Намъянжүгийн гудамжны назгайрал

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Намъянжүгийн гудамжны назгайрал

Явган хүний зам дээр баригдсан дэлгүүрүүд, авто зам дээр наймаа эрхлэгчид, хаашаа л харна нүд эрээлжиж, толгой эргүүлэм эрээн мяраан хаяг реклам, зам дагуу шамбааралдсан Солонгос эзэнтэй, Солонгос дэлгүүрүүд, замын түгжрэл, хүний бөөгнөрөл…

Энэ бол 13 дугаар хороолол буюу Намъянжүгийн гудамжны зураглал. УИХ-ын дэд дарга М.Энхболд   1998 онд хотын дарга байхдаа БНСУ-ын Намъянжү хотын удирдлагуудтай найрамдлын харилцаа тогтоож, 13 дугаар хороолол уруудах гудамжийг "Намъянжүгийн гудамж" болгон нэрийдэж, солонгосчууд чамгүй хөрөнгө гарган, энэ хэсгийн гудамжийг тохижуулсан гэдэг. Гэтэл одоо Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг томоохон эмнэлгүүд зам дагуу байрладаг эл гудамж үнэндээ дэндүү эмх замбараагүй болж, хар захын гудамж болжээ.

“Сандэй”, “Баянзүрх”, “Номин” худалдааны төв, “Хос” гутлын зах, “Шөнийн зах”, хямд барааны павильонууд, электрон бараа болон солонгос барааны дэлгүүрүүд гээд 13-р хорооллын замын хоёр талаар хөл тавих зайгүй худалдааны төвүүд багширч байна. Үүнийгээ дагаад гэмт хэрэг, осол, гал түймэр, архидалт, хууль бус наймаа гээд энэ гудамжинд эмх замбараагүй бүхэн бий болсныг эргэн тойрны оршин суугчид ярьж байна.

“Сандэй” худалдааны төвийн үүдэнд явган хүний зам дээр буюу автомашины зорчих хэсэгт тулган наймаа эрхэлж байгаа 20 орчим лангуу иргэд, жолоочдод саад болж, төвөг удаад хоёр жилийн нүүр үзэж байна. Явган зорчигчдод алхах газар үлдээгээгүй наймаачдыг Баянзүрх дүүргийн газрын алба, нийслэлийн Захирагчийн ажлын алба, цагдаагийн байгууллага гээд хэн ч захиргаадаж дийлдэггүй гэнэ.

Ямар учраас явган хүний зам дээр зогсч, хууль зөрчин наймаа эрхэлж буйг “Сандэй” худалдааны төвийн үүдэнд наймаа эрхлэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн гишүүн Н.Чулуунбаатараас тодруулахад “Бид энэ зам дээр л зогсч наймаа хийхгүй бол амьдралаа залгуулах ямар ч боломжгүй болоод байгаа юм. Хоёр жилийн өмнө бид яг энэ газраа буюу явган хүний замаас холхон худалдаагаа явуулдаг байсан. Гэтэл “Улаанбаатар” дээд сургуулийн удирдлагууд буюу солонгосчууд хууль бусаар энэ газрыг эзэмшиж аваад хашаа татчихсан. Бидэнд өөр газар үлдээгүй тул явган зорчигчийн зам дээр бараагаа зарж байна. Энэ хэсэг чинь тэр чигтээ Солонгосчуудын эзэмшил газар болсон шүү дээ. Бидний амьдралаа залгуулж байсан энэ хэсгийг ч гэсэн Солонгосчууд сургууль, сүм, орон сууц, цэцэрлэг бариад монгол хүнд алхах ч газар үлдээхгүй нь бололтой. Зам дээр бараагаа зарж байгаа биднийг цагдаа нар хөөхөөс биш замын цаана явган хүний зам дээр баригдсан солонгосчуудын дэлгүүрийн эздийг яадаг ч үгүй. Энэ чинь шударга ёс биш шүү дээ. Бид энэ газраас хэзээ ч явахгүй” гэлээ.

Наймаачдын хэлж байгаагаар тун удахгүй ашиглалтад орох “Улаанбаатар” дээд сургуулийн энэхүү салбар нь БНСУ-ын шашны сургууль болж байгаа гэх. Мөн сургуулийн газарт ямар ч зөвшөөрөлгүй хашаа татаж, сургууль барьсан. Замын эсрэг талд байрлах Намъяанжүгийн соёлын төвд үе үехэн үй түмэн солонгосчууд цуглан, хурал хийж, заримдаа хөлчүү гарцгааж яваа харагддаг” гэцгээж байлаа.

Энэ талаар “Улаанбаатар” дээд сургуулийн аж ахуйн албаны ажилтнаас тодруулахад, “Бид зохих хуулийнх нь дагуу зөвшөөрлийг нь авч, энэ газрыг авсан . Худалдаачдын зогсч байсан газар нь нэгэнт олон нийтийн эзэмшлийн зам талбай учир бид энэ хэсгийг ногоон байгууламж болгон зассан. Тун удахгүй барилга ашиглалтад орно. Тэр үед худалдаачид манай сургуулийн өмнөх талбайд худалдаа хийнэ гэж муйхарлах вий гэхээс л эмээж байна” гэв.

Зам дээр наймаа хийж, зорчигчдод саад болж байгаа гэх худалдаачдын лангууны яг эсрэг талд /ФМ 107.5-тай байрны өмнө/ замаас метр хүрэхгүй зайд буюу явган хүний зам дээр баригдсан хоёр ч том дэлгүүр павильонууд энд байгаа юм. Гаднах хаягнаас нь харахад л Солонгос эзэнтэй, солонгосчуудын эзэмшил болох нь илт байв. Солонгос гэр ахуй, барааны дэлгүүрийн худалдагчдаас ямар учраас зам дээр шахуу дэлгүүр барьж, наймаа хийж байгааг тодруулахад “Манай захирлаас асуу. Биднийг ямар ч асуултад хариулж болохгүй гэдэг юм” гэлээ /захирал нь Солонгос хүн байдаг гэнэ/.

Худалдааны төвүүдийн ихэнх нь автомашины зогсоолыг шийдэж өгөөгүй, ганц нэгхэн зогсоол нь төлбөртэй, мөнгөө төлөөд автомашинаа байрлуулъя гэсэн ч үнэндээ зогсоол олдохгүй. “Сандэй” худалдааны төвийн үүдэнд, автомашины зогсоол дээр бараа зарж байгаа иргэд “Биднийг “Сандэй” худалдааны төвийн хамгаалагчид, цагдаа нар байнга хөөж, тууж, заримдаа зодож, цохидог. Хэдий цохиулсан ч гэсэн өөр зогсч бараагаа зарах газар байхгүй юм чинь хэдий хөөгдсөн ч бид хэд гурван төгрөг өгөөд аргацаагаад байгаа. Автомашины зогсоолыг хаах нь бидэнд ямар ч хамаагүй” гэцгээж тоосон ч шинжгүй байлаа.

Явган хүний зам дээр наймаа эрхэлж байгаа түрээслэгчид, барилга барьсан иргэдийг Баянзүрх дүүргийн ЗДТГ, дүүргийн Газрын алба, НЗДТГ-аас хэд хэдэн удаа ирж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг анхааруулж, хүсч, бүр албадсан ч дийлэээгүй гэнэ. Энэ эмх замбараагүй гудамжийг цэгцлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтоос тодрууллаа.

-Сандэй худалдааны төвийн ойролцоо наймаа эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юу?

-Тэр хавьд худалдаа наймаа эрхэлж байгаа бүх иргэд ямар ч зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа юм. Бид өнгөрсөн долдугаар сард арга хэмжээ авахаар өргөн бүрэлдэхүүнтэйгээр очиж, уулзсан. Гэтэл сүүлдээ эмх замбараагүй байдал үүсч манайхаас хүн бэртэж, автомашиныг эвдэлсэн. Зарим наймаачдыг хэдэн хоног саатуулсан. Наймаачид үнэхээр яагаад ч тэр газрыг чөлөөлж өгөхгүй байгаа юм.

-Ямар ч арга хэмжээ авч дийлэхгүй болсон гэсэн үг үү?

-Тийм. Цагдаагийн байгууллагатай хамтраад ч явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа иргэдэд хариуцлага тооцож, замыг чөлөөлж чадахааргүй болсон.

-Явган хүний зам дээр дэлгүүр барьсан асуудлын тухайд?

-ФМ 107.5-ийн байрны урдах талбайд буюу явган зорчигчийн зам дээр баригдсан дэлгүүрүүд мөн адил ямар ч зөвшөөрөлгүй. Дэлгүүрийн эздийг дуудсан ч нэг ч удаа ирж уулзаж байгаагүй. Эдгээр хүмүүс нэг ч татвар төлж байгаагүй.

-Нийтийн эзэмшлийн талбайд хууль зөрчин барилга барьсан юм чинь албадан чөлөөлж болохгүй гэж үү?

-Газар нь нийтийн эзэмшлийн байсан хэдий ч баригдсан барилга нь хүний хувийн өмч юм. Хувийн өмчид шууд халдаж болохгүй шүү дээ.

-“Сандэй” худалдааны төвийн хажууд баригдсан “Улаанбаатар” сургуулийн өргөтгөлийн барилгын газар эзэмших зөвшөөрөлтэй юу?

-Зөвшөөрөлтэй. Газрын хэмжээ, зориулалтыг өөрчлөөгүй хууль ёсны дагуу баригдсан барилга юм.

-Цаашид Намянжугийн гудамжны эмх замбараагүй байдлыг хэрхэн цэгцлэх вэ?

-Нийслэлийн ЗДТГ-аас гадна хаяг рекламны журам, стандартыг батлах гэж байгаа. Тэр журам батлагдмагц замбараагүй хаяг, реклам байрлуулсан дэлгүүр, худалдааны төвүүдэд хяналт тавьж, эмх цэгцэнд оруулна. Харин нийтийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгжүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг сайн хэлж мэдэхгүй байна гэсэн юм.

Д.ЖАРГАЛ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж