Амьдралын эцсийн зогсоол зөвхөн гэр бүл

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Амьдралын эцсийн зогсоол зөвхөн гэр бүл

Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр намар цагийн нээлтээ “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгээр хийлээ. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажилласан бөгөөд Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рей Куни, Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” жүжгээс сэдэвлэн бүтээсэн байна. Эл жүжгээр дамжуулан хүмүүсийн зүй бус үйлдэл гэр бүлийн нандин сайхан харилцааг яаж сүйтгэдэг болохыг илэрхийлж харуулсан. Мөн ямар ч хүний амьдралын эцсийн зогсоол нь гэр бүл байдаг гэдгийг ухааруулахыг зорьсон байна.  Жүжгийн гол дүрд СТА Л.Дэмидбаатар, МУГЖ Ж.Оюундарь дүрүүдэд АЖ С.Сарантуяа, Б.Отгонбат, Д.Баттөмөр болон театрын залуу уран бүтээлчид тоглосон юм. Ардын жүжигчин С.Сарантуяа энэхүү бүтээлээр дамжуулан жүжигчин хүний чадвар хэзээд мохдоггүй болохыг илэрхийлж чадсан юм. Тэрбээр зохиолч эмэгтэйн дүрийг тун чиг чадварлаг бүтээж байсан нь үзэгчдийн нижигнэсэн алга ташилтаас харж болохоор байлаа. Энэхүү жүжгийн талаарх үзэгчдийн сэтгэгдлийг хуваалцлаа.

Ю.Ариунцэцэг: Маш сайн бүтээл болсон байна

-Жүжиг үнэхээр сайхан санагдлаа. Ханатлаа инээлээ. Инээдмийн жүжиг боловч их зүйлийг ухааруулахаар маш сайн бүтээл болсон байна”

Б.Оюунцэцэг: Жүжигчид үнэхээр чадварлаг байлаа

-Жүжиг их сайхан байлаа. Ойрын хэдэн жил драмын театр инээдмийн жүжиг тавиагүй. Энэ бүтээл үнэхээр сонирхолтой сайхан жүжиг болсон байна. Мөн жүжигчдийн ур чадвар үнэхээр гайхалтай байна.

Ө.Тунгалаг: Залуучуудад их зүйлийг ухааруулах бүтээл болсон байна

-Би драмын театрын байнгын үзэгч энэ удаагийн бүтээл их таалагдлаа. Их цаг үеэ олсон бүтээл болсон байна. Жүжгийн найруулга, тавилт, жүжигчдийн чадвар үнэхээр хэлэх үггүй сайхан байлаа. Инээсээр байгаад л гарч ирлээ. Хэдий инээдмийн бүтээл боловч залуучуудад их зүйл ухааруулахаар бүтээл болсон болов уу гэж бодож байна. Их сайхан байлаа.


Н.БААСАНДЭМБЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж