Ж.Сауле: Манай намд лидерээс их юм алга

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Ж.Сауле: Манай намд лидерээс их юм алга

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Саулетэй цаг үеийн суудлын талаар ярилцлаа.

-Та өмнөх Засгийн газарт газар тариалан, мал аж ахуй хариуцсан дэд сайдаар ажиллаж байсан. Өнөөдөр буудайн урамшууллыг 400-450 төгрөг болгоно гээд байгаа нь хэр зэрэг үндэслэлтэй вэ?

-Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлсэн гол ажлын нэг нь “Атрын III” аян. Сүүлийн 15 жил уналтад орсон газар тариалан сэргэж тариаланчдын магнай тэнийсэн он жилүүд байсан. Тухайн үед ээг тонн улаан буудайд 350 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэрийг гаргаж байсан. Мөн үр тарианы агуулахыг 50 мянган тонн, төмс хүнсний ногооны зоорийн багтаамжийг 25 мянган тонноор нэмэгдүүлсэн. Хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машин, тракторын 80 хувийг, комбайны 65 хувийг шинэчилсэн. Энэ нь өнөөдөр бодит үр дүнгээ өгч байгаа учраас эх орныхоо хөрсөнд ургуулсан улаан буудайгаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж, экспортлох хэмжээнд хүрсэн. Төмс 100 хувь, хүнсний ногоог 60 хувь дотоодоосоо л хангаж байна. Миний бодлоор тариаланчдын тавьж байгаа шаардлага зөв. Учир нь, энэ жил шатахуун, цахилгаан, усны үнэ нэлээд нэмэгдсэн учраас буудайн үнийг 400-450 мянгаар нэмэгдүүлэх нь үндэслэлтэй.

-Тэгвэл гурил үйлдвэрлэгчид улаан буудайн  үнэ ингэж нэмэгдвэл нэг килограмм гурилын үнэ 800 төгрөг болно гэсэн?

-Ер нь шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийн бодлого нь ихээхэн учир дутагдалтай байна. Чингис бондоос 172 сая ам.долларыг хөдөө аж ахуйн салбарт зарцуулсан гэх ч газар тариалангийн салбарт хуваарилсан юм харагдахгүй байна. Үнэ тогтворжуулах зорилгоор 720 тэрбум төгрөг гаргасны 49 тэрбумыг  гурилын үнэ тогтворжуулахад зарцуулсан. Түүнээс хойш гурилын үнэ буух нь бүү хэл эсрэгээрээ 31.5 хувиар өссөн. Энэ жил ОХУ-аас 2011 онтой адилхан 60 сая тонн буудай хураах урьдчилсан баланс гаргажээ. Энэ бол манайд хямд буудай, гурил оросоос орж ирэх магадал өндөр гэсэн үг. Үүнийг бодлогын яам тооцоолох хэрэгтэй байсан. Тариаланчдын буруу юу байхав, зөв шаардлага тавьж байна. Үнэ тогтворжуулна гэж гаргаж байгаа бондын мөнгө эзэндээ очив уу эсвэл хэн нэг эрх мэдэлтний компаний дансанд байна уу. Хэрэв үнэхээр эзэндээ очиж байвал гурилын үнэ тогтворжих ёстой байсан. Харамсалтай нь, улам өссөөр байгаа болохоор одоо олон нийт хардаж байна.

-Улаан буудай үнэ хэд байвал гурилын үнийг тогтвортой барих боломжтой вэ?

-Гурил үйлдвэрлэгчид улаан буудайн тонн нь 310-320 мянган төгрөг байвал гурилын үнийг 600 төгрөгт  барьж болно гэж ярьдаг. Улаан буудайн урамшууллыг ингэж доош нь оруулвал тариаланчдад ашиггүй, хохиролтой. Иймээс Засгийн газар  тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн талаар ямар бодлого барьж байгааг ойлгоход бэрх. Нөгөө талаар төрийн залгамж халаа алдагдсны нэг сөрөг үр дагаврын илрэл л дээ. Өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар, газар тариалангийн талаар ”Атрын III” аян үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд зөвхөн тариаланчдаас гадна ногоочид, комбайнчид гээд ачааны хүндийг үүрч яваа хүмүүсийн талаар тодорхой бодлого боловсруулах ёстой. Өмнөх Засгийн газар бол 2013 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан юм. Уг нь бүгдийг шинэчлэнэ гэж цээжээ дэлдэхгүйгээр энэ ажлыг зөв залруулж авч явсан бол… Буудай үнэ 400-450 мянган төгрөг болвол нэг кг гурилын үнэ 800 төгрөг болох нь тодорхой. Гол бүтээгдэхүүн болох улаан буудайн үнэ нэмэгдсэн юм чинь гурилын үнэ нэмэгдэж л таарна. Тэр цагт жирийн  иргэд л хохирч байна. Гэтэл дарга, сайд нар эдийн засаг сайн, бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй гэж улайм цайм худал ярих юм. Бүтэн жил өнгөрч байхад цалин тэтгэвэр, тэтгэмж огт нэмэгдээгүй, бахь байдгаараа. Ард түмэнд юу ч наалдангүй байна. Харин манай намын М.Энхболд Ерөнхий сайд байхад найман сарын дотор тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн, юмны үнэ тогтворжсон байсан.

-Танай намын бүлэг Засгийн газрийг шүүмжилж байна. Таны хувьд?

-Засгийн газрын ажлыг манай намын бүлэг байтугай АН- ын эрүүл сэтгэдэг улс төрчид өөрсдөө шүүмжилж байгаа юм биш үү. Сүүлийн үед судлаач мэргэжилтнүүд ихээхэн шүүмжилж, засч залруулах ёстойг ярьж, бичиж байна. Жирийн иргэд ч сэтгэл дундуур байгааг илэн далангүй хэлж, санал бодлоо сайтуудад бичих болжээ. Миний хувьд энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагад нэг биш удаа хэлсэн. Ер нь эдийн засгийн бодлого буруу байна, төрийн алба төрлийн алба боллоо, гадаад бодлогод их алдаа гаргаад байна уу даа.

-Хоёр том нам хоёулаа шинэчлэл яриад эхэллээ. Ардчилсан нам  жигүүр ургуулж эхэлснийг та ямар өнцгөөс харж байна?

-Монголд улс төрийн өрсөлдөөн МАН, АН-ын дунд явагдаж ирсэн. Цаашдаа ч явах болно. Тиймээс энэ хоёр намд шинэчлэл хэрэгтэй. Би харахаар бол АН-ын улс төрийн бодлогод эрүүл ухаанаар хандаж, зөв сэтгэдэг улсууд нь жигүүр ургуулжээ. МАН-ыг бодвол АН дотоод ардчилалгүй юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Хэдэн даргын үг, үзэл бодлоор л төрийн болон улс төрийн ажил өрнөж байна. Энэ нь алхам тутамд алдаа болон хувирч байгаа нь нууц биш ээ. Ийм алдааг олж харсан шударга улс төрчид намдаа жигүүр ургуулсахн болов уу. Улс оронд маань МАН, АН гэж талцахаас гадна хийх ажил дэндүү их байна. Ард түмний аж амьдрал улам муудаж, эдийн засаг өдрөөс өдөрт доройтож байна. Ийм тулгамдсан асуудлуудыг л шийдвэрлэхийн оронд эрх баригчид сөрөг хүчнээ намнах бодлого барьж байгаа нь харамсалтай. Энэ бол эрүүл улс төр биш ээ.

-Жигүүр байгуулахад танай нутгийн А.Мурат гол үүрэг гүйцэтгэж байгаа юм билээ?

-Сонин хэвлэлээс үзлээ. Нутаг усны хүмүүс биесээ танина аа. Тааралдвал мэндтэй л явдаг. Манай нутгийн элит гэр бүлээс гаралтай боловсролтой, чадварлаг хүн. Эрх баригчдын алдааг зөв харж, зоригтой шүүмжилж байгааг нь дэмжиж байна. Аливаа юманд хэмжээ хязгаар бий. АН-ынхны дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж нь хэрээс хэтэрсэн тул жигүүр ургуулахаас өөр яахав.

-Удахгүй танай намын Их хурал бодно. Эндээс та ямар үр дүн хүлээж байна вэ. МАН лидергүй болчихжээ гэж л их яригдах юм даа?

-Их хурал аравдугаар сарын 27-нд болно. Намын дүрэм, бүтцийн өөрчлөлт, намын даргаа солихоос эхлээд чамгүй олон асуудал яригдана. МАН-ыг лидергүй боллоо гэдэг үгийг би хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй. Харин ч монголын ард түмэнд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн лидерээс их юм энэ намд алга. Хэвлэлээр намын даргад, генсект нэр нь дуулдаж байгаа бүх хүмүүс манай намын хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд. Одоо байгаа хоёр дарга ч манай намын хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд. Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар хамгийн хүнд хэцүү үед энэ намыг удирдаж байна. Шинээр сонгогдох дарга олонд танигдсан, намынхаа эв нэгдлийг хангаад аваад явчихдаг, улс төрийн болон намын ажлын туршлагатай, бас сөрөг хүчинтэй ойлголцож чаддаг хүн байгаасай гэж боддог.

-Танай намын зарим нөлөө бүхий улс төрчдийг хэвлэлээр янз бүрээр бичиж байна.  Удирдах зөвлөлийн гишүүний хувьд яаж хүлээж авч байна?

-Тиймээ, сүүлийн үед С.Баяр, М.Энхболд нар руу дайрч давшлах нь нэмэгдэх хандлагатай байна. Энэ хоёрыг яаж муулаад гоочлоод нэмэргүй гэдгийг хэлмээр байна. Монголын төрд хийсэн юмтай, үлдээсэн тод мөртэй улс төрчид. Улс төрд өндөрлөг авах тусам дайсан ихэсдэг нь энгийн үзэгдэл тул үүнд нэг их сүржигнэх шаардлагагүй. Улс төрийн тавцанд ашиг хонжоо хайгч зарим улс төрч манай намын лидерүүдийг хооронд нь хагардуулах зорилгор зориуд захиалгаар бичүүлж байгааг ч үгүйсгэхгүй. Харин тэр улстөрчид юунаас, яагаад айгаад ийм худал юм бичүүлээд байгаа нь анхаарал татах асуудал мөн. Их хурал дөхөх тусам гүтгэлгэ гүжирдлэг улам нэмэгдэх байлгүй дээ. Гэхдээ аливаад учрыг мэддэг, эрүүлээр сэтэж чаддаг болсон манай ухаантай ард түмэн зөв ойлгоно биз ээ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж