улсуудтай нь ялтан солилцох гэрээ хийх талаар ярьж байна уу?
-2013 оны байдлаар нийт 16 оронд Монголын 152 иргэн ял эдэлж байгаа мэдээлэл байна. Бүгд найрамдах Казакстан улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулахаар ажиллаж байна. Казахстаны тал гэрээний төслийг судалж холбогдох байгууллагуудаасаа санал авч ирүүлсэн бөгөөд гэрээний төслийг Хууль зүйн яаманд хүргүүлээд байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин